Categories
мэдээ улс-төр

Либертари нам Дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгчээ DNN.mn

Иргэн Д.Амартүвшин, эдийн засагч, судлаач Н.Хасар тэргүүтэй залуус өнгөрсөн зургадугаар сард баруун жигүүрийн “палео-либертари” үзэл баримтлал бүхий Либертари нам байгуулах болсноо мэдэгдсэн.

Улмаар Улс төрийн намын тухай хуулийн дагуу улс төрийн нам байгуулахыг дэмжих 801 хүний гарын үсгийг цуглуулж, өнгөрсөн долоо хоногт анхдугаар чуулганаа хийн Либертари нам байгуулсан тухай шийдвэрийг баталж, намын удирдлах болон хяналтын байгууллагыг сонгож, намын мөрийн хөтөлбөр, дүрмээ баталсан.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу нам тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргах ёстой.

Тэгвэл Улсын дээд шүүхэд 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Либертари нам байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл хүргүүлсэн байна.

Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шинээр байгуулсан намын дүрэм, холбогдох бусад материалыг шалгаж, тухайн намыг улсын бүртгэлд бүртгэх гэрчилгээ олгох хуультай. Дээд шүүх намын дүрэм Үндсэн хуульд харшилсан, 801 доошгүй гишүүнтэй байх хуулийн босгод хүрээгүй, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн нам байх тохиолдолд бүртгэхээс татгалзах эрхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *