Латин Америкаас сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ. Саяхан Испаниас ирсэн 2 эрэгтэйгээс энэ өвчний вирус илэрсэн тухай Аргентины эрүүл мэндийн яамны сайд мэдээлсэн байна. Сармагчны цэцэг өвчний халдвар одоогоор дэлхийн 20 орчим улсад 300 орчим тохиолдол батлагдсан байна.
Аргентинд илэрсэн эхний сэжигтэй тохиолдол PCR шинжилгээний хариугаар баталгаажсан, Буэнос-Айрес мужид амьдардаг тухайн өвчтөний биеийн байдал сайн байгаа гэж сайд мэдээлжээ. Хоёр дахь тохиолдол нь Лхагва гарагт Аргентинд ирсэн Испанийн иргэн, түүний биеийн ерөнхий байдал хэвийн, тусгаарлалтад оруулж, шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ дээрх өвчтөнүүдтэй ойр харьцсан хүмүүст клиник болон тархвар судлалын арга хэмжээ авсан, одоогоор шинж тэмдэг илрээгүй юм байна. Өмнө илэрч байгаагүй 20орчим улсад сармагчны цэцэг өвчин газар авч тархаж байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа.
Европт энэ өвчний нэг том голомт болоод байгаа Испани улсад баасан гарагийн байдлаар, нийт тохиолдлын тоо 98-д хүрчээ. Их Британид 106 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол, Португалид сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүний тоо 74 болж нэмэгдээд байна.
Түүнээс гадна Герман, Франц, Итали, АНУ, Канад болон Австралид өвчлөл бүртгэгдээд байгаа юм байна. Ийнхүү Европ, АНУ, Австралид гэнэт дэгдсэн сармагчны цэцэг өвчин Баруун болон Төв Африкийн орнуудаас гаралтай, энэ бүс нутагт зонхилон тохиолддог өвчлөл юм. Тиймээс ч энэ удаагийн дэгдэлт эмч мэргэжилтнүүдийг гайхшруулсан, гэхдээ Эбола эсвэл МЕРС буюу Ойрхи Дорнодын амьсгалын цочмог хам шинж өвчнүүдтэй харьцуулахад сармагчны цэцэг өвчин харьцангуй энгийн эмчилгээнд дарагддаг давуу талтай байна.
Европ болон АНУ-д энэ өвчин туссан хүмүүст саяхнаас туршилтаар вирусний эсрэг эм олгож эхлээд байна. Гэхдээ энэ төрлийн эм эмчилгээ хамгийн ихээр шаардлагатай байгаа Африкт дээрх эм бэлдмэлийг өргөн цар хүрээтэй турших ажил илүү амаргүй зорилт болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.