Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхбаатар: Үндсэн хуульд зөв өөрчлөлт хийхгүй бол ирэх найман жилд дахин хөндөгдөхгүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа хэд хэдэн асуудал байсан?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим асуудалд санал нийлэхгүй байсан. Гэхдээ УИХ-ыг илүү хариуцлагатай, сахилга баттай, гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэрийг хангах, Ерөнхий сайд, сайд нараа томилох, чөлөөлөх огцруулах, 2000 оны долоон өөрчлөлтийг залруулж байгаа зэргийг дэмжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Уг төслийг санаачлагчдын нэг нь би. Гарын үсгээ зурсан ч зарим асуудлын үндэслэл, ач холбогдлоос шалтгаалан тодруулах болон өөрчлөх шаардлагатай зүйл бий гэж үзэж байгаа. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар Үндсэн хуульд заахыг дэмжихгүй байгаа. Энэ нь одоогийн улс төрийн намын нүсэр бүтэц, тогтолцоо Үндсэн хуульчлагдсанаас өөрцгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах улс төрийн нам улсын хэмжээнд салбар, хороо, үүртэй байх шаардлагатай болно. Ингэснээр улс төрийн намын зардал өсч санхүүжилт хайх өнөөгийн байдал хэвээр үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр хөдөө, орон нутаг дахь улстөржилтийг улам дэвэргэнэ.

Мөн жижиг, шинэ намуудын хөгжил төлөвшилтийг хязгаарлах, жижиг намууд улсын хэмжээнд намын үүр, хороогоо ажиллуулах мөнгө олохын тулд эргээд нэг компанийн юмуу, мөнгөтэй хувь хүний халаасанд орох эрсдэл үүснэ. Түүнчлэн Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх байгууллага бий болгохоор тусгасан. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн субьект биш. Статусыг нь заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй. Төрийн албаны зөвлөлийг бид Үндсэн хуулийн субьект болохгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хассан. Үүнтэй яг ижил. Үнэхээр ийм зөвлөл байх шаардлагатай бол бусад хуулиудаараа, Шүүхийн тухай хуулиараа, эсхүл бие даасан тусдаа хуулиар зохицуулах хэрэгтэй.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоодоггүй байсныг өөрчилж нийт 22 шүүгчтэй байхаар төсөлд тусгасан. Одоогийн Шүүхийн тухай хуулиар Дээд шүүх 24-өөс доошгүй шүүгчтэй байхаар заасан. Дээд шүүхийн шүүгчийн тоог дөрвөөр бууруулахаар заасан гэсэн үг. Ер нь хяналтын шатны шүүгчийн ажлын ачаалал орон тоонд тохирсон эсэхийг би тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ дээд шүүхийн нэг шүүгч жилд дунджаар 200 гаруй хэрэг шийдвэрлэдэг гэсэн статистик бий. Зарчим нь Үндсэн хуульд энэ өөрчлөлт орсны дараа дор хаяж 20 жил өөрчлөгдөхгүй, дагаж мөрдөгдөх учраас хяналтын шатны шүүхийн ачаалал өсч болзошгүй гэж тооцох нь зүйтэй. Иймд одоогийн дээд шүүхийн шүүгчдийн тоог бууруулахгүй, дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд тусгахгүй байх саналтай байгаа. Мөн хэд хэдэн асуудлыг өөрчлөх саналтай байгаа. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж оролцоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй боловч тусгах шаардлагатай ямар асуудлууд байна вэ. Нэмж тусгах боломжтой юу?

-Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг хөндөж байж нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд байх боломжтой. Одоогийн төсөл 28 хувийг хөндсөн гэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиудаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт төсөлд тусгагдаагүй шинэ зүйл, хэсэг, заалтыг хөндөж зарчмын зөрүүтэй санал гаргахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гишүүд одоо өргөн мэдүүлсэн төслийнхөө хүрээнд тойрч ярихаас өөр аргагүй гэсэн үг. Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал уг асуудлыг дахин найман жилийн хугацаанд дахин хэлэлцэх, өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг. Мөн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хориотой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед олон хязгаарлалт үйлчилдэг учраас эхнээс нь иргэд, гишүүд, судлаачдын саналд давтагдсан, төсөлд орхигдсон зарим саналуудыг тусгаж 35 хүртэлх хувьд нь хүргэж УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь илүү зөв байсан болов уу бодож байна. УИХ-ын гишүүний хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 онд иргэдээр хэлэлцүүлэх явцад иргэн бүр сонгосон гишүүнээ эргүүлэн татдаг болъё гэх саналыг гаргаж байсан. Энэ асуудал тусгагдаагүй байна. Мөн 2017 оны иргэдийн хэлэлцүүлэгт орсон төслийн хувилбарт хот, тосгон нь засаг, захиргааны нэгж байхаар заасан байсан. Одоо уг заалтыг өөрчлөөд хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан байна. Төрийн үйлчилгээ засаг захиргааны нэгжээр дамжиж иргэдэд хүрдэг. Миний сонгогдсон тойрогт гэхэд л 3000 гаруй оршин суугчтай Хатгал гэж тосгон бий. Энэ тосгоны иргэдийн ихэнх нь төрийн үйлчилгээ, Засаг даргын тодорхойлолт зэргийг авахын тулд 40 км явж байж сумын төвөөсөө авдаг. Энэ тохиолдолд цөөн хэдэн хүний асуудал биш, 3000 гаруй буюу илүү олон хүнтэй тосгоны асуудал яригдаж байдаг. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сумын төвөөс авдаг төрийн үйлчилгээг Хатгал тосгоныхон болоод олон хүн амтай сумын төвөөс хол оршдог бусад тосгоныхонд боломж бүрдэх үү гэдэгт асуудал байгаа юм. Хотыг засаг захиргааны нэгж болгоё гэдэг ч маш олон санал авсан. Гэтэл засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэсэн ганц өгүүлбэр л орж ирлээ. Одоо хот тосгоны эрх зүйн үндсийг Үндсэн хуулиар тогтоох заалт байгаа. Энэ заалт байгаа ч манайд хотууд хөгжсөнгүй. Манай улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана гэдэг заалт хөндөгдөөгүй учраас хотыг засаг захиргааны нэгж болгохоос нааш дорвитой өөрчлөлт гарахгүй.

-Та төрийн сүлдийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байсан. Яагаад ингэж үзсэн юм бэ?

-Төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа үед одоогийн төрийн сүлдийг өөрчлөх эсэх асуудлыг хөндөж ярих нь зүйтэй. Миний хувьд одоогийн төрийн сүлдийг өөрчлөх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. “Соёмбо”-ын үсгийг төрийн сүлд болгохыг дэмждэг хүмүүсийг нэг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэн бэлгэддэг шүү дээ. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудал байгаа боловч хөндөгдөх боломжгүй болж байх шиг байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн гэх шүүмжлэл байна.

-2008-2012, 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн зохицуулалттай сая өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтууд дийлэнх хувь давхцаж байгаа гэж ажлын хэсгийнхэн тооцсон байсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн ихэнх нь 2008 оноос яригдаж, үе үеийн УИХ-д өргөн мэдүүлэгдэж байсан гэж үзэж болно. Эрх баригч намын хүсэл сонирхолд нийцүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Магадгүй зарим нэг заалт зөвхөн МАН гэлтгүй том намуудад илүү ашигтай байж болох. Цаашид төслийн талаар хэлэлцүүлгүүд хийгдэнэ. Ард нийтийн санал асуулга явагдах учраас улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, саналаа өгөх байх аа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт авчрах уу?

-Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг даган тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх шаардлагатай тулгардаг. Энэ өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь мөн үү, нөхцөл, боломж нь бүрдсэн үү гэдэг нь чухал. МАХН буюу одоогийн МАН 46 суудалтай байхад 2011 онд Ж.Сүхбаатар нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг ТББХ-оор хүртэл хэлэлцэж эхэлсэн ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй сонгууль тулсан. Ардчилсан нам 34 буюу хамгийн олон суудалтай байхад 2015 онд Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч мөн хэлэлцэж амжаагүй. Тухайн үед цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдээгүй байсан болов уу. Нэг нам одоогийнх шиг үнэмлэхүй биш ердийн олонх болсон 2008-2012 онд ч, аль ч нам олонх болж чадаагүй 2012-2016 онд ч тэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зориг тухайн үеийн улстөрчдөд байсан ч болоогүй. Гэхдээ нийгмийн шаардлага байна гэдэг эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зөв, эсхүл буруу гэдэг асуудал яригдахаас илүү цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдсэн үү, үгүй юу гэдгээс хамаарах асуудал гэж бодож байна. Энэ удаагийн Их хурал эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дараа нь зөвлөлдөх санал асуулга явуулж, үүндээ үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан, 21 аймаг, нийслэлд иргэдээр төслийг хэлэлцүүлж, олон процессыг дамжсаны эцэст төслийг өргөн мэдүүлсэн. Судлаачдыг ч энэ ажилд өргөнөөр оролцуулсан. Одоо нэг дэх хэлэлцүүлэг хийгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг засч, сайжруулаад батлуулахын төлөө ажиллана. Гэхдээ олонхоороо хүчилж шийдэх боломжгүй. Төслийн ач холбогдол нь төрийн эрх мэдлийн хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад оршиж байгаа. Төр засаг тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн аж амьдралд сайнаар нөлөөлнө.

-Ерөнхийлөгчтэй холбоотой ганц заалт оруулсан, ингэхдээ нас зааж 55 нас хүрсэн байна гэсэн. Энэ заалттай санал нэгдэж байгаа юу?

-Ажлын хэсгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгогдохын тулд улс төр хийдэг, олон нийтэд таалагдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхийлөгчөөс буучихаад улс төрд эргэн орж ирдэг зэрэг сөрөг талуудыг хаах зорилгоор ийм зохицуулалт оруулсан байна лээ. Ерөнхийлөгчийн насны босгыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа. Харин зөвхөн нэг удаа сонгогдох тухайд нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, нийт ард түмнээс сонгогдож, парламент хуулиараа баталгаажуулдаг учраас дахин сонгогдож болно гэж бодож байна. Насны босго болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлсэн учраас дээр дурдсан сөрөг үр дагаврыг багасгах боломжтой.

-Сонгуулийн тухай хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ. УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно хэмээсэн заалт орсон. Үнэхээр гишүүдийн яриад байгаа шиг хуулиар сонгуулийн тогтолцоог тогтоож, пропорцианаль тогтолцоотой болгох гээд байна уу. Энэ хууль манайд хэр тохирох вэ?

-Энд хоёр ялгаатай асуудал байна гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн агуулгатай зохицуулалт тусгасан. Сонгуулийн можаритор буюу олонхын, пропорцианаль буюу хувь тэнцүүлсэн, холимог буюу энэ хоёр тогтолцоог хослуулсан гэх нийтлэг хэлбэрүүд байдаг. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт оруулснаар ямар тогтолцоотой сонгууль явуулахыг зөвхөн Сонгуулийн хуулиар шийддэг болно. Энэ бол нэг асуудал. Гэхдээ Сонгуулийн хуульд мажоритар, пропорцианаль, эсхүл холимог гэсэн дурын тогтолцоог заан хэрэглэж болох уу гэдэг өөр асуудал. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хөндөөгүй, хэвээрээ байгаа. 2016 онд Үндсэн хуулийн Цэц пропорцианаль тогтолцоо нь “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгоно” гэсэн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзсэн учраас Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Их Хурал 2016 оны ээлжит сонгууль болохоос хоёр сарын өмнө хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл шууд сонгоно гэдэг үгийг можаритор тогтолцооны сонгуулиар УИХ-ын гишүүнийг сонгоно гэж Цэц үзсэн. Сонгуулийн тогтолцоог хуулиар заана гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн шууд сонгоно гэсэн зарчмын хүрээнд байх уу, эсвэл сонгуулийн тогтолцоог хуулиар тусгайлан заахаар Үндсэн хуульд өөрт нь тусгасан “шууд сонгоно” гэдэг сонгуулийн тогтолцоотой огт хамаагүй асуудал уу гэдэг асуулт үүснэ. Мэдээж Үндсэн хуулийн хоёр заалт нэг нэгийгээ үгүйсгэсэн байж болохгүй. Энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд илүү тодорхой болох байх. Манайд тохирох тогтолцооны хувьд сонгогч бүр яг ижил санал өгч байсан ч сонгуулийн нэг тогтолцооны хувилбараас гарах үр дүн, нөгөө тогтолцооны хувилбараас гарах дүнгээс ялгаатай байдаг. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг зүгээр нэг техник, зохион байгуулалт, саналын хуудасны өөрчлөлтийн асуудал биш учраас няхуур хандах учиртай. Хууль, эрх зүйн орчин ямар байхаас үл харгалзан можаритор тогтолцоо, цэвэр пропорцианаль гэхээсээ илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үздэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *