Categories
мэдээ спорт

Лионель Месси: Би шигшээ багтаа үлдэнэ DNN.mn

Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай шигшээ тоглолтын нэгийг дэлхий нийт үзэж сонирхов. Мөн Лионель Месси аваагүй байсан ганц цомоо хүртэж Марадона, Пелетэй эн зэрэгцэв. Катарын Лусаил цэнгэлдэхэд гал гарч, аянга буусан тоглолтыг цэнхэр гаригийн 5.5 тэрбум хүн үзжээ.

Аргентины шигшээ багийн довтлогч, ахлагч Лионель Месси ДАШТ-д түрүүлснийхээ дараа сэтгэл хөдлөлөө хуваалцаж, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тоглохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Харин Месси өөрөө тоглолтын дараа “Зүгээр л итгэмээргүй. Бурхан надад энэ цомыг өгнө гэдгийг би мэдэж байсан. Энэ бол бидний хувьд гайхалтай баяр баясал. Үүнийг би удаан хугацаанд мөрөөдөж ирлээ. Замналаа дэлхийн аваргаар өндөрлүүлэхийг хүсч байлаа. Үүнээс илүүг би хүсэхгүй ээ. Одоо яах вэ гэж үү? Би Копа Америка болон дэлхийн аваргад түрүүллээ. Би хөлбөмбөгт хайртай. Шигшээ багтаа тоглох дуртай. Тиймээс дэлхийн аваргын хувиар дахиад хэдэн тоглолтод оролцохыг хүсч байна. Мэдээж би карьераа энэ тоглолтоор дуусгахыг хүссэн, үүнээс өөр зүйлийг би бурханаас гуйж чадахгүй. Тэр надад бүх зүйлийг өгсөн. Бурхандаа баярлалаа. Карьераа ингэж дуусгах нь үнэхээр гайхалтай. Гэсэн ч би шигшээ багтаа тоглох дуртай, дэлхийн аварга болсон тул дахин хэд хэдэн тоглолтод оролцохыг хүсч байна” гэж “TyСsports”-д мэдээлсэн байна.

Тоглолтын дараа хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчдын нэг алдарт Питр Друри өчигдрийн тоглолтын дараа “Месси эцсийн оргилоо эзэллээ. Лионель Месси диваажинтай гар барилаа. Месси энэ сайхан тоглоомыг бусдаас илүү чимдэг. Тэр энэ тоглоомоос хүртэж болох хамгийн том чимгээ хүртлээ. Мессид энэ мөч тун их утга учиртай. Түүний мөрөөдөл биелж, дундуураа дүүргэлээ. Тэр үүнийг хийлээ” гэжээ. Харин Аргентины дасгалжуулагч Лионель Сколани “Үнэхээр бахархаж байна. Өнөөдөр би эрх чөлөөг мэдэрч байна. Баг минь надад баяр бахдал авчирлаа. Тэд энэ бүхнийг өөрсдөө бүтээлээ” гэсэн бол тоглолтын гол баатруудын нэг хаалгач Эмилиано Мартинез “Бид тоглолтыг удирдаж чадаж байсан ч өөрсдийгөө хүнд байдалд оруулчихсан. Франц бараг л хожлын гоол оруулах дөхлөө. Гэхдээ бурхандаа баярлалаа, бид энд зогсож байна. Дэлхийн аварга бол миний мөрөөдөл. Одоо мэдэрч байгаа бүхнээ юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэсэн бол багийн хагас хамгаалагч Родриго де Паул “Бид шударга ялагчид болсон. Аварга болохын тулд аваргыг ялах ёстой. Бид чадлаа. Энэ баяр баяслыг үгээр илэрхийлэх боломжгүй” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Лионель Месси шалгарч, алтан бөмбөг хүртсэн. Харин Мбаппе мэргэн буучаар тодорсон бол Эмилиано Мартинез алтан бээлий, Энцо Фернандез шилдэг шинэ залуу тоглогч болсон юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *