-ДБЭТ-ын улирлын тоглолт аравдугаар сарын 3-нд эхлэх
бол бусад театрынх тодорхойгүй байна-
Театруудын шинэ
улирлын тоглолт эхлэх цаг ойртож байна. Одоогоор Дуурь бүжгийн эрдмийн театраас бусад нь
тоглолтын хувиараа гаргаагүй байна. ДБЭТ 53 дахь улирлын тоглолтоо ирэх
аравдугаар сарын гурван, дөрөвний бямба, ням гаригт Ж.Вердийн “Аида” дууриар нээхээр
төлөвлөжээ. Аравдугаар сарын 10, 11-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг
тоглох бол 17, 18-ны өдрүүдэд энэ онд тавьж байгаа шинэ дуурийнхаа анхны
тоглолтыг хийхээр төлөвлөжээ. Тус театр энэ жил Италийн хөгжмийн зохиолч
Гаэтано Доницеттийн “Ламмермурын сүйт бүсгүй” (Lucia di Lammermoor) дуурийг
тайзнаа тавьж байгаа юм байна. Бэльканто дуурийн нэрд гарсан эл бүтээлийг
БНСУ-ын найруулагч ирж манай театрт тавьж байгаа юм байна. Удирдаачаар УГЗ
Н.Туулайхүү ажиллажээ. Түүнчлэн аравдугаар сарын 24, 25-нд Х.Билэгжаргалын
“Ламбугайн нулимс” дуурь, аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын нэгний өдөр
А.Аданы “Жизель” балетыг тус тус тоглосноор эхний сарын тоглолт өндөрлөж байна.
ДБЭТ тоглолтын хувиараа бүтэн жилээр гаргадаг уламжлал энэ удаа тасарч байна. Энэ
нь шинээр дуурь тавьж байгаатай холбоотой гэнэ. “Ламмермурын сүйт
бүсгүй”-г дуучид, симфони оркестрынхоо
бүрэлдэхүүнээр БНСУ-ын Тэжон хотын
театрт ирэх арваннэгдүгээр сард тоглохоор болжээ.
Ламмермурын
сүйт бүсгүй
Италийн хөгжмийн
зохиолч Доминико Гаэтано Доницетти энэ дууриа Шотландын зохиолч Вальтер Скоттын
“Ламмермурын сүйт бүсгүй” хэмээх түүхэн эмгэнэлт зохиолоос сэдэвлэн Сальвадор
Каммараногийн цомнолоор бичсэн байна. Дуурийг 1835 онд бичжээ. Тухайн үе нь
Ж.Россини зохиол бүтээлээсээ хөндийрч, Винченцо Беллинигийн амьдралын сүүлчийн
өдрүүд тохиосон нэг ёсондоо Италийн дуурийн ертөнцөд агуу их зохиогчдоос
Доницетти ганцаараа ноёрхсон үе байв.
Нөгөө талаас, Европ дахины сонирхол Шотландын түүх, соёлд ид татагдаж
байсан цаг үе таарсан нь Доницеттийн дуурийн амжилтад том түлхэц өгчээ. Үе
уламжилсан дайсагналцал, ширүүн дайн тулаануудын түүх XIX зууны уншигч
үзэгчдийн сонирхлын сэдэв байв. Уг
дуурийн үйл явдал XVII зууны Шотландын амьдралын түүхэн нэгэн мөчлөгт хамаарах
юм. Анхны тоглолтоо Европын хамгийн эртний, харин Италийн хамгийн том дуурийн
театр болох Неаполийн “Сан Карло” театрт
1838 оны есдүгээр сард хийжээ. Мөн
ондоо Лондонд, 1839 онд Парист ,
1842 онд Америкт тавигдав. “Ламмермурын сүйт бүсгүй”-г XX зуунд 1903-1972 оныг
хүртэл Метрополитанд тасралтгүй тоглосон.
Доницеттийн
бэльканто дуурь нь XX зуунд агуу удирдаач Караяаны удирдан тоглуулснаар дуурийн
хөгжимд цоо шинээр амьдарч эхлэв.
Дэлхийн II дайны дараа Герберт Караяаны удирдсанаар XX зууны номер нэг
сопрано Мариа Каллас 1952 онд Ла Скалад,
1954, 1955 онд Берлинд, Австралийн нэрт сопрано Элстон Сазерленд 1959, 1960 онд Английн Роял театрт тоглов.
Үүгээр тэд “Ламмермурын сүйт бүсгүй” дуурьт хөгжмийн цоо шинэ амьдралыг
авчирлаа. “Ламмермурын сүйт бүсгүй”
дуурь дэлхийн дуурийн театруудын сонгодог репертуарт гол бүтээлүүдийн нэг болон
үлдэв. 2008-2013 онд дэлхий даяар хамгийн олон удаа тоглосон 21 дуурийн нэг нь
энэ байлаа.
Доницеттийн
амьдралаас товчхон хүргэе. Тэрбээр 1797-1848 оны хооронд амьдарч байсан. Россини, Беллини нарын хамт арван есдүгээр
зууны эхэн үеийн белканто дуурийн удирдагчид байв. Анхны дууриа 19-тэйдөө
бичсэн нь “Хоёрдугаар Пигмалион” хэмээх нэг бүлэгт инээдмийн дуурь юм. Энэ
дууриа 1816 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл ердөө
зургаахан хоногт бичсэн гэдэг. Энэ үедээ тэр Болонийн хөгжмийн академийн оюутан
байв. Гэвч энэ дуурь бичигдсэнээсээ хойш 150-иад жилийн дараа 1960 оны
аравдугаар сард Италид тавигдав. Доницетти 74 дуурь бичсэн. 1844 оноос эхлэн
Неопольд Доницеттийн 51 дуурийг бүгдийг тавьжээ. 1830-аад оноос Доницеттийн
карьер эрс өсөв. 1890 онд “Анна Болейн” дуурийг нь Миланы театрт тавьсан нь
Италийн болон олон улсын театрын амьдралд хүчтэй нөлөөлж, улмаар 1832 онд “Дурлалын охь”, 1842 онд тавьсан
“Дон Паскуале” тэргүүт дууриуд нь түүний нөлөөг улам хүчтэй тэлэв. Доницеттийн
онгод авьяас “Ламмермурын сүйт бүсгүй” дуурь дээр асар хүчтэйгээр оргилон
гарчээ.
Араас нь 1837 онд “Роберто Деверё” дууриа бичиж тайзнаа тавьсан нь нэрд
гарав. 1938 оноос тэрбээр урлагийн томоохон төв Парис хотыг сонирхож дөчин
оноос Неаполь, Ром, Парис, Венийн
хооронд аялан дууриа бичиж тоглуулсаар байв. Харамсалтай нь 1843 оны үеэс
хүндээр өвдөж, 1847 оны сүүлээр найз нөхөд нь түүнийг төрсөн нутаг Бергамод нь
авчирлаа. Ийнхүү 1848 оны хавар тэрээр
төрсөн нутагтаа өөд болов. Доницетти 75 дуурь, 16 симфони, 19 квартет, 193 дуу,
гурван оратори, 28 кантат, дан хөгжмийн концертууд, сонатууд зэрэг олон зуун
бүтээл туурвисан хүн юм. Есөн настайдаа сүмийн дэргэдэх хөгжмийн сургуульд орж,
дараа нь Болонийн хөгжмийн академид
суралцан, арван естэйдөө анхны
дууриа бичсэн Доницетти энэ бүхнийг амьдрал, уран бүтээлийнхээ 26 жилийн
хугацаанд туурвисан байдаг. Нутгийнхаа
нэгэн пүүсэд манаачаар ажиллан голоо зогоох төдий ядуу амьдарч асан эцэг Андреа
Доницетти нь 18 настай Жозеппе болон есөн настай Гаэтано хөвгүүдээ сүмийн
дэргэдэх хөгжмийн сургуульд хөтлөн аваачсан нь энэ бүхний эхлэл байв.