Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Барилгын салбарынхантай өнөөдөр уулзах үеэр хүн амыг орон сууцжуулах зорилт тавин ажиллахад төр, хувийн хэвшлийн түншлэл чухал гэдгийг онцоллоо.
Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх шууд орон сууц худалдан авахад амаргүй байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр тэмдэглэв. Тухайлбал, уг зорилтод Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буйг тодотгов. Ингэхдээ, хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтлана гэлээ. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг онцлов.
Барилгын компанийн төлөөлөлтэй уулзахад, нийслэл газраа үнэтэй өгдөг, мөн эрчим хүчний эх үүсвэр авахад асар их авлига бий болдог, түүхий эд үнэтэй байдаг зэргээс хамаарчч орон сууцаа үнэтэй зарахаас өөр аргагүй хэмээн хэлдэг байна. Тиймээс төрөөс хариуцах асуудлыг төр өөрөө хариуцаж нэгдсэн зургийн стандартаар орон сууц хямдхан барих боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрбээр, “Нэгдсэн зургаар орон сууц барьсны дараа санхүүжилтийн загварыг шийдэх хэрэгтэй. Хэрэв агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд орон сууц авбал, 30 хувийн урьдчилгаагүй зэргээр дэмжих нь зүй. Үүнийг агаарын бохирдлын эсрэг сангаас шийдвэрлэнэ. Мөн тухайн гэр бүлийн гурван үе хамт амьдарч байгаа бол урьдчилгаа төлбөр авахгүй шууд дэмжинэ. Учир нь, тухайн гэр бүл гурав биш нэг автомашин хэрэглэх учрааас түгжрэлийн эсрэг бодлогыг дэмжиж байгаа юм. Зургаан сарын хугацаатай цэргийн алба хааж эх оронч иргэнийг дэмжих хөтөлбөрт оролцсон зэрэг шалгуур тавих боломжтой” хэмээв.
Орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд “Залуус 1, 2, 3” хорооллыг туршилтаар барихаар бэлтгэж байгааг дурдаад, энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгааг тэмдэглэв. Мөн хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгааг онцоллоо.
“Залуус 1, 2” хорооллыг Улаанбаатар хотод, “Залуус 3” хорооллыгг орон нутагт туршилтаар барьж үзэхийг зорьж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд, төр өөрийн хариуцах асуудлаа шийдээд нэг зургаар хямд орон сууц барих боломжтой гэдгийг хэллээ.