Categories
мэдээ цаг-үе

​Л.Насанбат: Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуулах эгшиг олсон

Зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ын зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний охин УГЗ, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Л.Насанбаттай ярилцсанаа хүргэе.


-Таны аав Монголын утга зохиол, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан, шилдэг сэхээтнүүдийн нэг. Ээж тань ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай. Ийм сайхан аав ээжийн охин болж төрнө гэдэг ховор тавилан шүү?

– Би жирийн нэг Л.Насанбат биш. Намайг Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хүүхэд гэдэг тодотгол үргэлж дагаж явсан. Тийм болохоор аав ээжээрээ бахархаж омогшихоос илүүтэй, тэднийхээ нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явна гэдэг том хариуцлага үүрч амьдарлаа. Ээж минь зуун жил амьдрахгүй ч, мянган жил дурсагдах нэрээ хайрлаж яваарай гэж захидаг байсан.

-Охин хүүхэд аавтайгаа амь нэгтэй байдаг гэлцдэг. Та аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн жаргалтай мөчөө дурсаач?

-Аав минь гурван охиныхоо ирээдүйд санаа тавьж, эрдмийн мөр хөөлгөсөн нь охидоо гэсэн хайрынх нь илрэл байж дээ гэж боддог. Эгч, дүү бид гурав гурвуулаа Москвад суралцаж, мэргэжил боловсролтой болсон. Харин хамгийн бага эрэгтэй дүү Л.Галбадрах маань арван нас хүртлээ ааваас алхам ч холдохгүй дагаж явдаг байсан. Бага байхад аав бидэнтэй их тоглодог байжээ. Нуугдаж тоглоно, нуруун дээрээ үүрнэ, бид нар жүжиг тоглоно. Би хамгийн дүрсгүй нь байсан шиг санагддаг. Миний тависан жүжиг дуусахгүй дээ. Байрны хүүхдүүд “Ч.Лодойдамба гуай хэзээ ирэх бол” гээд л аавтай тоглох гэж, гурван дугуйтад нь суух гэж бүгдээрээ хүлээдэг байсан. Намайг сургуульд ороогүй байхад аав Москвад академид сурч байлаа. Тэр үед ээж бид хэд аавынхаа амьдардаг газарт, байранд нь очсон юм. Бид нар нэг жижигхэн өрөөнд шахцалдаад, чемодан саваа аваад орсон. Тэгэхэд надад “манай аав одоо ийм л жаахан гэрт амьдардаг юм байх даа. Яаж бид нар унтах юм бол оо” гэж бодогдсон. Гэтэл тэр нь лифт байсан юм билээ. Бас нэг өдөр эгч аягүй их баяртай “Тэнд үнэгүй жижигхэн кино гарч байна” гэсэн. Тэгсэн тэр нь зурагт байж. Аав талийгч эгчийг анх төрөхөд маш их баярлаж, угаасан даавууг нь орондоо хийж, хэвтэртээ дулаацуулж хуурайлдаг байсан гэдэг. Хожим эгчийг найман сартайдаа толь алдаж хагалахад миний охин том болж, чадалтай болж гэж учиргүй их баярласан гэж ээж ярьдаг байлаа.

-Та хэдэн настайдаа Москва руу сурахаар явсан юм бэ. Гэрээ их санадаг байсан уу?

-Би 11 настай байхдаа Москвагийн П.Чайковскийн нэрэмжит дунд сургуульд суралцахаар явж байлаа. Москвад очсон эхний жил гэртээ хариагүй. Дараа жилээс өвөл зундаа гэртээ ирдэг болсон. Аавыг албан томилолтоор Москвад ирэхэд их баярлана. Тэр үед обрушка их ховор эд байлаа. Аав эгч, дүү бид гуравт гоё гоё обрушка, платье авчирч өгнө. Нэг удаа аав ирээд буцах болоход нь би машинаас нь чаргууцалдаад уйлчихсан. Аав “За, миний хүү хэрэггүй ээ” гэсэн. Аав намайг дандаа миний хүү гэж дуудна. Аавыг гэртээ ирэхэд нь ээж “Хоёр охин нь сайн байна уу” гэж асуухад аав минь “Сайн” гэж хэлээд зөндөө уйлсан гэдэг. Аав минь бүгдийг багтааж чаддаг уудам дотортой эр хүн байжээ. Аав бүхэн миний аав шиг байдаг бол хүүхэд бүр ямар жаргалтай байх бол гэж боддог шүү.

-Аав тань танд юу гэж захиж сургадаг байв?

– Би багадаа их ааш муутай хүүхэд байсан. Намайг Хөгжим бүжгийн сургуульд сурч байхад хичээлийг минь давтуулна. Орос багш хичээл ордог, Зангад багш орчуулдаг байсан юм. Аав надад багшийнхаа хичээлийг шууд орос дээр нь цээжилчих гэж хэлсэн. Тэгээд би багшдаа шууд оросоор нь уншиж өгөөд онц авч байлаа. Аав Чайковскийн нэгдүгээр конкурсэд нэг, хоёрдугаар байрт орсон Америк, Хятад хоёр хүний пянзыг 1978 онд бэлэглэж байсан юм. Одоо ч надад хадгалагдаж байгаа. Тэгэхэд би хөгжимчин болох байтугай, хөгжимчин болох үнэр ч гараагүй байж дээ.

Харин Москвад сурч байхдаа аав ээжтэйгээ захидлаар харилцана. Аав захиандаа үргэлж л “Хөгжмөө давт, сайн давтаарай” гэж захидаг байсан. Би тэр үед өөрийгөө хөгжмөө бага давтдаг байсан юм болов уу гэж хааяа боддог. Гэхдээ л тэр үед хөтөлж байсан тэмдэглэлээ үзэхэд өдөрт хөгжмөө таван цаг давтдаг байсан байгаа юм. Аав “Тунгалаг тамир” романыхаа шагналын мөнгөөр надад төгөлдөр хуур авч өгч байлаа.

-Аав ээж хоёрынхоо анх танилцаж байсан, айл гэр болж гал голомтоо бадрааж байсан тэр үеийн сайхан дурсамжаас хуваалцаач?

-Энэ тухай ээжийн номонд их дэлгэрэнгүй байдаг шүү дээ. Хүмүүс мэдэх байх. Ээж аав хоёр минь Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургуульд хамт сурч байсан гэдэг. Тэр тухай ээж дурсахдаа, “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан юм. Гурвын нэгийн эрэгтэй хүүхдүүд манай ангийн охидод захиа бичиж, хожим том болсон хойноо айл гэр болъё гэж “гэрээ” байгуулдаг байв. Тэгэхэд Лодойдамба мөн хүүхдүүдийн адил “хоёулаа сургуулиа төгсөж том болоод гэр бүл болъё. Би чамд хайртай, гэрээ байгуулъя” гэсэн захиаг манай ангийн Пэлжээгээр дамжуулж надад өгч байсан юм” гэж ярьсан. Түүнээс хойш есөн жилийн дараа ерөөлөөр байгуулсан бага насны “гэрээ” нь ёсчлон биелсэн гэдэг. Аав минь ээжид зориулж хэд хэдэн шүлэг бичсэн байдаг. Тухайлбал, “Үнэн сэтгэл” шүлэгтээ:

Хүн бүхний шагшин шуугих чиний гуа чинь бус

Хүдэр эрийн онон мөрдөх чиний сайхан чинь бус

Энгийн байдал, эвлэг зан, эрс сэтгэл энэ бүхэн чинь

Үнэт эрдэнэ, ховорхон чанар гэж бичиж байжээ. Мөн “Гэрээслэл” хайрын тухай өгүүллэгтээ анх удаа “Сайхан хайр байдаг. Олбол алдаж болохгүй” гэж бичсэн шүү дээ.

Аав ээж хоёрын тухай Ардын жүжигчин А.Очирбат гуай “Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Тэгэхэд энэ хоёр бүх насаараа ханилсан” гэж хэлсэн байдаг.

-Ч.Лодойдамба гуай аавынхаа дурсгалд зориулж “Тунгалаг тамир” романаа бичиж, хөшөө босгосон гэдэг. Харин таныг ийм сайхан аавдаа зориулж бүтээл туурвисныг тэр бүр хүмүүс мэддэггүй шүү дээ?

-“Тэнгэр буурал аав” дуу бүтсэн түүх их сонин. Дууны шүлгийн мастер Л.Дагвадорж гуайн зээ охинд би багшилдаг байлаа. Нэг өдөр “өвөө өгч байна” гээд надад нэг дугтуйд хийсэн шүлэг өгсөн. Миний аав бурхан болоод 25 жил болж байсан үе л дээ. Тэр шүлгийг уншихад дотор маань “шүлэг амилж”, эгшиг болон дуугарч эхэлсэн. Бадаг бүр нь, дахилт бүр нь давтагдаагүй тэр шүлэгт миний аавдаа хэлэхийг хүссэн, сэтгэлд минь бугшсан тэр л үгс байсан болов уу.

Нутаг холдсон аав минь

Ирэхийн цагтай ч болоосой

Сайхан буурал аавыгаа

Санахын цаг нь урт байгаасай

Заяа нь урт уултайгаа

Заавал хамт байя даа

Тэнгэр буурал аавтайгаа

Тэнцүүлж дуулах эгшиг олъё доо гэдэг юм.

Хичээлээ дуусмагц бушуухан харьж, энэ тухай ээждээ хэлсэн. Ээж маань “Ийм мундаг хүн миний охиныг тоож шүлгээ өгсөн байна. Миний охин сайхан ая хийгээрэй” гэж хэлсэн.

Би арван хэдэн жил хөгжмийн сургуульд сурч мэдсэн бүхнээ “Тэнгэр буурал аав” дуунд гаргасан. МУГЖ Г.Эрдэнэбат анх дуулж, дараа нь поп маягийн болгоод Б.Сарантуяагаар дуулуулсан. Нэгдүгээр бадгийн оркестрийг дурсамж маягтай, хоёрдугаар бадаг нь модон үлээвэртэй жаахан хөнгөн, гуравдугаар бадаг нь бүх оркестр тоглодог том том акордуудтай. Уг нь минорын дуу боловч би төгсгөлийг нь мажороор төгсгөсөн. Өөртөө бол аавтайгаа тэнцэх эгшиг олчихлоо гэж тайлбарлаж байгаа нь энэ юм.

Би охиндоо “Ээж нь Б.Шаравын “Ээж аавдаа” дуу шиг дуу хийчихвэл “Харамсахгүй өөд болно” гэж хэлсэн. Охин маань “Та яасан муухай юм. Таны “Тэнгэр буурал аав” гоё ш дээ” гэж хэлсэн.

Мөн ээж, бид хоёрын “Эрдэнийн Тайшир уул” гэж дуу бий. Манай аав чинь Говь-Алтайн Тайширынх шүү дээ. Ээж маань,“Говь-Алтайд төлийн аян явах нь, чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө чадна гэж билээ. Ээж маань, “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, их сайхан аялгуутай хийгээрэй” гээд, өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний бараг анхны тэр дуу одоо радиогийн “Алтан фонд”-д бий. Тэр үед урлагийн холбооны дарга байсан Б.Зангад гуай дуулж амилуулж байлаа.

-Таныг аавтайгаа эцсийн удаа уулзаж чадалгүй бурханы оронд явуулсан гэж сонссон. Бас аавын тань нас барсан шалтгаан тодорхойгүй байдаг гэдэг?

-Түүнийг яриад яах вэ дээ. Гэхдээ учир битүүлэг гэмээр нас барсан. Яагаад гэвэл, зүв зүгээр хоёр хөл дээрээ явж байсан хүн гэнэт өвдөж 14 билүү, 21 хоноод бурханы оронд одсон. Би тэгэхэд хойно оюутан байсан.Ээжээс асуухаар, миний хүүхдүүд тэрийг яриад яах вэ гэдэг байсан. Аавын маань нас барсны гэрчилгээ ч Монгол Улсын архивт байдаггүй юм. Ээж минь өөд болоод арав гаруй жил болсон ч ээжийн тоглосон кино өдөр бүр шахуу зурагтаар гардаг. Тийм болохоор ээж минь миний дэргэд байгаа юм шиг л санагддаг. Харин аав хааяа нэг зурагтаар гарахад их сонин мэдрэмж төрдөг. Би дахин дахин ухрааж үзээд л суудаг.

-Ааваас тань та бүхэнд үлдсэн ямар үнэт зүйлс байдаг вэ?

-Аавын маань насаараа хураасан гурван ачааны машин дүүрэн ном бидэнд өвлөгдөн үлдсэн. Аавын зохиолууд ялангуяа “Тунгалаг тамир” романыг олон хэлээр хэвлэсэн. Мөн өвөөгийн эдэлж хэрэглэж байсан нэг хөөрөг бий. Энгийн л нэг шаазан хөөрөг боловч голомтыг нь залгамжилж үлдсэн дүүд минь өвлөж үлдсэн байдаг. Аав 16 мм-ийн хальсаар кино авдаг байсан. Түүнд ашигладаг байсан бүх зүйл бидэнд бий. Мэдээж зохиолынх нь гар бичмэлүүдийг хадгалдаг. Тэрэн шиг үнэтэй зүйл байхгүй. “Тунгалаг тамир”-ыг монгол бичгээр бичсэн гар бичмэл байгаа. Ойг тохиолдуулаад “Тунгалаг тамир” романыг хоёр ботиор хэвлүүлсэн. Нээлтийг ойн үеэр хийх байх.

-Олон сайхан бүтээл туурвиж бидэнд үлдээсэн эрдэмтэн зохиолчийн маань мэндэлсний ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Он гарснаас хойш өргөн хэмжээний ажил хийж эхэлсэн. Ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоолыг саяхан гаргаж, комисс байгууллаа. Аавын минь ойг тэмдэглэхэд төр, засаг ихэд анхаарч байгаад үр хүүхэд бид маш баяртай байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийнхан ойг тэмдэглэх ажилд өргөнөөр оролцохоор болсон. Ойг тэмдэглэх хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийнэ. Аав минь олон газарт багшилж, ажиллаж байсан хүн л дээ. Тэр дундаа соёл, урлагийн байгууллагыг дурдах нь зүйтэй. Ардын дуу бүжгийн чуулгыг аав байгуулсан гэдэг. Драмын театрын тайзан дээр жүжгүүдийг нь тавьж, зохиол бүтээл нь кино бүтээл болж гарсан. Их сургуульд философи, урлагийн гоо сайхны хичээл оюутнуудад заадаг байсан. Мөн Хөгжим бүжгийн коллежийг шинэ байранд ороход ч их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж хэлдэг.

-Ч.Лодойдамба гуайн хөшөөг бүтээхээр болсон гэсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ. Хүмүүст хэзээ танилцуулах бол?

-Говь-Алтай аймгийн Тайширт байсан хөшөөг Алтай сум руу нүүлгэсэн юм. Гэтэл Тайшир сумынхан хөшөөгөө буцааж авахаар болоход алтайчууд өөрсдөө хөшөө босгохоор хандив цуглуулсан юм билээ. Алтай хотын ууган сургууль нь аавын нэрэмжит учраас шинээр босгох хөшөөгөө өмнө нь байрлуулахаар болсон. Гэтэл Өвөрмонголоос аавын зохиол бүтээлийг бишрэн шүтэгчид энэ ажилд оролцохоо мэдэгдсэн юм. Тэд аавын хөшөөг Улаанбаатарт босгох санал дэвшүүлж, өөрсдөө зураг төслөө гаргаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгохоор боллоо. Аав минь хүүхдүүдтэй их ойр тоглож нааддаг хүн байсан. Тиймээс хөшөөнийх нь дэргэд хүүхдүүд байгаагаар хийхээр ярилцсан. Хөшөөг яг хэзээ танилцуулах нь одоогоор тодорхойгүй ч энэ жилдээ багтаагаад босгочихоосой гэж битүүхэндээ хүсч сууна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *