Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхтүшиг: Гадагш хичээл, сургуульдаа явах оюутнуудын тоо нэмэгдэж эхэлсэн

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.


-Дэлхийн улс орнуудад суугаа монголчуудаа татан авах ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Хилийн чанадад нийт 52 улсаас 12.461 иргэн эх орондоо ирэх хүсэлт өгсөн. Үүнээс эх орон руугаа буцахыг хүссэн бага насны хүүхэдтэй 2.300 гэр бүл байгаа юм.

-Гадаадад оршин суугаа монголчууд эх орондоо ирэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байна. Ойрын үед үүнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар дөрөвдүгээр сараас эхлэн олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар энэ сард Прагаас 185 хүний зардлыг бүрэн дааж нислэг үйлдсэн. Энэхүү байгууллагын шугамаар Бразил болон Туркт хүндрэлд орсон иргэдэд хүнс болон бусад туслалцаа дэмжлэгийг үзүүлээд байна.

-Тэгвэл төрийн зүгээс гадаадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ хэрхэн дэмжих вэ?

-Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль бий. Үүнд зааснаар, 300 сая төгрөгийг хилийн чанадад суугаа монгол “иргэдэд туслах сан”-д төвлөрүүлнэ гэсэн.Туркт байгаа 200 гаруй өрхөд “иргэдэд туслах сан”-гаас хүнсний болон бусад түрээсийн тусламжийг үзүүлээд байгаа. Тиймээс 300 сая төгрөгтэй холбоотой шийдвэр саяхан гарсан тул санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд үүнийг хэрхэн хүргэх вэ гэдэгт нарийн шалгуурыг тогтооно. Иргэдийн дунд мөнгө тараана гэсэн ташаа ойлголт мэр сэр гарч байгаа.

-Иргэд маань ямар улсаас нутаг буцах хүсэлтээ түлхүү илгээж байгаа юм бол?

-Америк болон Австралид гол анхаарлаа төвлөрүүлэн иргэдээ татаж авахаар ажиллаж байна.Тодруулбал, АНУ-аас 2.433, Австрали улсаас 1.180 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр чиглэлд тогтмол нислэг зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн удаа нийт 59 удаагийн нислэгээр 12 мянга гаруй иргэнээ агаарын замаар татан авсан. Үүнд авто замыг хамааруулан үзвэл нийт 18.700 хүрсэн. Хамгийн хэрэгцээ шаардлагатай байгаа чиглэлд, Америк, Австрали болон БНСУ тэргүүлэх ээлжинд орж буй. Гэхдээ зөвхөн энэ гурван чиглэлийг онцлоод бусдыг нь орхигдуулна гэсэн үг биш. Энэ бол нислэгийн давтамжтай холбоотой шийдвэр юм.


-Монголоос Хятад улс руу явах хүсэлтэй иргэн цөөнгүй байгаа гэж сонссон?

-Хятад руу явах хүсэлтээ гаргасан 170 гаруй хүний өргөдөл бий. Үүнийг ангилбал, 120 орчим нь тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийн асуудлыг тэргүүн эгнээнд шийдвэрлүүлэх шаардлагатай. Гэр бүлийн гишүүд олон сараар хол амьдарвал хүнд нөхцөл үүсэх нь тодорхой. Тийм учраас Хятадын талтай үүнийг ярилцаж байгаа.Цар тахалтай холбоотой урд хөрш хилээ гуравдугаар сарын сүүлээс хаасан. Хятадад 30 хоногийн визгүй хугацаанд нь зорчоод, хил хаалттай үед хоног хэтрүүлбэл өдрийн 500 юанаар торгуулдаг. Тэгэхээр энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй.

-Япон улс руу өчигдрийн нислэгээр нийт хэдэн оюутан явсан бэ. Цар тахлын үед гадаад руу яваад дахин буцах хүсэлт гаргавал ямар зохицуулалт хийх вэ?

-Токио руу хийгдэж буй тусгай үүргийн нислэгээр өчигдөр 90 гаруй монголчууд явсан.Ерөөс Монгол Улсын иргэн гадаадад зорчих, эх орондоо ирэх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Энд ирж, явж болохгүй гэсэн хатуу хориг тавиагүй. Гадаад руу явж байгаа монгол иргэдийн хувьд тухайн очих улс хилээрээ нэвтрүүлэх үү гэдэгт л гол асуудал бий. Түүнээс биш УОК, ГХЯ-ны зүгээс энэ хүмүүсийг хилээр гаргахгүй гэж хориглоогүй. Тэгэхээр зөвхөн оюутнууд гэлтгүй байнга оршин суух боломжтой хүмүүс МИАТ компани дээр очоод энгийн үед билетээ яаж авдаг тэр горимоор гадаад руу зорчиж байгаа.

-Япон улсын зүгээс хилээр нэвтэрч буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Японы Элчин сайдын яамтай бид ярилцсаны үндсэнд оюутнуудын визийг шуурхай гаргаж, энэ удаагийн нислэгт амжсан. Тэд зөвхөн тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, байнга оршин суух гэдэгт 90-ээс дээш хонох зөвшөөрлийг хэлж байгаа юм.

-Гадаадад суралцдаг монгол оюутнуудын ихэнх хувь нь Хятадад сурч боловсордог гэсэн мэдээлэл бий. Хятадын талаас сургууль эхлэх талаар мэдэгдсэн үү?

-Гадаадад манай улсын 40 мянга гаруй оюутан суралцдаг гэсэн мэдээлэл бий. Үүний 12 мянга орчим нь БНХАУ-д сурдаг. Хятадын хувьд хилээ хаасан учраас хичээл сургууль хэзээ эхлэх нь тодорхойгүй. Энэ асуудал тодорхой болмогц хилээр хэзээ, хэрхэн яаж нэвтрэх асуудлыг шийднэ.

-Тэгвэл гадаадад хүнд нөхцөлд орсон, эх орондоо ирэх хүсэлтэй хэдэн иргэн байна вэ?

-Эх орондоо ирэхийг хүссэн 12.461 иргэн байгаа. Улсын онцгой комиссын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй гэх шалгуурыг тавьж буй. Одоогоор эдгээр иргэний эзлэх хувь буурсан үзүүлэлттэй байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг агуулгаар нь харвал бусад шалтгаантай иргэд олон болсон. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанд гадаадад суугаа долоон мянга орчим иргэн орсон байгаа. Тодруулбал, ар гэрийн гачигдал, санхүүгийн боломж хомс, богино хугацааны визтэй зэрэг асуудал бий. Иймээс сүүлийн үед хийгдэж байгаа нислэгүүдэд УОК-оос тавьж буй таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэдийг түлхүү хамруулж байна.

-Одоогоор ямар улс орнууд хилээрээ гадаадын оюутан сурагчдыг нэвтрүүлж байгаа вэ?

-Солонгос болон Америкийн хувьд хилээрээ нэвтрүүлж байгаа. Оюутнууд энэ чиглэлд явахад тусгай үүргийн нислэгүүдэд бүрэн боломж бий. Тэгэхээр онгоцгүй, нислэггүй болсноор оюутнууд хичээлдээ очиж чадаагүй гэх асуудал байхгүй.

-Монголчууд олноор төвлөрөн суурьшсан улсаас иргэдээ татан авахад асуудалгүй байх.Харин эсрэгээрээ Монголын ганц хоёр иргэн гадаадад гацсан бол хэрхэн шийдвэрлэх вэ?

-Африк тивийн Нигер улсад Т.Оюуномин гэх эмэгтэй байсан, тэр одоо Монголдоо ирсэн.Тухайн үед Нигер улсын агаарын хил хаалттай байсан шүү дээ. Эх оронд нь авчрахын тулд ГХЯ болон Элчин сайдаар дамжуулж олон ажил хийсэн. Одоо бид Африк, Танзани, Мали, Өмнө Судан зэрэг улсаас иргэдээ татан авч байгаа. Саяхан Саудын Арабт агаарын нислэггүйгээс үүдэн зургаан сар гацсан иргэнийг эх оронд нь авчирлаа. Өнгөрсөн хугацаанд, Бразил, Аргентинаас хүртэл иргэдээ татсан. Хэдийгээр нислэгт хамруулах боломж байвч тухайн улс агаарын хилээ хаасан бол хэцүү. Тэгэхээр бид яриа хэлэлцээр хийж, боломж гарсан даруйд иргэдээ авч байгаа. Нэг ч иргэнийг анхаарлаасаа гадуур байлгахгүй байхыг хичээж ажилладаг.

-Гадаадад нийт хэдэн оюутан байна вэ?

-Нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийн тоо 12.400 орчим байгаа бол үүнээс 1.800 орчим оюутан гадаадад байна. Сургуулиа төгсөөгүй, дараагийн курст дэвшин суралцах хүмүүсийн хувьд нутаг буцах хүсэлтээ больсон. Одоогийн байдлаар эх орноосоо явах оюутнуудын тоо илүү нэмэгдэж байна.

-Тодорхой болсон нислэгүүд одоо бий юү?

-Энэ сард нийт 17 нислэг үйлдээд байна. Хамгийн сүүлд АНУ-ын Сиэтл рүү шууд нислэгийг гурав дахь удаа хийхээр боллоо. Харин ирэх сарын төлөвлөгөөт нислэг УОК-ын ээлжит хурлаар танилцуулсны дараа тодорхой болно.

-БНХАУ-ын талаас 36 улстай хилээ нээсэн гэж яриад байгаа. Яагаад Монгол Улс талаас хилээ нээхгүй байна вэ?

-Энэ мэдээллийг албан ёсны болгох шаардлагатай, одоогоор яриа хэлэлцээрийн шатанд байгаа болов уу. Хятад улс агаарын болон авто замын боомтуудаа албан ёсоор нээгээгүй. Хятадад гуравдугаар сарын 20-ниос хойш гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Одоогоор энэ нь хүчинтэй хэвээр байгаа.Бид БНХАУ-тай эхний ээлжинд эдийн засгаа дэмжих хүрээнд “Ногоон гарц” түр журмыг нэвтрүүлсэн билээ. Энэ нь Хятадтай хилээ хэсэгчлэн нээх яриа хэлэлцээрийн нэг хэсэг гэж ойлгож болно. Уг асуудлыг зохион байгуулалттай урагшлуулж улсын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэх чиглэлийг ГХЯ барьж байгаа.

П.
САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *