Categories
мэдээ нийгэм

Ли Кан Жин: Монгол Улс өөрийнхөө нутагт тохирох технологийг шинээр гаргаж авах шаардлагатай

Солонгосын хөдөөгийн хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйн их сургууль, Залуу интерпионеруудын зөвлөлөөс нэгдэн дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэн, хөдөө аж ахуйн салбарыг технологижсон,ухаалаг технологийг ашиглах чиг хандлага дэлхий нийтээр тавигдаж байна. Үүнтэй холбоотой БНСУ-тай хамтран газар тариалан мал аж ахуйн салбарт ухаалаг технологийн загвар боловсруулан хөгжил буурай орнуудад шинэ технологио нэвтрүүлэх боломжийг судлан хуралдлаа. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн олон улсын экспортонд гарах ийм боломжийг бий болгох зорилготой. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрэхэд бэлэн болсон судалгаануудыг үндэслэсэн технологиудыг танилцуулаад санхүүжилтийг Солонгосын хөдөө аж ахуйн салбар гаргах юм. Энэ үеэр БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөөгийн хөгжлийн удирдах газар, Таримал ургамал судлалын хүрээлэнгийн захирал Ли Кан Жинтай ярилцлаа.


-Солонгос Монгол хоёр орны газар тариалан эрхлэлтийн онцгой зүйлүүд вэ. Бие биеэсээ давуу болон сул тал байдаг байх?

-Газар тариалан эрхлэхийн тулд усны хэрэгцээ их байдаг. Монгол Улсын хувьд Солонгостой харьцуулахад ус багатай. Монгол газар тариалан эрхлэж ирсэн маш олон зуун жилийн түүхтэй улс. Түүхэн явцдаа маш их туршлага хуримтлуулсан байгаа. Тэр туршлага дээрээ тулгуурлан ерөнхийдөө ил талбайн тариалалт гэхээсээ хүлэмжийн буюу дотор тариалалт нь ургацын хэмжээ ч их, хүний хөдөлмөр хэмнэж болохыг мэдэрч, хэрэгжүүлэн ирлээ. Монголын хөдөө аж ахуйн эрхлэлт тал дээр улирлын хувьд ихээхэн ялгаатай. Өвлийн огцом хүйтэрсэн хоёр сардаа хүмүүс нь ч гадаа байгаад байдаггүй гэж би сонссон. Флатпорм нь ил талбайд биш гадаах уур амьсгалаас хамаарахгүйгээр аливаа тариа ногоог тариалах хугацааны хувьд уртасгаж байгаа юм. Солонгосын хувьд эсрэгээрээ зундаа маш халуун байх болсон. Сүүлийн жилүүдэд зундаа тариалалт хийж чадахгүйд хүрээд байгаа. Аливаа улс орон бүрт байгалиас хамааралтай ямар нэгэн хүчин зүйлээс улбаалан газар тариалан эрхлэх хугацаа богиносох асуудал үүсдэг. Энэ тал дээр манай хүрээлэнгүүд цаг уурын ямар ч нөхцөлд тариалахаар зорьсон ургацаа хурааж авахын тулд богино хугацаанд сайн нөхцөлийг яаж бүрдүүлэх үү гэдэг талаас нь судалж, хөгжүүлж ирсэн. Үүнийг смартфарм гээд байгаа юм. Судлаач хүний хувьд смартфарм Солонгос улсад илүү хөгжчихсөн гэдэг үүднээс Монгол Улс манай талаас тодорхой хэмжээний дэмжлэг аваад өөрийнхөө нутагт тохирох технологийг шинээр гаргаж авах шаардлагатай гэж бодож байна.

-Эргээд Монгол Улсаас туршлага судлах ололт амжилттай давуу талууд манайд бий болов уу?

-Монгол Улсын хувьд газар нутгийн хэмжээ уудам арвин. Солонгос дэргэд нь жижиг нутаг дэвсгэртэй. Гэхдээ манай улс хүлэмжийн аж ахуй эрхлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байгаа. Цаашдын хөгжин дэвших боломж хангалттай бий гэж харж байна.

-Солонгост нэвтрүүлсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юу байна?

-Сүүлийн үед газар тариаланд дроныг ихээр ашиглах болсон. Дроноор үр тарих, шаардлагатай тохиолдолд бордоо өгөх зэргээр ашиглаж байна.

ХООСОН БАЙГАА ХӨРСИЙГ УРГАМЛААР ХУЧИХ НЬ ЧУХАЛ

Хөдөө аж ахуй эдийн засаг инновацийн төвийн мэргэжилтэн Б.Ундрах-Од

-Сүүлийн үед төвлөрөлт эхэлсэнтэй холбоотойгоор хөрс их муудаж байна гэж хүмүүс ярьж байна. Монгол орны хөрс ямар байна вэ? энэ тал дээр таны хийсэн судалгааны үр дүн яаж гарсан бэ?

Хүн болгон л хөрс доройтсон, хөрсний үржил шим муудсан гээд яриад байгаа. Миний хувьд 2017 онд Гацуурт компанид хөрс судлаач зөвлөх хийж байхдаа Дарханаас цаашаа хил хүртэлх газар тариалан эрхэлж байгаа газруудын хөрсийг судалж үзсэн. Зулзага, Ерөө зэрэг газарт хөрсний үржил шим нэлээн муудчихсан. Тэгээд хөрсний үржил шим муудсан гээд ярихаар манай технологитой холбоотой. Мөн цомхотгосон технологийг нэвтрүүлснээс хойш зөвхөн өнгөнд хагалдаггүй, хавхалдаггүй болсон тэр 20-30 см нь органик бодис бүрэлдэж байгаа ийм үзэгдэл хөрсөнд байсан. Ер нь эрүүл хүнс хэрэглье гэвэл хөрсний органик бодисоо ихэсгэх нь хамгийн чухал.

-Яаж ихэсгэнэ гэсэн үг вэ?

-Нэгдүгээрт, үнэгүй хог хаягдал бууц зэрэг зүйлээр бордоо хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хучлага тариалан, хагалахгүй технологийг зөв зохистой хөрснийх нь онлогт тохируулж хийх ёстой. Дараа нь агаарт байдаг үнэгүй азотыг буурцагт ургамлаар шингээж авч хөрсөнд нь авчирч хөрсний азотыг ихэсгэх хэрэгтэй. Ургамал ургахад хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь ус шүү дээ. Тэгэхээр хөрсний чийгийг өнөөдөр хэмжихээсээ илүүгээр хөрс болгон нь өөр өөр учраас хээрийн чиг багтаамж нь дүүрсэн чийгтэй үед ургамал үндсээрээ ус чийг авч чадна. Тэгэхгүй ус чийгийнхээ хүрэлцээг бодохгүй байж дээр нь маш их бордоог хийж өгсөн чбордоог авахгүй. Ялангуяа усалгаатай газар тариалан эрхэлж байгаа гол мөрний эргээр эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа энэ компаниуд усалгааныхаа норм хугацааг хөрснийхөө онцлогт тохируулж хиймээр байна. Ер нь гол руу нитрат урсгачих вий гээд хүн эхлээд байгалиа гэж бодно. Хаашаа ч шим тэжээлийн бодисоо алдахгүй яг нарийвчлалтай ухаалаг явбал эдийн засгийн ашиг нь өсөөд ирнэ.

-Шим тэжээлээ алдсан, чанаргүй болсон хөрсийг буцаагаад сэргээх арга байдаг уу?

-Ер нь бид нар механик бүрэлдэхүүн гэдэг энэ үзүүлэлтээр эрдсийг өөрчилж чадахгүй. Харин хөрсний органик бодисын хэмжээг нь эхэсгэе гэвэл хичнээн их хог хаягдал хаягдаж байна. Энийгээ сайхан ашиглаад эргээд бордоо болгоод хийж байх ёстой. Газрыг ургамалан бүрхэвчгүй хоосон байлгаж болохгүй. Манайх шиг салхи ихтэй оронд салхины элэгдэлд хийсээд явдаг. Намар хураахгүй ч гэсэн жоохон үр тариад нөгөөдөх маань агаарын үнэгүй нүүрстөрөгчийг аваад фотосинтезийн процессоор эргээд органик бодис болоод хөрс рүүгээ орно. Хөрсний органик бодис ихэсхээр хөрсний бичил биетнүүд тэр тэнцвэрт байдал нь сайхан болдог. Бичил биетнүүд гэдэг чинь бид нарын бас хайрлаж байх амьд организм байна гэсэн ойлголттой болж байгаа.

-Манай орон газар нутгийн байршлын хувьд онцлог. Хангай говийн хөрсний байдал хэр ялгаатай вэ?

Хангайд бол уул руугаацэвдэгтэй хөрс их байна. Ялзмаг үүсэх нөхцөл бас байна. Харин говь руугаа бол манайх эрдсийн найрлагаар их баялаг. Хоёрдогч эрдэс үүсэх тэр нөхцөл нь бол халуун дулаан газар руугаа нэлээн байдаг. Говийнхоо хөрсийг сайжруулъя гэвэл говьд нь ургадаг ургамлуудийг түлхүү тарих хэрэгтэй. Ер нь хоосон байгаа хөрсийг ургамлаар хучих нь чухал.

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИОС ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ РУУ ДЭВШИХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй био технологийн сургуулийн захирал О.Баатарцогт

-Цаашид Монголын хөдөө аж ахуйн салбарт шинээр нэвтрэх шинэ технологиудыг ярьж байна. Манай улсад шинээр нэвтэрсэн технологиудын хувьд ямар түвшинд явж байгаа вэ?

-Ер нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг бол зөвхөн Монгол орон ч биш Солонгос ч биш дэлхий нийтээрээ хөдөө аж ахуйн салбарт гарах хувьсгалын ирээдүйн хэтийн чиг хандлагыг яриад байгаа. Тэгэхээр өнөөдөр танилцууулагдаж байгаа илтгэлийн хувьд жишээ нь газар тариалангийн технологит бид нар хүнд техник тоног төхөөрөмжийг ашигласнаараа зардал өндөр байдаг. зардалыг нь багасгах, гарах үр дүнг нь ихэсгэхийн тулд дрон ашиглаад газар тариалангийн салбарт хортон шавьжнаас хамгаалах зүйлүүдийг дрон ашиглаад хийх юм бол таваас долоо дахин бага зардал гарна. Цаг хугацааны хувьд ийм боломжтой технологиуд танилцуулагдаж байна. Дээр нь эрчимжсэн мал аж ахуйн салбар дээр смарт буюу ухаалаг технологийг ашигласнаараа тэжээлийн үргүй зардал, өвчнөөсхамгаалах, орчны аюулгүй байдал гээд олон зүйлийг хүний оролцоогүйгээр компютер дээр хянах ийм боломжууд яригдаж байна. Тэгэхээр Монголын талаас уламжлалт мал аж ахуйн технологиос эрчимжсэн мал аж ахуй руу дэвшихийн тулд Солонгост байгаа ямар давуу талууд байна вэ гэдгийг санал солилцох чиглэлээр явж байна.

-Манайх улирлынхаа онцлогоос шалтгаалаад жилдээ нэг удаа ургац хурааж авдаг. Тэгэхээр ер нь хүлэмжийн газар тариаланг эрхлэх боломж хэр байгаа вэ? тэр талыг хөгжүүлэх ямар бодлого чиглэл баримтлаж байна вэ?

-Солонгос улсын хувьд өнөөдөр газар тариалангин салбарт ухаалаг технологийг яаж ашиглаж байна гэдэг илтгэлдээ газар тариалангийн чиглэлийг гадаа талбайд, хүлэмжинд, жилийн дөрвөн улиралд ашиглах дулааны хүлэмж гээд гурван түвшинд хувааж авч үзэж байна. Тэгэхээр энэ технологиуд бол бүгд IT гийн салбарын технологиудтай холбоод дээр нь ухаалаг болгох асуудлыг шийдсэнээрээ услалтын ажил, бордооны нэмэлтийн асуудлуудыг өргөн зардал гаргахгүйгээр яг тохирсон тун хэмжээгээр хийснээр илүү аюулгүй хүнсний түүхий эд гаргах гэсэн ийм сэдвүүд яригдаж байна.

С.ОТГОНБАЯР

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *