Монголын залуучуудын холбоо, Залуу эмэгтэйчүүдийн клубээс санаачлан “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжгийг ДОХ-ын өдрийг тохиолдуулан ирэх арванхоёрдугаар сарын 1,2-нд Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна.
Өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар” чуулгын тайзнаа нээлтээ хийсэн уг жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бол жүжгийн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллажээ.
Уг жүжиг нь биеэ үнэлэгч эмэгтэйн амьдарлаар нийгэмд тохиолддог асуудлуудыг бодитойгоор хөндөн харуулсан ба хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэл биеэ үнэлэлтийн эсрэг үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү жүжгийн үзэгчдийн 40-50 хувь нь амьдралын боломж, бололцоогүй залуус, өрх толгойлсон эхчүүд гээд нийгмийн эмзэг давхаргынхан байх ба тэдэнд үнэ төлбөргүй үзүүлэх аж.
“Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжгийн тасалбар 12 мянган төгрөг бөгөөд Тусгаар тогтнолын ордонд борлуулж байна.