“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжид 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхацсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна.
Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хэчнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.
Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас шийдэл нь ч мөн ер бусын байхыг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа.
Монгол Улсын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бүх Засгийн газар, бүх Ерөнхий сайд нарын гол асуудал энэхүү санхүүгийн асуудал байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Орлого талын асуудалд төдийлөн төвлөрч чадахгүй, зарлага талаа сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт үүсгэн тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй цар тахлын энэ цаг үед бодитоор нүүр туллаа.
Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг идэгдсээр байх болно.
Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ.
НЭГ. БООМТЫН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.
Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.
Өнөөдөр дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа.
Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.
Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна.
Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллацгаая.
Товчоор хэлэхэд, боомтын боймыг тайлах нь цар тахлын өнөөдрийн хүндрэл төдийгүй цаашдын хөгжлийн үндсэн суурь болно.
ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна.
Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.
1986 онд Дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.
ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай улсын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.
Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.
Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлох шаардлагатай.
Аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм асуудлуудын нэг юм.
ДӨРӨВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.
Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.
Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.
Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна.
Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.
Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.
Зарим томоохон хэмжээний асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэхийг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн ойлгон хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.
Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлж, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлэхээр тусгалаа.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох шаардлага байна. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай.
Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлэхээр тусгалаа.
Суусан хотоо алхаатай хот болгоход Улсын Их Хурал, Засгийн газар, төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Хөгжил бол өөрөө байгаль юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй.
Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна.
Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань хоёроос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ хамтран ажиллах шаардлага байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.
Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.
Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна.
Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлага байна.
Бид өвөг дээдсийн унаган байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн Их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна.
ЗУРГАА. ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын хөгжлийг боомилж буй хамгийн гол асуудал бол өнөөдөр үнэндээ Төр өөрөө болсон байна.
Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.
1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засаж, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.
Энэ цаг үеийн “Шинэ сэргэлтийн бодлого” ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэгдэж байгаа юм.
Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна.
Миний бие өмнө нь дурдаж байсанчлан, хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил нэгдүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог.
Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?
Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм.
Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгалаа.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин,хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгалаа.
Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх үйлсэд тууштай зогсох шаардлагатай.
Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай.
Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч төр байх учиртай.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сууриар нь тэлж, улс орноо эрчимтэй хөгжлийн замд оруулах зургаан багц асуудлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд товч танилцууллаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.
Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно.
Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.
Дахин хэлэхэд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.
Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ,
Хөрөнгө оруулагчид аа,
Хүн төрөлхтөн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын нэн хүнд сорилттой нүүр тулгарч, иргэдийн эрүүл мэнд, улс орнуудын эдийн засагт төсөөлшгүй хүндрэл учирсан энэ цаг үед Та бид ажиллаж амьдарч байна.
Шүүмжлээд, гомдоллоод, талцан маргалдаад, улс төржөөд бид энэ хямралыг даван туулж чадахгүй ээ. Харин нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, асуудлыг дэс дараалалтай зоригтой шийдвэрлэж, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авчрах болно.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлыг даван туулах үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч бүрийг идэвхтэй оролцох”-ыг уриалж байна.
Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.
Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын За – андгай буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална.
Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжин ажиллахыг нийт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.
Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж чаддаг ард түмэн билээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхнээс Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье” гэв.