Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Отгонбаяр: Арав орчим тэрбум төгрөгийн арьс Эмээлтэд хураалттай байна

Монгол Улсын хэмжээнд бэлтгэн нийлүүлдэг арьс ширийг экспортоор урд хөрш рүү гаргадаг. Гэтэл адууны арьс экспортлох дээр асуудал үүсээд хуримтлагдсан арьсаа хилээр гаргаж чадахгүй бүтэн зургаан улирлыг үдээд байгаа аж. Одоогоор 200 мянга орчим адууны арьс Эмээлт зах дээр хадгалагдаж байна. Энэ талаар Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны гишүүн Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн оны бэлтгэсэн арьсаа гадагшаа гаргаж чадахгүйд хүрээд бэлтгэн нийлүүлэгч ченжүүд болон худалдаж авсан аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орчихоод байгаагийн учир шалтгаан юу вэ?

-2014 оны гуравдугаар сараас экспортын гэрчилгээ олгодог МХЕГ нь гэрчилгээгээ зогсоогоод түүнээс хойш Засгийн газрын 330 тоот тогтоол аравдугаар сард гараад арьс экспортлох асуудал үндсэндээ зогсчихсон юм. Гадагшаа гаргах гэрчилгээгүй болохоор малчдаас өдөр бүр нядлагдаад орж ирж байгаа нойтон арьс ширийг Эмээлт зах дээр бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авч давсалж хадгалан цуглуулж явсаар байгаад энэ оны гуравдугаар сар хүргэсэн. Ингээд бүтэн жилийн нүүр үзээд улирал дамнан явсаар өдий хүрлээ. Манай үйлдвэрүүд энэ оны гуравдугаар сараас адууны арьсанд анхан шатны боловсруулалт хийж эхлээд байгаа. Өнөөдрийн хэмжээнд 3-5 үйлдвэр ажиллаж байна. Битүү туурайтай, шүлхий өвчин тусдаггүй гэдгээрээ адууны шир 1990 оноос хойш экспортод түүхийгээрээ гарч байсан. Тэгэхээр бидний мэдэхээр 25 жилийн турш анхан шатны боловсруулалт хийж байгаагүй арьс. Европ, Ази алинд нь ч гаргахад давсалсан идээлсэн стандартаараа гардаг байсан. Ингэж арьс хуримтлагдаж явсаар бүтэн жил гаруй хугацаа өнгөрч, өнөөдөр 180-200 мянган адууны арьс Эмээлтэд хадгалаастай байгаа юм. Хэдийгээр манай үйлдвэрүүд анхан шатны боловсруулалт хийгээд эхэлсэн ч асуудал бас байна. Арьсаа боловсруулах гэхээр долдугаар сарын 1-нээс Усны удирдах газар усыг нь хаачихсан. Өнгөрсөн оны долдугаар сараас есдүгээр сар хүртэл 90 хоног бас усыг нь зогсоосон. Усны удирдах газраас арьс шир боловсруулдаг үйлдвэрүүдийн усны үйл ажиллагаанд нь хяналт тавих, тоолууржуулах, “Харгиа” цэвэрлэх байгууламжид засвар хийх зэрэг шалтгаанаар ус хаасан тэр хугацаанд цуглуулсан адууны шир хэдэн мянгаараа байгаа. Одоо бас долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл 60 хоног усыг нь хаачихсан байна л даа. Тийм болохоор энэ хугацаанд арьс боловсруулахгүй сар дамжин хадгалаад байхаар хугацаа нь хэтрээд худалдаж авсан арьс чанараа алдахад хүрч байна. Байдал энэ чигээрээ байвал стандартын шаардлага хангахгүйд хүрнэ. Тэгэхээр хуучин гаргадаг журмаар нь хуримтлагдсан их хэмжээний адууны арьсыг нэг удаа ч болтугай экспортод гаргахыг Төр, засаг, яам Тамгын газраас хүсч байна.

-Та бүхэн энэ хүсэлтээ зохих журмаар нь төр засагтаа хүргэж байв уу? Бүтэн жил гаруй хугацаанд та бүхэнд дэм болохоор өгсөн хариулт байна уу?

-Мэргэжлийн агентлаг, ХХААЯ бол өнгөрсөн онд дэмжлэг үзүүлж байсан. Худалдаа аж үйлдвэрийн танхим ч дэмжиж байсан. Бид ХХААЯ-нд хүсэлт гаргаж байсан л даа. Дэмжигдэж ч байсан. Өнөөдрийн хувьд Төр засагтаа хандаж, хүсэлтээ уламжилсан аж ахуйн нэгжүүд бий. Төр засгаас урьд нь арьс ширтэй холбоотой, хаягдал төмөртэй холбоотой, ноос ноолууртай холбоотой асуудлаар шат дараалсан арга хэмжээг авч өгч байсан. Жишээлбэл, ноолууран дээр, ямааны арьсан дээр ч тэр. Хаягдал төмрөн дээр гэхэд л Засгийн газрын тогтоолыг өөрчилж, бэлтгэн нийлүүлэгчдэд тус дэм болж байсан удаа бий. Бид хамгийн гол нь төр, засагтаа хүсэлт гаргаад зогсохгүй, манай иргэд, малчид, харьяа яам, агентлагийн сайд дарга нар олж уншаасай, бодит байдлыг зөв талаас нь ойлгоосой гэсэндээ сонин хэвлэлд хандаж байгаа юм. Энд асар их хөрөнгө мөнгөний түүхий эд хуримтлагдаад байгааг мэдээсэй гэж л бодож байна даа. Хэдийгээр үйлдвэрүүд боловсруулж эхэлсэн боловч хуримтлуулсан бүх арьсыг анхан шатны боловсруулалт хийхэд асар их хугацаа орно. Өдөрт 300-400 арьс боловсруулдаг гээд тооцохоор өчнөөн сарын ажил болно.

-Анхан шатны боловсруулалт хийсэн адууны арьсны борлуулалт хэр байгаа юм бол. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд та нар бас зах зээлийн судалгаа хийсэн л байх?

-Борлуулалтын хувьд БНХАУ руу экспортод гаргадаг байсан. Хуучин түүхийгээр нь гаргадаг байсан арьсыг одоо анхан шатны боловсруулалт хийж байж гаргана гэхээр бидэнд бас бэрхшээл тулгараад байгаа. Юуны өмнө үйлдвэрүүдэд түрээсийн мөнгө төлөөд боловсруулна гэхээр нэгд, бидний санхүүгийн байдал зогсчихсон, хоёрт, урьд өмнө нь боловсруулсан арьс зарж үзээгүй болохоор Хятадын зах зээл байхгүй болчихсон байдаг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын энэ үед худалдаж авсан арьсаа дахин мөнгө төлж, анхан шатны боловсруулалт хийгээд Хятадад гаргаж зарна гэхээр ашиг гарах нь бүү хэл алдагдалд орчих гээд байгаа юм. Түүнчлэн Хятадын гэрээ хийсэн байгууллагууд манай технологийг таарахгүй байна гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа зовлон бас байна. Мөн манай таван үйлдвэр арьсаа угааж боловсруулаад эхлэхээр хугацаа сунжрах томоохон бэрхшээл үүсээд байгаа юм л даа. Нэг ширхэг арьсыг 70 юань буюу 21 мянган төгрөгөөр анхан шатны боловсруулалт хийнэ гэж байгаа. Гэтэл адууны арьс ширэн дээр түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид болон экспортод гаргахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд таг зогсчихсон байгаа.

-Эмээлтэд 200 мянгаад адууны арьс хураалттай байна гэж та хэлж байна. Энэ нь зах зээлийн тооцоогоор хичнээн төгрөгийн эд хөрөнгө гэсэн үг вэ? Ханшийн хувьд тодорхойлбол…?

-Түүхий эдийн ханш өдөр тутам хэлбэлзэж байдаг. Дээр нь бид адууны арьс ширийг цуглуулж малчдаас авахдаа тээвэрлэлтийн хөлс, ажилчдын цалин, давсалгааны төлбөр, агуулахын түрээс гэх мэтчилэн маш олон зардлууд гаргадаг. Худалдаж авсан ханш нь 50-65 мянган төгрөг. Адууны ширний хувьд улирал дамнаж үнэ нь хэлбэлздэг л дээ. Хаврынх, зуных, өвлийнх гэж өөр өөр байдаг. Үүн дээр нь дээр хэлсэн зардлууд нэмэгддэг. Өнөөдрийн бидний тооцоогоор есөн тэрбум 900 сая төгрөгийн бараа Эмээлтэд хуримтлагдчихсан байна. Арьсны үнэ хөлс нь аль хэдийнэ малчдын гар дээр очоод будаа гурил болчихсон байхад харин бараа нь борлогдохгүй агуулах саванд давслагдаад дарагдаад байгаа хэрэг. Тийм болохоор үүнийг мэргэжлийн байгууллагуудаас газар дээр нь очиж биечилж шалгаад байдлыг судалж үзээсэй гэж л хүсээд байгаа юм. Бидний энэ бодит байдлыг ойлгоод экспортод гаргах нөхцөлийг Засгийн газраас хангаж өгөхөд буруудах зүйл байхгүй болов уу гэж л бид бодож байна. Бид 25 жилийн турш Монголын 18 аймаг, гурван хотоор өртөөчилж, мянга мянган бэлтгэн нийлүүлэгчид буюу ченжүүдийг бэлдсэн. Тэр бүгдийн хөдөлмөрийг үнэлээд бидний бэлтгэсэн арьсыг нэг удаа хилээр гаргах боломж нөхцөлийг хангаж өгөх байх гэж найдаж байна. Засгийн газрын 330 тоот тогтоолд 2017 онд парк байгуулах хүртэл тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Тэр дагуу л шийдээд өгөөсэй гэж бэлтгэн нийлүүлэгчид бид хүсээд байгаа юм.

-Уучлаарай. Эмээлтэд хураалттай байгаа тэр их хэмжээний арьс ширийг Монголчуудынх биш ээ, Хятадууд их хэмжээний мөнгөтэй ирээд ченжүүдээс худалдаад авчихдаг. Тэгэхээр монголчууд хохирч байгаа зүйл байхгүй гэх албаны хүмүүс ч байдаг. Үүн дээр Та юу хэлэх вэ?

-Арьс шир экспортолдог энэ 10 гаруй компани чинь 25 жилийн турш малчидтай харьцаад тэдний ачаанаас үүрэлцээд өдий хүрсэн юм аа. Тэгэхэд Хятадын адууны шир, Хятадын хонины нэхий гэж ярих нь утгагүй. Монгол нутагтаа монголчууд энд үйл ажиллагаа явуулж байгаа. Бид бараагаа урд зараад хуулийн дагуу юань оруулж ирдэг. Тэгэхэд хятадууд арьс шир бэлтгэдэг гэсэн буруу ташаа ойлголт яваад байдаг. Монголын бэлтгэн нийлүүлэгчид өөрийн гэсэн сүлжээтэй болсон, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болчихсон. Монголд жилдээ 10 сая гаруй мал нядалдаг. Үүнээс адууны арьс гэхэд ердөө 200-300 мянга л байдаг. Энэ нядалгааны 80-90 хувь нь гар аргаар хийгддэг учраас гэмтэлтэй арьс их гардаг.Тиймээс европ стандартад таардаггүй. Одоо Хятадын стандартад таарахгүй хэмжээнд хүрч байна шүү дээ. Харин үйлдвэрийн хэмжээнд нядалгаагаа хийж эхлэх юм бол арьсны чанар сайжирна гэж боддог.

Бараг арван тэрбум шахам төгрөгийн хөрөнгө гацчихаад байхад монголчууд хохирсон зүйл байхгүй гэж хэлэх эрхтэн дархтан эгээ байхгүй биз гэж найдна. Үүний цаана хичнээн олон өрх гэрийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжийн хувь заяа байгааг эргэн сануулахад буруудахгүй байх гэж бодож байна.

Адууны арьсанд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрүүд нь энэ оны гуравдугаар сараас л анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хуруу дарам тоотойхон үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 300 арьс боловсруулах. Тэгэхээр 10 хоногт 3000 арьс боловсруулна гэсэн үг. Сард 9000 мянган адууны арьс боловсруулна. Харин Эмээлтэд хураалттай байгаа арьсны тоо 200 орчим мянга. Тэдгээрийг бүгдийг боловсруулж дуусахад ойролцоогоор хоёр жил орчим хугацаа шаардагдах бололтой. Үйлдвэрүүд тасралтгүй ажиллавал тэр шүү дээ. Харамсалтай нь, анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрүүдийн усыг тасалчихсан болохоор тэд хаахаас аргагүйд хүрээд байгаа гэнэ.

Э.ХҮРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *