Манай улс Ливаны нутгаас ирэх пуужингийн цохилтыг “хүлцэхгүй” гэж Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт ням гаригт анхааруулжээ.
Ливаны “Хезболлах” бүлэглэл Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харваснаас нэг хоногийн дараа Н.Беннетт ийнхүү мэдэгдсэн байна.Тэрбээр Засгийн газрын долоо хоног тутмын хуралдааны эхэнд, “Ливаны Засгийн газар, цэргийнхэн улс орондоо болж буй хэрэг явдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж хэлжээ.
Израилийн хойд нутаг руу баасан гаригт “Хезболлах” бүлэглэл 19 орчим пуужин харважээ. Үүний улмаас хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна. Израилийн армийн мэдээлснээр, пуужингуудын дийлэнхийг агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан бөгөөд үлдсэн нь Ливан-Израилийн хилийн ойролцоох тал газарт унажээ. Харин “Хезболлах” бүлэглэлийн мэдэгдсэнээр, Ливаны өмнөд нутагт хэд хоногийн өмнө өгсөн Израилийн агаарын цохилтын хариуд пуужин харважээ. Харин Ливанаас гурван пуужин харвасны хариуд лхагва гаригт Израилиас өгсөн агаарын цохилтын улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Израилийн талын мэдээлснээр, пуужингуудыг Палестины бүлэглэл харвасан юм байна.
Эх сурвалж: The Jerusalem Post
Г.Амарсанаа