“Лэнд МН” компани нь хувьцааныхаа 25 хувийн нэгж бүрийг нь 25 төгрөгөөр арилжаалж, зах зээлээс 5 тэрбум төгрөг босгохоор өнөөдөр хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг авч эхэллээ.
Ийнхүү Хөрөнгийн биржид хиймэл оюун ухаанд суурилсан Монголын санхүүгийн салбарын анхны финтек “Лэнд МН” компани банк бус санхүүгийн байгууллагын хувьцааны анхдагч зах зээлийн цан цохиж захиалга авч эхэлсэнээ албан ёсоор зарлав.
Тус компани 2.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татахаар төлөвлөжээ. “Лэнд МН” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга өнөөдрөөс эхлэн ирэх сарын 7-ны 13 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Санхүүгийн уламжлалт хэрэглээг олон улсын орчин үеийн шийдэл технологи руу шилжүүлэхээр “ЛэндМН” компани зорьжээ. Өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэд хэрэглэгчдэд гар утсаараа дамжуулан бичил хэрэглээний зээл буюу 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг барьцаа хөрөнгө, олон шат дамжлагагүйгээр богино хугацаанд олгох боломж бүрдүүлсэн байна. Эдүгээ 16.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод буй аж. Мөн “Lendmn” аппликейшнээр дамжуулан зээл авах хэрэглэгчдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд сард 5-6 мянган хэрэглэгч шинээр бүртгүүлэх болж. Зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 0.8 хувийг эзэлж байгааг дуулгалаа. 2018 онд “Лэнд МН” компани нийт 59 мянган харилцагчдад, 196 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.
Монголын хөрөнгийн бирж 2005 онд анхны IPO гаргаснаас хойш 17 компани олон нийтэд хувьцаагаа санал болгож 85.7 тэрбум төгрөг босгожээ.
“ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллагын хувьд 18 дахь IPO болж буй бөгөөд “ЛэндМН” нь Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага болж байна.й