Японы эрдэмтэд лабораторын аргаар арьс төлжүүлэн гаргаж авсан нь амжилттай болсон гэнэ. Хулганын эсээс авч лабораторид төлжүүлсэн арьсанд олон давхарга бий болж, хөлсний булчирхай хүртэл үүсчээ.
Лабораторид гаргаж авсан арьсыг дархлаа нь муудсан хулганад шилжүүлэн суулгахад төд удалгүй төлжиж, үс ургаж эхэлсэн байна.
Эрдэмтдийн хэлж буйгаар хүнд арьс шилжүүлэн суулгахад 5-10 жил шаардлагатай гэнэ. Гэсэн ч эрдэмтэд арьс нь галд шатаж, түлэгдсэн хүмүүсийн арьсыг лабораторийн аргаар төлжүүлэн, арьс шилжүүлэн суулгах боломжтой болсонд туйлын баяртай байгаа аж.
Эрдэмтдийн энэ арга нь биологийн олон нэгдлийн тусламжтайгаар хүний арьсыг нөхөн төлжүүлдэг одоогийн техникийг сайжруулахад чухал алхам юм. Нөгөө талаар энэхүү арга нь эм бэлдмэл болон гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ амьтан дээр туршихгүйгээр лабораторын аргаар гаргаж авсан арьсыг ашиглах боломжийг нээж өгч байгаа аж.