Энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын начин болон харцага цолны болзол хангасан бөхчүүд
Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начин цолны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын уугуул,”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, ”Саруул зам” ХХК-ийн бөх Л.Лха-Очиртой ярилцлаа.
-Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Үндэсний их баяр наадамдаа дөрөв дэх жилдээ зодоглож, улсын начин цолны болзол хангасандаа сэтгэл хангалуун байна.
-Бөхчүүд багаасаа л энэ спортод шимтэн, хичээллэж эхэлсэн байдаг. Харин таны хувьд?
-Миний хувьд ч мөн ялгаагүй. Би Завхан аймгийн Алдархаан суманд 1986 онд төрсөн. Төрөлх сумандаа дөрөвдүгээр анги хүртэл амьдарсан. Тэр үеийн хөдөөгийн хөвгүүдийн жишгээр нэгэнтэйгээ барилдаж, дээл хувцсаа уралцаж л өссөн дөө. Мөн ч олон дээл, гутал элээсэн дээ.
Харин дөрөвдүгээр ангиасаа аймгийн төв болох Улиастай хотод шилжин ирж дунд сургуулиа дүүргэсэн. Харин энэ үеэс аймгийн хурц арслан, үндэсний бөхийн дасгалжуулагч, спортын мастер С.Юнрэн агсны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа базаах болсон. Өдгөө амжилттай сайхан барилдаж, бөхийн хорхойтнуудынхаа мэлмийг баясгаж яваа улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Б.Сумьяабэйс, Н.Бат-Амгалан, Ю.Алтансүх нар бол түүний унаган шавь. Багшийнхаа удирдлаган дор хичээллэж, 2005 онд Архангай аймагт зохиогдсон өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас бага насны ангилалд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртсэн маань надад асар их урам зориг өгсөн дөө. Тэгээд ч миний эргэн тойронд бөхөд элэгтэй, үндэсний энэ спортоо дэмждэг олон сайхан хүн байсан. Одоо ч хэвээрээ. Тэдгээр хүмүүсийн тус дэм ч их бий.
-Дунд сургуулийн сурагч ахуйдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байсан үеэ дурсвал?
-Наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн. Анхны цол, анхны түрүү, дээрээс нь нутаг усандаа гэх утгаараа эргээд санахад үнэхээр дурсгалтай сайхан санагддаг шүү. Анхны энэхүү амжилт минь надад асар их урам зориг өгч, тэр үеэс л эргэлт буцалтгүйгээр бөх болохоор шийдэж билээ. Дээр нь бага залуу байсан учраас нутаг усныхан маань ч миний урмыг бадрааж, зоригийг хурцалж өгсөн. Дунд сургуулиа дүүргэчихээд Улаанбаатарт ирж, “Аварга” биеийн тамирын дээд сургуульд бэлтгэлээ базаах болсон.
Ийнхүү аймгийн наадам, цаашлаад улсын их баяр наадамдаа зодоглох бэлтгэлдээ гарч байгаа хэрэг шүү дээ.
-Та хэзээ аймгийн арслан цол хүртсэн билээ?
-Аймгийн наадамд 2008 онд үзүүрлэн аймгийн заан, дараа жил нь түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн. Ингээд л 2010 оноос улсынхаа баяр наадамд зодоглож эхэлсэн.
-Өмнөх улсын баяр наадмуудад хэрхэн барилдаж байв?
-Хоёр, гурван ч жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодсон. 2010 онд хоёрын даваанд улсын начин Ч.Цогбаярт шуудагны барьцнаас түрж хөөж яваад дагуулж тонгоруулан өвдөг шороодсон. Дараа жил нь Ховд аймгийн арслан Батсайханыг харцага цолтой байхад нь мөн хоёрын даваанд таарч хонгодуулан унасан. Өнгөрсөн жил гурвын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Ч.Баянмөнхөд өвдөг шороодож байлаа. Бөх хүн алдаан дээрээсээ суралцаж бэлтгэл сургуулилтаа шургуу хийдэг жишгээр л явж ирлээ. Нэгэнт үндэсний бөхтэй амьдралаа холбосон учраас одоо надад ухрах зам, шантрах эрх байхгүй. Зөвхөн бэлтгэлээ сайн хийж, амжилтаа ахиулж, үзэгч түмнийхээ урмыг сэргээсэн гал гарсан барилдаан үзүүлэх нь миний зорилго.
-Энэ жилийн баяр наадмаар хоёрын даваанд аймгийн арслан Л.Шинэбаатартай учраа таарсан барилдаан тань наадамчин олныг яах аргагүй суудлаас нь өндөлзүүлж байсан. Улсын цолонд хүрэх хамгийн хүндхэн барилдаан тань тэр байсан талаар бөхийн хорхойтнууд хуучилцгааж байна лээ?
-Үндэсний их баяр наадмын даваа болгон амаргүй. Тэр ч утгаараа бөхчүүдийн хөлс хүчийг дээд зэргээр шавхдаг. Амжилттай сайн барилдаж чадахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрлөө л гэсэн үг. Хоёрын даваанд “Алдар” спорт хороо,”Рекимон” компанийн бөх аймгийн арслан Л.Шинэбаатартай барилдсан. Бид хоёр нэгнийхээ барилдааныг андахгүй мэднэ. Нэг нь мэх хийх гэхээр нөгөөх нь хориглочихоод, эсвэл хийсэн мэхээ дутуудуулчихвал өөрөө уначих гээд хэцүүхэн байсан. Барилдааны төгсгөлд хавираан дээр нь тонгорчихсон. Гурвын даваанд намайг Ховд аймгийн уугуул, улсын харцага Г.Алтангэрэл амласан.
Амлуулж байгаа бөхөөсөө илүү аманд гарч байгаа бөх нь өөрийгөө хурцалдаг юм шиг санагддаг. Тэр жишгээр л гурвын даваанд өөрийгөө хурцалж барилдсан. Шуудагны барьцыг нь халж тавиулангуутаа гишгэдлийг нь тааруулж байгаад зайлчихсан. Өвөрхангай аймгийн уугуул, ”Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Т.Санчиртай дөрвийн даваанд оноолтоор таарсан. Золгоон дээрээс хавираад давсан.
-Улсын начны босгыг давахад ганцхан даваа авах үлдчихээд байхад танд чухам юу бодогдож байв?
-Хэрхэн өөрийнхөө ур чадварыг бүрэн дайчилж барилдъя даа гэхээс өөр зүйл огт бодогдоогүй. Улам хичээж, хийгүй барилдахаар сэтгэл санаагаа төвлөрүүлсэн. Дан ганц үндэсний бөх ч гэлтгүй бусад бүх спортын төрөлд тамирчид биеийн хүч, ур чадварын дасгал хийхээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг давхар хангах хэрэгтэй болдог. Хангалттай ур чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэл зүйн бэлтгэлгүй бол амжилтад хүрэхгүй. Энэ жилийн улсын баяр наадмаар тавын даваанд намайг Өвөрхангай аймгийн уугуул, “АПУ” компани,“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн бөх улсын арслан До.Ганхуяг амалсан. Бүтэн жилийн хөдөлмөр, гол зорилго минь гэж бодоод л зүтгэсэн. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан даа.
Өмнөх жилийн улсын баяр наадмуудад барилдахдаа өөрөө түрүүлж мэх хийгээд, яарч барилдаад, хариу мэхэнд ороод өвдөг шорооддог байсан алдаагаа энэ жил давтахгүйг хичээж барилдсан. Хүлээцтэй, хийгүй барилдахыг хичээсэн. Энэ маань ч оносон. Улсын цолны босгоор алхах даваа тул өөрт байгаа бүх хүчээ дайчилж барилдсан. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан. Ямар нутаг усны хэн гэдэг бөх улсын цолонд хүрэх нь хамаагүй, цэнгэлдэхэд цугларсан наадамчин олон аймгийн цолтой бөхөө үнэн сэтгэлээсээ дэмжин, давахад нь магнайгаа хагартал баярладаг, монгол түмэн минь сайхан юм даа. Наадамчин олны уухай, хүмүүсийн урам хайрласан сайхан үгийг сонсоод нутгийн минь уул ус, зон олон намайг дагаад цэнгэлдэхэд ирчихсэн мэт сайхан санагдаж билээ.
-Харин зургаагийн даваанд ямар бөхөд өвдөг шороодсон билээ?
-Архангай аймгийн уугуул, улсын гарьд Д.Рагчаад унасан. Шуудагны барьцыг нь халуулах гэж байгаад хойш алхахдаа гишгэдэл алдаад өвдөг шороодсон. Цол даваандаа ханалгүйгээр даваа өгсөнө л гэж барилдсан. Гэхдээ дараа жилийн наадам ойрхон байна шүү дээ.
-Таны дархан мэх?
-Ихэвчлэн золгоон дээрээс хавирах эсвэл тонгордог. Хав барьцнаас барилдахад ч дөхөм байдаг.
-Таныг үндэсний бөхөөс гадна самбо, жудо бөхөөр хичээллэдэг гэж сонссон юм байна?
-Жүдо бөхөөр нэг хэсэг хичээллэсэн. Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн. Самбо бөхөөр насанд хүрэгчдийн улсын аварга болж байлаа. Самбо жудогоор хичээллэх нь үндэсний бөхөөр барилдахад багагүй дөхөм болдог шиг надад санагддаг.
-Энэ жил улсын начин цолонд хүрсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Бадамсүрэн та хоёрыг багын найзууд гэх юм билээ?
-Бид хоёр нэг гол дээр тоглож өссөн яах аргагүй хар багын найзууд. Завхан аймаг тэр дундаа Алдархаан сумаас хоёр ч улсын цолтон төрлөө. Энэ бол тэр бүр тохиолдоод байдаггүй ховор завшаан. Завхан аймгийн Идэр сумын уугуул, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан одтой сайхан барилдаж, үзүүрлэн, улсын гарьд цол хүртсэн. Ер нь энэ жил Завхан нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан барилдлаа. Сайхан байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Монгол бөхийн босоо цагаан хийморь уншигч түмнийг минь ивээх болтугай.
М.УУГАН-ЭРДЭНЭ