Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт “Чингисийн угсааны хаанчлалын мандал: Дундад үеийн Евразийн улс төрийн дэглэм, соёл” сэдвээр МУИС-ийн дугуй танхимд лекц уншсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
– Таныг түүх, улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг гэж дуулсан. Антропологийн шинжлэх таны судалдаг сэдвүүдтэй холбогдоод явчхаж байна уу?
-Антропологийн хувьд анх ард түмэн, угсаатны хэл, зан заншил, соёлыг нэгэн цогц байдлаар судалдаг байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. Хүнийг нийгмийн амьтны талаас, соёлын талаас нь өргөн хүрээнд судлах болсон. Нийгэм соёл, хэл, археологи, биологийн антропологи гэсэн үндсэн дөрвөн том салбартай. Ингэж хүнийг олон талаас судлахдаа юм яаж байх ёстой вэ гэдгийг голчлон авч үздэг. Би үндсэндээ хоёр чиглэлээр судалгаа хийдэг. Эхнийх нь, Монголын Өмнөд Азийн улс төрийн байгуулал, дэглэмийн талаар судалдаг. Гэхдээ Их Монгол Улс байгуулагдсанаас өнөөг хүртэлх цаг үеийг хамарч судалдаг. Орчин үеийн өмнөх үеийг судалдаг гэж хэлж болно. Мөн Монголын үндэстэн, угсаатны ижилсэл чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Бидний ярьдаг Монгол үндэстэн, ястан хэрхэн бий болсныг голчлон авч үздэг. Энэ хоёр чиглэл хоорондоо уялдаа холбоотой. Уламжлалт ойлголтоор тодорхой нэг ард түмэн өөрсдийн төр улсыг байгуулдаг хэмээн үздэг. Харин миний хувьд төр улс байгуулагдаж, тэр төр улс нь өөрийнхөө харьяан дахь хүмүүсийг нэг ард түмэн болгож, нэг ижил соёл, нийтлэг үзэл бодолтой болгон төлөвшүүлдэг гэж ойлгодог. Тиймээс улс төрийн байгууллыг нь илүү сонирхдог юм. Төр улс бий болсноор тухайн газар нутгийн хүн ам хэрхэн нийтлэг ард түмэн болон хувирч байна вэ, түүнийг хүмүүс хэрхэн ойлгож ирсэн бэ гэдэг талаас нь судалдаг.
– Таны илтгэлийн сэдэв сонирхолтой санагдсан шүү. Наад зах нь л Чингисийн угсааныхантай холбоод ярихад хаанчлал гэсэн нэр томьёо түүхийн сурвалж бичгүүдэд харагддаггүй?
-Яагаад энэ лекцийг унших болсноо эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Германы эрдэмтэн Пауль Рачневскийн “Чингис хаан түүний амьдрал ба өв” номыг орчуулан хэвлэж байсан юм. Тухайн үед 300 хувь хэвлэгдэн гарсан. Судлаачид энэ номыг Чингис хааны тухай хамгийн шилдэг намтар гэж үздэг. Өрнөдөд энэ ном маш олон удаа хэвлэгдсэн байдаг. Харин энэ жил “Стэппэ Паблишинг” хэвлэлийн газраас дахин хэвлэх санал тавьснаар худалдаанд гарахад бэлэн болоод байна. Ингэхдээ уншигчдад ойлгоход илүү хялбар байдлаар сэргээн зассан. Энэ явдалтай холбогдуулан хэвлэлийн компаниас лекц уншаач гэсэн санал тавьсан юм.
Тэгээд “Чингисийн угсааны хаанчлалын мандал: Дундад үеийн Евразийн улс төрийн дэглэм, соёл” гэсэн сэдвээр лекц уншихаар болсон. Монголын түүхэнд хаанчлал гэсэн нэр томьёог хэрэглэдэггүй л дээ. Харин Хятад юм уу, өрнө дахины суурьшмал орнуудын түүхэнд илүүтэй хэрэглэсэн байдаг. Хаанчлал гэсэн ойлголтыг хэрэглэснээрээ Монголын төр улс эдгээр орнуудтай ижил байсныг харуулж байгаа юм. 1206 онд Их Монгол Улс байгуулагдаж Чингисийг хаанаар өргөмжилснөөс хойших угсаа залгамжлалыг тооцох юм бол 1634 онд Лигдэн хааныг нас барах хүртэл Чингисийн угсааны хаанчлал тасраагүй. Нэг гэр бүл, нэг угсааны хаанчлал 400 гаруй жил үргэлжилсэн тохиолдол дэлхийн түүхэнд тун ховор. Тиймээс үүнийг хаанчлал гэж үзэх үндэслэлтэй.
-Нэг удам угсааны 400 жилийн хаанчлал дэлхийн түүхэнд ер нь л байхгүй юм биш үү?
-Японы эзэн хааныг эс тооцвол байхгүй гэж хэлж болно л доо.
-Гэхдээ хаанчлал гэж авч үзэхгүй гэсэн хандлага бас байдаг. Ямар шалтгаанаар тэгж үздэг юм бол?
-Хаанчлал гэж авч үздэггүй нь Монголын улс төрийн байгууллыг овог аймаг, ураг төрлийн нийгэм гэж ойлгодогтой холбоотой. Ураг төрлийн нийгэм гэдэг нь нийгмийн харилцааг ураг төрлийн харилцаагаар зохицуулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн ахтай, дээл захтай гэсэн зарчмаар харилцдаг байсан. Хамгийн ахмад нь илүү эрх мэдэлтэй гэсэн үг. Ийм ураг төрлийн нийгэмтэй газар төр улс оршин тогтнох боломжгүй гэсэн хандлага байдаг. Ураг төрлийн нийгмээс бүрдсэн улс нь богинохон хугацаанд байгуулагдсан хэрнээ хурдан хугацаанд задран унадаг сул талтай. Энэ нь Чингис хаан өөрийн эзэнт гүрнээ дөрвөн хүүдээ хуваан эзэмшүүлснээс үүдэлтэй. Урагшаа Өвөрмонгол, баруун тийшээ Казахстан, Каспийн тэнгис, хойшоо Оросын өмнөд хэсэг хүртэл газар нутгийг Чингис хаан эзлэн Эзэнт гүрнээ байгуулсан. Гэхдээ өөрийн эзэнт гүрнээ дөрвөн хүүдээ хуваан эзэмшүүлсэн. Үүнийг хан хөвүүдийн эзэмшлийн захиргааны систем гэж нэрлэдэг. Монголын хүн ам цөөхөн учраас тархан суурьшихдаа тухайн орны хэл, шашинд бага багаар нэвчиж, ууссан. Жишээ нь, Зүчийн угсааныхан хэл, соёлын хувьд түрэгтэй ууссан. Цагаадайн угсааныхан мөн ялгаагүй түрэг маягийн хэлээр ярих болсон. Үүнийг Түрэгжсэн Чингисийн угсаа гэж нэрлэж болох юм. Ингэж Чингисийн угсааны хүмүүс тухайн захирч байсан нутгийнхаа ард түмний хэл, соёлд ууссан байдаг. Зүчи,Цагаадай, Өгөдэйн байгуулсан улс орнуудад өөрсдийн бие даасан нэр гэж байгаагүй. Зүчийн улс, Цагаадайн улс, Өгөдэйн улс гэж нэрлэгдсээр ирсэн.Тиймээс Их Монгол Улсыг хаанчлал гэж үздэггүй юм. Зарим судлаач Их Монголыг овог аймгийн холбоо ч гэж үзэх нь бий. Харин монгол, хятад, персийн түүхэн сурвалжуудыг харьцуулж судалсны үндсэн дээр Монголын улс төрийн байгууллыг ураг төрлийн нийгэм гэж тайлбарлах оновчгүй гэдгийг тогтоосон. Хаанчлал гэж нэрлэх саналыг үүгээр дэвшүүлсэн байгаа юм.
-Монголын улс төрийн соёл, дэглэм XIII зууны үед ямар байсан бол. Талын зэрлэг овгууд гэнэтхэн л нэгдэн нийлж улс орнуудыг эзэлж аваад Их Монголыг байгуулчихсан гэх тайлбарыг дэлхийн зарим судлаач хэлдэг. Их Монгол улсын доор нэгдсэн овог аймгуудын оршин амьдарч явсан газарт тухайн үед улс төрийн ямар нэг соёл дэглэм тогтсон байсан уу?
-Улс төрийн соёл гэж яривал Хүннү гүрнээс эхлэлтэй. Тухайлбал, Хүннү гүрэн засаг захиргааны аравтын системтэй байсан. Энэ тооны систем нь Манжийн үе хүртэл өвлөгдөж ирсэн. Мөн соёлтой холбоотой хэд хэдэн нэр томьёог дурдаж болох юм. Жишээ нь, Чамар гэдэг хэм хэмжээг тухайн үед дагаж мөрддөг байсан. Энэ үг нь орчин үед чамлах гэсэн үгээр хувирч өөрчлөгдсөн. Энэ нь хэн нэгэн хүн өөр нэгэн хаан, ноёны эзэмшил рүү зарлан тунхаглахгүйгээр дайрч довтлохгүй гэсэн ёс юм. Хэрвээ хэн нэгэн рүү халдах бол заавал мэдэгдэх, дайн тунхаглах ёстой гэсэн зарчим тогтсон байсан. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Хар халзан элээтэд болсон Ван хан, Тэмүжин нарын дайн нь энэ ёсыг зөрчсөн юм. Нэгдүгээрт, Ван хан холбоотны гэрээ зөрчин Тэмүжин рүү довтолсон. Хоёрдугаарт, довтлох ямар ч шалтгаан байгаагүйгээс гадна дайнаа хийхээ урьдчилан мэдэгдээгүй. Энэ бүх зүйлийг өгүүлсэн байснаас үзвэл чамар гэх улс төрийн соёл тогтсон байсныг харуулж байна.
Өөр нэг зүйл нь төр гэх нэр томьёо юм. Төр хэмээх үг нь дундад зууны үед юмыг хэрхэн яаж хийх ёстой вэ гэдэг тогтсон хэм хэмжээний ухагдахууныг илэрхийлдэг байсан. Энэ ойлголт нь Хятадын Күнзийн сургаалын дао гэдэгтэй ойролцоо юм. Жам ёс, юмыг хийх арга зам, тогтсон ёс гэсэн утгатай хэрэглэж байсан. Хаан хүнд өөрийн төр байдаг. Энэ нь хэрхэн ард түмнээ захирах вэ гэдгийг заадаг. Өмнөх жишээ авдаг Ван ханы үйлдлийг төргүй явдал гэж хэлнэ. Ганц “Монголын нууц товчоо” биш 13-14 дүгээр зууны түүхийн олон эх сурвалжид төр гэсэн үгийг ямар утгаар хэрэглэж байгаагаас харж болно.
Засаг гэдэг үг нь тухайн үед бас л өөр утгаар хэрэглэгддэг байсан. Засгийг зөрчих юм бол ял шийтгэл оногдуулдгаас үзэхэд хааны гаргасан хууль, дүрмийг хэлдэг байсан гэж үздэг. Мөн ёс гэдэг үгийг орчин цагт ёс суртахуунтай холбон ойлгох болсон. Гэтэл XIII зуунд энэ үгээр юм хэрхэн яаж өрнөж, өнгөрснийг хэлдэг. Одоогийн бидний ойлголтоор учир жанцан гэдэгтэй ойролцоо утгыг илэрхийлдэг байсан. Эдгээр улс төрийн соёл нь Хүннүгийн үеэс өвлөгдөж ирсэн байдаг. Энэ соёл, ёс заншлуудаас Их Монгол улс үүссэн гэж болно. Түүнээс биш дүрэм журамгүй, эмх замбараагүй, бүдүүлэг, зэрлэг хүмүүс байлдаж яваад төр улс байгуулсан юм биш.
– Их Монгол Улс байгуулагдсан түүхэн шалтгаан нь юу байв?
-Уламжлалт ойлголтоор Монгол гэдэг овог бусдыгаа байлдан дагуулаад улс байгуулсан гэж үздэг. Миний хувьд арай өөрөөр ойлгодог. Кидан гэдэг улс өнөөгийн манай газар нутгийн зүүн хэсэгт оршиж байгаад 1125 онд мөхсөн. Энэ улсын бүрэлдэхүүнд байсан засаг захиргааны нэг нэгж нь Монгол байсан. Зүрчидийн Алтан улс Киданыг мөхөөгөөд газар нутагт нь ноёрхлоо тогтоож амжаагүй байхад нь Монгол гэдэг аймаг ноёрхлоо тогтоож ханлиг болж өргөжсөн. Кидан улс мөхсөнөөр Хэрэйдийн вант улс эсгий туургатан ард түмнийг нэгтгэх ажлыг хийж эхэлсэн. Киданы овог аймгууд ч мөн тус тусдаа улс байгуулахыг зорих болсон юм. Тухайн үед Тэмүжин нь Хэрэйдийн Ван ханы түшмэл байдалтай байж байгаад Хар халзан элээтийн дайны үеэр өөрийн нутгаасаа зугтсан. Өөр хоорондоо хаан ширээний төлөө тэмцэлдэж байгааг ашиглан Тэмүжин сэтгэл зүйн дайралт хийсэн байдаг. Жамуха, Хабул хааны хүү Алтан, Ван ханы хоорондох тэмцлийг улам өдөөж, дайн болох нөхцөлийг бүрдүүлсэн. Алтан, Хучар, Жамуха нар нийлж Ван хан руу дайтаад ялагдсан. Ван хан ялалт байгуулсан баяраа тэмдэглэн найрлаж байсан шөнө нь Тэмүжин довтолж ялалт байгуулсан. Ингэж Хэрэйдийн Вант улсын суурин дээр Их Монгол улс байгуулсан байдаг.
Э.ЯНЖМАА