Италийн телевизийн сэтгүүлч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос яагаад танай улс жүүд ерөнхийлөгчтэй Украиныг “нацизмаас ангижруулах” ажиллагаа явуулж байна гээд байгаа юм бэ гэж асуусан юм. Энэ асуултад Сергей Лавров “Жүүдүүдийг нацизмаас салгах ямар хэрэгтэй юм бэ гэж ярьцгааж байна. Миний бодлоор “Нацистуудын удирдагч Адольф Гитлер жүүд цустай хүн байсан гээд жүүд гаралтай хүн жүүдүүдээ устгасан. Хамгийн том анти-семитист үзэлтнүүд үнэндээ жүүдүүд өөрсдөө байдаг гэж ухаалаг жүүд ардууд ярьдаг. Үүнийг орос ардын зүйр цэцэн үгэнд “ ямар нэг “хог шаар”-гүй гэр бүл гэж байдаггүй” гэдэг гэсэн байна. Сергей Лавровын ярилцлага олон нийтэд хүрсний дараа Израиль улсын Гадаад хэргийн сайд Яир Лапид өөрийн улс дахь ОХУ-ын Элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлжээ. “Энэ бол уучилж болшгүй дуулиантай мэдэгдэл, түүхийг аймшигтай гуйвуулсан алдаа. Тиймээс бид танай улсыг биднээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэж Лапид мэдэгджээ.
Израиль дахь Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх байгууллага болох “Яд Вашем”-ын тэргүүн Дани Даяан ОХУ-ын гадаад хэргийн сайдын үгийг “Нацизмын хохирогчдод хүнд цохилт болсон, тэднийг гүтгэн доромжилсон явдал” гэж мэдэгджээ. Тэрбээр Лавровыг “Ямар ч үндэслэлгүй анти-семитист худал хуурмаг онол түгээн дэлгэрүүлж байна” хэмээн буруутгав. Италийн “Rete4” теле сувгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын 40 минутын ярилцлага гарсны дараа тус улсын ерөнхий сайд Марио Драги “Энэ бол телевизийн ярилцлага огт биш. Харин худал хуурмагаар дүүрсэн, улс төрийн суртал ухуулга” гэж мэдэгдсэн байна.
Г.АМАРСАНАА