Анагаах ухааны дээд сургуульд 1983-1988 онд суралцсан Нүүр ам судлалын ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урьсан юм. Туршлагатай ажилчид, арван жилээ төгсөгчид гээд 24-үүлээ нутаг нутгаас цугларан ийнхүү нэг хамт олон болж Нэгдсэн факультетийн стоматологийн ангид элсэн оржээ. Стоматологи нь нүүр ам судлалын анги юм л даа. Анги болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, хүүхдүүд нь ч гэсэн өөрсдийн онцлогтой байдаг. Эдний ангийнхан нийтчээрээ сургуульдаа алдартай, шударга гэж жигтэйхэн, хийе гэсэн зүйлээ шуудхан хийчихдэг болохоор эрдэмтэн, багш нараасаа үргэлж магтаал дуулдаг оюутнууд байжээ.
Г.Бүдээ, Н.Нарангэрэл, Ц.Лхагвадулам нар онц сурна. Хөвгүүдээс Б.Цогтбаатар ангийнхандаа үлгэр дуурайлал үзүүлдэг сурлагатай нэгэн байж. Гэхдээ эдний ангийнхан жигд онц, сайн сурдаг байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэр үед Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан Г.Мажигсүрэн одоо Өмнөговьд хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн чадварлаг эмч болжээ. Тухайн үед сургуулийнхаа Факультет, оюутны зөвлөлийн даргаар эдний ангийн Л.Давааням ажилладаг байхдаа сургуулийнхаа дээд, доод оюутнуудын хичээл сурлагын явцад анхаарал хандуулж, ирц бүртгэх, хүмүүжил ямар байна гэх зэргээр хариуцлага тооцдог нэлээд мундаг дарга байсан талаар ангийнхан нь яриад “Шүд, эрүүл ахуй, эм зүй гээд нийт 15 бүлэг байсан. Бүгдийг нь хариуцаж, дэд эрдэмтэн Цолмон багшийнхаа чиглэл өгсний дагуу ажилладаг байсан” гэдгийг нэмж хэлсэн юм. Сурлагаар тааруу явж буй дээд курсийн оюутнуудад шаардах хуудас хүргэдэг байж л дээ. Ингэсний дараагаар зарим нэг оюутан дэгэндээ орж байсан удаа бий гэнэ. Л.Давааням “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай оюутан байж. Тухайн үедээ 450 төгрөг авдаг баян оюутан байсан аж. Тэр үед эмч нар 600 төгрөгийн цалинтай байсан гэхээр дурсахгүй байхын аргагүй л дээ. Л.Давааням энэ тухай ярихдаа “Биднийг сурч байх үед хүмүүс, оюутнуудын хүмүүжил их сайн байсан.
Шаардлагыг маш сайн хүлээж авдаг байсан. Хүн хүнээ хүндлэхийн жинхэнэ мөн чанарыг тэр үед л мэдэрдэг байж дээ” гэлээ. Одоо тэрээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхмийн профессороор ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёронтоо шагнуулж, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан болж, Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад байгаа аж. Эдний ангид Вон Пад, Вон Ма гэдэг хоёр Лаос оюутан сурдаг байж. Нэг нь Лаостаа олны талархлыг хүлээсэн нэр хүндтэй эмч болсон бол нөгөөх нь Монгол-Лаос эмнэлэгт ажиллаж байгаа гэнэ. 1983 оны үеэр эмч нарыг дээд сургуульд сургая гэсэн бодлого гаргаж байжээ. Үүнээс үүдэж сургалтын программ одоогийнхоос өөр байсан. Уг сургалтаар маш их далайцтай мэдлэг олж авдаг байсан болохоор эдний ангийнхан салбартаа хэд хэдэн ч чиглэл рүү хөрвөж ажилласан байна. Тухайлбал, эх барих, эмэгтэйчүүд, халдвар, хавдар, сэтгэц гээд бүхий л төрлөөр ажиллах боломжтой аж. Тийм болохоор энэ ангийнхан “Хаана ч очсон нүүр бардам ажиллаж байна, бид. Ихэнх маань хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн Нэгдсэн эмнэлгийг хариуцан ажиллаж байгаа гээд бод л доо” гэж ангийнхнаараа бахархан ярьж суугаа нь сайхан.
Л.Саадай нь одоо Дарханы “Анхаарал” хувийн эмнэлэгт захирлаар ажиллаж байгаа бол Ц.Мядсүрэн Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Ц.Цэцгээ Дорноговь, Г.Энх-Амгалан Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт, З.Байгалмаа Дорнод аймгийн шүдний эмчээр ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Г.Бямбадорж Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, Т.Батсайхан Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, Б.Цогтбаатар Дундговьд, Д.Галангарай Дарханд тус тус мэргэжлээрээ ажиллаж ард түмэн, орон нутгийнхныхаа хүндэтгэлийг хүлээж байна.
Тэр үеийн оюутнууд зөвхөн суралцахаас гадна намар, хаврын ажилд явна, сургууль, хотоос зарласан элдэв уралдаанд идэвхтэй оролцоно. Нийгмийн идэвх сайтай болохоор ангиараа байнга л хамт ийш тийш явна.
Сангийн аж ахуйн ажилд ангиараа явахдаа олон сайхан дурсамжийг сэтгэлдээ үлдээжээ. Нэгээс тавдугаар курс хүртлээ Монголын бүх сангийн аж ахуйд очиж ажиллаж үзсэн гэхээр бахархмаар. Найрамдал, Орхон, Баруун хараа, Зүүн хараад үтрэм, хадланд гээд намрын ургац хураалтад гар биеэ хайрлахгүй зүтгэнэ. Ангийн дарга Н.Баасанхүү “Баруун хараад ангиараа ажиллаж байлаа. Тэгтэл гэнэт бороо шаагиад эхэллээ. Гэтэл Халдвартын хичээл ордог байсан багш маань бидэн дээр орж ирээд “Сэрээрэй, ажилдаа” гэж хашгирдаг юм байна. Бид яахав унтаж байсан хүмүүс жаахан залхуурсан уу яасан хоорондоо “Гарахгүй шүү, гарахгүй” гээд л ярьж тохиролцоод буцаад унтчихаж билээ. Цагийн дараа багш маань дахин орж ирснээ “Юу вэ, юу болж байна хүүхдүүд ээ” гээд үнэхээр их гайхсан сан. Биднийг буцаад унтана чинээ бодоогүй байх. Яг тэр үед багшийн биднийг мэл гайхсан харцаар зогсч байсан тэр төрхийг одоо ч бид мартдаггүй юм шүү. Бид үгүй ээ мөн сахилгагүй байж дээ”. Тэгээд яахав бид бороо шивэрч байхад цув нөмрөөд л ажилдаа гарч байгаа царай гаргана. Ангийн дарга маань тэгэхэд бороон дунд хоол хийгээд л зогсч байж билээ. Энэ мэт хөгжилтэй, хөөртэй үйл явдал ажил хийж байхад олон тохиолдоно оо” гэж дурсамжтай намруудынхаа тухай хуучилсан юм.
Ангийн багш Н.Пүрэвжав нь Согог, гажиг мэс заслын хичээлийг заадаг байж. Эдний ангийн Г.Мажигсүрэн “Бид нарыг сурч байх үед манай Нэгдсэн факультетийн захирал Чүлтэмсүрэн, дэд эрхлэгч Ц.Норовпил, нарийн бичгийн даргаар Долгор, тэнхмийн лаборантаар Х.Баасанхүү, мэс заслын багш Г.Нацагдорж, Н.Оюун, дэд эрдэмтэн Цолмон, эмчилгээний багш Б.Оюунбат нар ажиллаж байлаа. Сургуулийн багш нар маань оюутнуудаа нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлье, мэдлэгтэй болгоё, сайн эмч болгоё гэсэн зорилго нь илт харагддаг байсан нь хичээлээ зааж буй байдал, харилцаанаас нь мэдрэгддэг байсан шүү. Тийм ч болохоор өдий зэрэгтэй яваа минь багш нарын минь гавьяа шүү дээ” гэсэн юм.
Эдний ангийнхан нийтэч гэж нийтлэлийн эхэнд тодотгосон шүү дээ. Нийтчээс гадна амь нэгтэй. Нэг нэгэндээ хичээлээ зааж өгнө, хичээлээс хоцорсон, хичээлээ ойлгоогүй нөхдөдөө арай туршлагатай нь чаддаг бүхнээ хэлж өгнө. Хичээлийн жижигхэн танхимдаа тойрч суугаад ингэж давтлага хийгээд маргааш нь шалгалтдаа онц авч багш нараа гайхшруулж байсан тохиолдол эдний ангийнханд олон бий гэнэ. Өдий хүртэл харилцаа холбоотой байгаагийн гол цөм нь ангийн багш нь. Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Пүрэвжав бол ангийн багш нь. Одоо ч сургуульдаа ажиллаж оюутнууддаа эрдмийн хишгээсээ хүртээж байгаа сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн билээ.
Ангийн дарга Н.Баасанхүү Анатомийн хичээлээр шалгалт авч байхад Дагданбазар багшийгаа “Мускаклус!” гэж дууджээ. Мускаклус гэдэг нь булчин гэх утгатай үг гэнэ. Бүгд инээлдэж тухайн үедээ инээдэм ханиадам болж байсан тэр үйл явдал тухайн үедээ Н.Баасанхүүд хэцүү байсан ч одоо эдний ангийнхны ярих дуртай дурсамжуудын нэг болжээ. Тухайн үед мань хүн сандрахдаа тэгээд дуудчихаж л дээ.
Тэд “Ер нь хүнд хүмүүжил, мэдлэг их чухал. Ном их унших ёстой. Ном уншихгүй болохоор юм л болвол интернет рүү хялбар аргаар юм олж мэдэх гээд байдаг. Толгойгоо ажиллуулдаггүй. Хамгийн гол нь мэдлэгтэй хүн хаана ч алзахгүй. Ингэсэн хүн л сайн эмч болж, оношоо зөв тавьдаг юм шүү” гэж хойч үеийн эмч нар, энэ мэргэжлийг эзэмшихээр сурч байгаа дүү нартаа захисныг уламжилъя.