ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тун удахгүй манай оронд айлчилна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан юм.
-Та хэдээс хэдэн онд Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Тэр үед манай хоёр орны харилцаа ялангуяа эдийн засгийн салбарт ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Би 2004-2009 онд Элчин сайдаар ажилласан. Энэ үед Оросын томоохон компаниуд Монгол орныг нэлээд сонирхох болсон юм. Яагаад гэвэл чухам энэ үед тэд нэлээд хүчирхэгжиж гадаад зах зээлд ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж ирсэн бөгөөд нөгөө талаасаа гэвэл Монголд гадны томоохон компаниудад санал болгох Таван толгой, Оюун толгой, Асгатын орд зэрэгтэй холбоотой төслүүд боловсрогдож бэлэн болоод байлаа, мөн эдгээртэй холбоотой дэд бүтэц шинээр барих асуудал ч бас гарч ирсэн. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийд өндөр байсан, Хятадын аварга зах зээл ойрхон зэрэг нь бас мэдээж нөлөөлсөн биз. Оросын бизнесмэнүүд Монголыг ихэд сонирхож байсны жишээ гэвэл 2007 онд Улаанбаатарт Монгол-Оросын эдийн засгийн бизнес форум зохион байгуулахад Оросын төр, хувийн хэвшлийн бизнесийн 200 орчим төлөөлөгч хэд хэдэн онгоц хөлөглөн ирж оролцож байлаа.
Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хоёр талдаа өндөр дээд хэмжээний айлчлал 10 гаруй удаа болсон. Зөвхөн 2009 онд л гэхэд манайд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин, Холбооны Зөвлөлийн Дээд танхимын дарга С.М.Миронов, Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар айлчлан ирж билээ.
-Хоёр орны харилцааны өнөөгийн түвшин, байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Улс төр, батлан хамгаалах, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, соёл, боловсролын зэрэг салбарт маш сайн байгаа гэж хэлэх байна. Гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэлээр уулзалт, айлчлалыг байнга хийж төрөл бүрийн хамтарсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Боловсролын салбарт гэхэд манайхаас жил бүр 1500 гаруй хүүхэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэдний их, дээд сургуульд суралцахаар явж байна. Тодотгон хэлэхэд манайх тэтгэлгийн хамгийн өндөр квоттой орон юм.
Онцгой анхаарах салбар гэвэл худалдаа-эдийн засгийн салбар байна. Манай улс ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хиллэдэг тул тэдэнтэй зөв харилцах нь манай орны хөгжил, цаашдын хувь заяатай холбоотой маш чухал асуудал. Монгол Улс хоёр хөрштэйгээ найрсаг, стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоогоод байгаа хэдий ч эдийн засгийн салбарт тэдэнтэй тэнцүү харилцаж чадахгүй байна. Жишээ нь, манай экспортын 90 гаруй хувь БНХАУ-д оногдож байхад ОХУ-д ердөө хэдхэн хувь оногдож байна. Гадаад худалдаанд ийм байх нь бас байж болох асуудал гэж үзэж болох боловч хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Оросын талаас манайд оруулсан хөрөнгө оруулалт Хятадынхаас хэдэн арав дахин бага байгаад үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл байхгүй байна. Шинэ төмөр зам барих, уран олборлох, боловсруулахад хамтарч ажиллахаар ярьж ажил болгож эхлүүлэх талаар В.В.Путин, Д.А.Медведев нарын 2009 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан хэдий ч аль алиныг нь бодитой ажил болгоогүй байгаа.
-Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж тодорхой тохиролцоонд хүрч, олон баримт бичгүүдэд гарын үсэг зурах байх. Энэ талаар та бодлоосоо хуваалцахгүй юу?
-Мэдээж айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж таарна. Гэхдээ Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлал БНХАУ-ын дарга Си Жиньпинийхтэй адил төрийн өндөр хэмжээний айлчлал биш богино хугацаатай ажлын айлчлал учир эдийн засгийн хамтын ажиллагааны шинжтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурж амжихгүй л болов уу.
Энэ айлчлалын үеэр гарын үсэг зурах гол баримт бичиг нь олон жил яригдсан харилцан визгүй зорчих болон реадмисс (өөрийн иргэдийг нутагтаа эргүүлэн татаж авах)-ийн тухай хэлэлцээр байх болов уу гэж би ойлгож байна. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсноор эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагаа идэвхжих нь дамжиггүй. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа онцгой өргөжинө гэдэгт итгэлтэй байж болно.
За тэгээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал Халхын голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойн үеэр болж байгаа нь уламжлалт харилцаа хэвээр хадгалагдан үлдсэнийг харуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
-Нээрээ харилцан визгүй зорчих тухай асуудал олон жил яригдсан байх шүү. Яагаад ингэж удсан юм бол?
-Бодох асуудал олон бий л дээ. Жишээ нь, манайхаас хэдэн зуу дахин их хүн амтай хоёр дахь хөрш маань бас харилцан визгүй зорчих асуудал тавибал яах вэ гэдэг ч юм уу. Эдгээр асуудлыг ярих, тохироход мэдээж цаг хугацаа хэрэгтэй биз дээ.
-Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудал руугаа эргэн оръё. Уул уурхайд Оросын талын сонирхол ямар байдаг юм бол?
-Ер нь Орос орон байгалийн асар их баялагтай гэдгийг санах хэрэгтэй. Экспортын бүтцийг нь аваад үзвэл байгалийн хий, нефть, нүүрс, мод давамгайлдаг. Иймд тэднийд ураныг эс тооцвол манайхаас авах уул уурхайн бүтээгдэхүүн бараг байхгүй. Ураны хувьд гэвэл Оросын ураны илрүүлсэн гол нөөц нь манай Дорнод аймгийн хилийн залгаа нутагт байдаг бөгөөд энэ нөөц нь дуусах дөхөж байгаа учир өмнө нь ашиглаж байсан Мардайн уурхайг сэргээн хамтран ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл тодорхой учир шалтгааны улмаас түүнийг Оросын талтай хамтран ашиглах бололцоогүй болоод байгаа юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бодож байна.
Таван толгойн нүүрсний ордыг яагаад сонирхоод байгаа юм бэ гэхээр анх төмөр зам хамтран барихтай холбогдож энэ асуудал хөндөгдсөн юм. Одоо манай төр, засгаас гарах шийдвэрийг хүлээсэн байдалтай байгаа.
-Төмөр замын асуудлаар Оросын тал ямар бодлого баримталдаг вэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 2009 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Уг Тунхаглалд “Тээврийн дэд бүтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах салбарын хамтарсан төслүүдийг зохих ёсоор урагшлуулах шаардлагатай”-г тэмдэглээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (“УБТЗ” ХНН) нийгэмлэгийг далайцтай шинэчлэх, түүний дотор “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу шинэчлэн байгуулах нь хамтын тулгамдсан зорилт” гэж тодорхойлоод Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирсон бөгөөд энэ зорилгоор “Дэд бүтцийн хөгжил” гэдэг хамтарсан компани байгуулсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдсэнгүй.
“Улаанбаатар төмөр зам” нь Орос, Хятад гэсэн хоёр аварга зах зээлийг холбоод зогсохгүй ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятадыг Европтой холбож байна. Иймд бид “Улаанбаатар төмөр зам”-аа хос замтай болгож цахилгаанжуулах ажлаа яаралтай хийж транзит тээврээ нэмэгдүүлж чадвал том уурхайнуудаас илүү ашиг олохоос гадна Евроазийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлж авна гэдгийг бодох хэрэгтэй юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай нутгаар дамжин өнгөрөх ачааг ойрын хугацаанд жилд 40 сая тонн, алсдаа 100 сая тонн ч хүргэх бололцоотой юм билээ.
-Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр их хэмжээний байгалийн хий нийлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Хийн хоолойг манай улсын нутгаар тавих асуудлын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд манай хоёр хөршийн эдийн засгийн харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн 2013 онд хоёр орны худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байсныг 2020 он гэхэд, өөрөөр хэлбэл ердөө зургаан жилийн дараа 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий авах гэрээнд гарын үсэг зурлаа. ОХУ байгалийн хийн томоохон ордуудыг ашиглах “Сила Сибири” гэдэг нэртэй төслийг эхлүүлж байгаа бөгөөд 2017 он гэхэд Эрхүү хүртэл хийн хоолой тавихаар төлөвлөөд байна. Хэрэв Эрхүү хот хүртэл хийн хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар Хятад хүртэл тавих асуудлыг яг одоо ярих цаг нь мөн. Ер нь Монгол Улсын баруун болоод зүүнээр гэсэн ойролцоо урттай хоёр маршрут яригдаж байгаа. Баруун маршрут нь байгалийн саад бэрхшээлээс гадна дархан цаазтай газар болон улс төрийн хувьд тогтворгүй Шиньжаан-Уйгурын нутгаар өнгөрөхөөр байгаа тул нэлээд эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Иймд бид манайхаар хоолой тавих нь ашигтай гэдэг үндэслэл, аргументаа зөв гаргах нь чухал. Хийн гол хэрэглэгч нь Бээжин болоод түүний ойр орчмын район гэж үзэх юм бол манайхаар тавих нь хоёр дахин илүү дөт учир зардал нь мөн тэр хэмжээгээр хямд байхын дээр хоёр дахин хурдан тавих боломжтой. Хамгийн гол нь манайх Украинтай адил хийн том хэрэглэгч (манайхаас хүн ам нь 15 дахин их, хими, металлургийн аж үйлдвэр хөгжсөн) биш учраас манай тал транзит тээврийг саатуулах асуудал гаргахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манай нутгаар хийн хоолой тавих нь бидэнд ямар ашигтайг энд дурьдах нь илүү биз ээ.
-Нефтийн хоолойн хувьд та юу гэж хэлмээр байна?
-Нефтийн хоолойн хувьд гэвэл Оросын талаас манайхаас хоолой тавьж Хятадад нэгэнт нийлүүлээд эхэлчихсэн тул Монголын нутгаар дахин шинээр хоолой тавих магадлал багатай болов уу гэж бодож байна. Харин тодорхой хэмжээний нефть төмөр замаар зөөвөрлөж байх санал тавьж магадгүй юм.
-Хоёр орны гадаад худалдааны тэнцвэргүй байдлын талаар та дээр хэллээ. Манайхаас экспортолдог бүтээгдэхүүнд Оросын тал татвараа бууруулах бодлого байгаа болов уу?
-Манайх ОХУ-аас өөрийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүний дийлэнхийг авдаг. Жилдээ нэг сая гаруй тонн бүтээгдэхүүн авч түүндээ 1.5 тэрбум орчим ам.доллар төлдөг юм билээ. Авч байгаа өөр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй бага. Нөгөө талаасаа бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн нийлээд 100 сая ам.долларт ч хүрдэггүй. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий. Оросын талд хэрэгцээтэй савхин, ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах хүсэл байвч энэ төрлийн бүтээгдэхүүнд оногдуулдаг тэдний татварын хэмжээ өндөр байдаг. Үүнийг бууруулах талаар олон жил ярьж байгаа ч харамсалтай нь тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Татварыг бууруулах талаар цаашид үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ өртөг шингэсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар бас эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Оросоос шатахууны хараат байдлаас гарахын тулд өөрсдөө түүхий нефть авч боловсруулна гэж ярьдаг. Энэ талаарх таны бодол?
-Би эдийн засагч биш. Гэхдээ хар ухаанаар бодоход эргээд түүхий нефтийн хувьд хараат байдалд орно биз дээ. За тэгээд нефть боловсруулах үйлдвэр өөрөө өндөр өртөгтэй, дээр нь нефть болоод бензин, дизель зөөх хэдэн мянган вагон, хадгалах сав хэрэгтэй. Бас тэгээд одоогийн төмөр зам маань ачаалал даах уу, ажиллах боловсон хүч нь хаана байна гээд олон асуудал гарна. Ер нь нефть боловсруулах үйлдвэрийг орд газрын ойролцоо эсхүл далайн боомт, нефть хоолойг түшиглэн барьдаг юм билээ. Энэ тухай Баабар гуай бичсэн санагдана. Иймээс ер нь ашигтай эсэхийг сайтар бодох нь зүйтэй байх.
-Өөр ямар чиглэлээр, ямар төсөл дээр Оросын талтай хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байна?
-Оросын талд дээрх асуудлуудаас гадна бас цоо шинэ чиглэл, төслүүдийг санал болгох хэрэгтэй. Жишээлэхэд Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барина гэж бид яриад байгаа, энэ цогцолборын ямар нэгэн томоохон обьектод хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгож болох юм. Хэрэв хайгуул амжилттай болбол Хятадад нийлүүлэх зорилгоор манайд нефтийн хайгуул хийхийг санал болгож болно. Нефтийн хайгуулын талаар Оросын компаниуд ихээхэн туршлагатай тул сонирхож магадгүй. Эрхүү муж эрчим хүчний илүүдэлтэй байдаг учраас манай нутгаар дамжуулан Хятад руу эрчим хүч дамжуулах шугам тавих асуудлыг нэлээд ярьдаг. Мөн манайх ч хэд хэдэн дулааны цахилгаан станц шинээр барих төсөл эхлүүлэх гэж байгаа учраас Орос-Монгол-Хятадыг холбосон цахилгаан дамжуулах шугам тавих асуудлыг сэргээж идэвхтэй ярих хэрэгтэй. Энэ мэт өөр төслүүдийг санал болгож болно л доо.
-Хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна?
-Өнөөдөр манай хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцааг идэвхжүүлж шинэ шатанд гаргах асуудлыг хөндөж ярих таатай нөхцөл бүрдээд байна. Украины асуудлаас болоод барууны зарим оронтой харилцахад тодорхой хэмжээний саад, бэрхшээл учирч байгаа тул хойд хөрш маань Азийн орнуудтай, ялангуяа БНХАУ-тай харилцаагаа идэвхжүүлэх бодлого баримталж байна. Энэ нөхцөл байдлыг бид ашиглаж хойд хөрштэй харилцах идэвхтэй бодлого явуулах хэрэгтэй бөгөөд үүнийг мэдээж манай тал анхаарч байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ