Categories
мэдээ цаг-үе

Л.Жавзмаа: Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээр Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс дээрх гурван хүний хэргийг хянан хэлэлцээд 20 жилийн хорих ялаар шийтгэсэн. Сүүлийн үед Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал яригдаж эхэлсэн. Тагнуулын ерөнхий газрынхан Б.Содномдаржааг Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр ял эдэлж байгаа хоригдол И нараар зодуулж, олон хоног нойргүй хонуулж, эрүүдэн шүүж байгаа. Т.Чимгээгийн хоригдож байгаа өрөө рүү Ц.Амгаланбаатар цээж нүцгэн орж, дарамталж байгаа зэрэг 27 минутын түүвэр бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт үзүүлсэн. Мөн Б.Содномдаржааг зургаан хоног унтуулахгүй, галуун цуваагаар алхуулж, олон цагаар явган суулгах, С.Зоригийг алсан гэдгээ хүлээ хэмээн Ц.Амгаланбаатар, хоригдол И нар ээлжлэн зодож, хүний өтгөн, шингэнтэй ялгадсыг толгой руу цацаж эрүүдэн шүүсэн нь ил болоод байгаа. Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.


-Таны хүүг Төв аймгийн хорих ангид хоригдож байх хугацаанд эрүүдэн шүүсэн гэдэг нь ТЕГ-ынхны нууц бичлэгээр тодорхой болсон. Та тэр бичлэгийг үзсэн үү?

– Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна. Би хүүгээ хилс хэрэгт гүтгүүлж байна. Миний хүү төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдгийг олон төрлийн нотлох баримттайгаар хэлж ирсэн. Олон ч удаа Орхон аймгаас Улаанбаатар хотод очсон. Хэвлэлийн бага хурал сэтгүүлч нарт хийж, миний хүү энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. 20 гаруй жилийн өмнө гарсан хүн амины хэргийг гэм буруугүй хүмүүст тохож, хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой улс төр, хууль хяналтын байгууллагын бүлэглэл бий болсон гэдгийг хэлж байсан. Хүүг минь анх тагнуулынхан баривчилж цагдан хорьсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хүний эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. Ар гэрийнхэн бидэнд хаана ямар үндэслэлээр баривчилж байгаа гэдгийг хэлэхгүй байснаас эхлээд аль хорих ангид саатуулсан. Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг байлаа. Биднийг эргэлтээр уулзуулахгүй олон хоног, сар болгосон гээд тоочоод байвал хэдэн ч цаг ярьж болохоор хэмжээнд эрхээ зөрчүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллагын хүнд сурталд дөрвөн жил гаруй хугацаанд дарлуулж, доромжлуулсан. Миний хүү С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй. Хорих ангид дарамтлуулж, зодуулж байна гэдгийг хэлсэн. Харамсалтай нь цөөн хэдэн хүнээс бусад бүх хүмүүс тоохгүй байсан шүү дээ.

Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн гээд байгаа улс оронд миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгийг удаа дараа хэлсэн. Ц.Нямдорж сайд болон УИХ-ын гурван гишүүнээс бусад нь огт тоож хүлээж аваагүй. Цагдаа, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд надад өргөдөл бичээгүй, гомдлоо өөрийн биеэр хэлэх гэж үүдийг нь сахиж зогсоогүй газар гэж байхгүй. Шоронд бусдын дарамтад эрүү шүүлтэд орж байгаа хүү Б.Содномдаржаа болон ар гэрийнхэн болон би, эхнэр, алаг үрсийнх нь эрхийг хамгаалуулах гэж ёстой л хөлөө хүрэх газар бүрт очиж байсан даа. Би нэг л зүйлд итгэлтэй байдаг. Миний хүү С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй. Хүн амины хэрэг үйлдэх тийм хүмүүжил, сэтгэл зүрхтэй ч хүн биш.

-Та бүхэнд бусдад дарамтлуулж байгаа талаараа хэзээ хэлсэн бэ?

-Өнгөрсөн жил хүүтэйгээ хорих ангид очиж уулзсан юм. Хорих ангийн дарга уулзах зөвшөөрөл олгосонд одоо ч гэсэн баярлаж явдаг. Би хүүтэйгээ эргэлтээр гурав хоног хамт байхдаа бүгдийг эхнээс нь асуусан. Хэрэг хийгээгүй хүнийг энэ хүмүүс яадаг юм бэ. Ямар аргаар хэрэг хүлээлгэсэн бэ. Энэ хэрэгт холбогдож хоригдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Ээж хүний хувьд хүүгээсээ асууж байна гээд л олон зүйлийг асууж байгаа юм. Тэр үед миний хүү энэ талаар надад дэлгэрэнгүй хэлсэн. Тагнуулын ажилтан махлагдуу биетэй хүнийг бэлдчихсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагч, Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт хорих ялаар шийтгүүлсэн хоригдол нар айлган сүрдүүлж, дарамталдаг байсан. Хоригдож байгаа жижигхэн өрөөнд ёстой л дайн болдог байсан. Баас, шээс толгой дээр асгах энүүхэнд. Чамайг ална. Нүдийг чинь сохолно. Чих, хамрыг нь огтолно гээд л байнга зоддог. Ц.Амгаланбаатар нэг хоригдол нарт яаж ч зодуулж байсан хорих ангийнхан огт тоодоггүй. Бусдаас аврал эрж хашгираад хэн ч ирдэггүй байсан гэсэн. Өөр өрөөнд хоригдож байгаа Ц.Амгаланбаатар яахаар чиний хоригдож байгаа өрөө рүү яваад ордог байсан юм бэ. Цоож цүү гэж байдаг биз дээ гэхээр зориудаар над руу явуулдаг байсан байх. Намайг алж байсан ч хорих ангийнхан мэдэх юмгүй л чихээ бөглөөд нүдээ аньчихсан юм шиг л ханддаг байсан. Зовохын дээдээр зовж, эрүү шүүлтийн зовлон гэдгийг амсаж тарчилж байгаа гэдгээ хэлсэн. Хүүгээ эрүүдэн шүүлгэж байгааг анх сонсоод сэтгэл зүрх минь урагдаж, мөн ч хэцүү байсан даа. Ямар нэгэн үг хэлэхээр л миний хүүг сахилгад аваачаад хийчихдэг байсан гэсэн. Хүүгээ зодуур нүдүүрийг даахгүй амиа алдчих вий гэхээс айгаад миний хүү энэ хүмүүсийн үгнээс битгий гараарай гэж захиж хэлж байлаа. Аргаа барсан даа л тэгж захиж байгаа юм.

-Гэхдээ Б.Содномдаржаа үйлдсэн хэргээ хүлээж байгаа мэдүүлэг байдаг. Хэргийг мөрдөн шалгаж байгаа хууль хяналтынхан хүүнийг нь камераар бичлэг хийж бэхжүүлж авсан байдаг ш дээ?

-Тэгж их дарамталж, зодож, нүдэж байхад ямар ч хүн тийм мэдүүлэг өгөх байх. Зургаан хоног нойргүй хоноод хавиргаа хуга өшиглүүлээд нүүр нүдгүй зодуулахаар ямар хүн тэсэх юм бэ. Амьд үлдчих юмсан. Эрүү шүүлтээс амьд гарчихвал хэдэн хүүхэд дээрээ эсэн мэнд уулзах хувь тавилан байгаа болов уу гээд л тэдний зааж өгч, хэлснийг ярьсан байх. МҮОНРТ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг талаар мэдээлэл гаргасан. Ц.Амгаланбаатар нэг орон сууцны өрөөнд хэргийн талаар тайлбар хийж яриулсан байдаг. Тагнуулынхан Ц.Амгаланбаатараар худлаа яриулсан байдаг юм билээ. Үндэсний телевизээр хэт нэг талыг барьсан нэвтрүүлэг гаргасанд харамсаж гомдож явдаг даа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шалгагдаж эхэлсэн цагаас хойш бүх зүйл нь худлаа байсан. Цаанаасаа бүх зүлийг нарийн бодож бэлтгэсэн хэрэг илрүүлэх жүжиг байсан юм. Хорих ангид хоригдож байгаа Ц.Амгаланбаатар анх мессэж бичдэг байсан. Тэгээд л гэнэт хүмүүстэй маргалдсан болгоод аваад явсан. С.Зориг агсны эхнэр Б.Булган хоёр хүн энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байхад дөрвөн хүн болгосон. Хэргийн гэрчүүдийн ярьж байсан зүйл одоо огт өөр болчихоод байгаа юм. Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай, 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихсан болж хувирсан. Үүний дараа Отгонбаатар гэх хүнийг эхнэр, хоёр хүүхэдтэй нь хамт гэрийг нь шатааж амь насыг нь хөнөөсөн болгосон. Отгонбаатар нарын дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан тэр шөнө миний хүү гэртээ байсан. Миний хүүгийн том охин төрөөд наймхан сартай байлаа. Шөнийн гурван цагт эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан хүнийг л айл шатаагаад явж байсан болгочихож байгаа юм. Хэн ч бодсон нялх хүүхэдтэй хүн айл шатаах гээд явахгүй нь тодорхой байсан шүү дээ. Тагнуулын ажилтан бүдүүн биетэй залуу зодуур нүдүүрийг хажуугаар өрөөнд нь орж ирээд “Миний дүү хэргээ хүлээчих. Хүүхдүүддээ хурдан очье гэж бодож байгаа бол ийм мэдүүлэг өг гээд л бүх зүйлийг нь зааж өгдөг байсан гэсэн. Бүр миний хүүд мансууруулах бодис хоолонд нь хольж өгдөг байсан. Үүнээс болоод хөл гар нь салгалж, зүрх судасны өвчтэй болсон.

-Шүүх хурлыг нээлттэй хийх талаар та бүхэн санал гаргаж, шүүхийн байгууллагад хандаж байсан. Б.Булганыг шүүх хуралд оролцуулахгүй байсан шалтгааныг юу гэж боддог вэ?

-Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж өгөх хүсэлтийг шүүхийн байгууллагад олон удаа хандаж хүсэлт өгсөн. Бидэнд олон нийтэд энэ хүмүүс хэрэг үйлдсэн үү гэдгийг нууж хаагаад байх зүйл байгаагүй. Шүүх хурлыг нээлттэй хийхээр хэрэгт холбогдсон хүмүүс буруугүй гэдэг нь илэрчих гээд байсан юм билээ. Үнэн илэрнэ гэж айхдаа бүх зүйлийг хааж боож нууц гэж үзсэн. Би хүүтэйгээ ярилцаж байхдаа “Миний хүүг Булгантай уулзуулсан уу” гэхэд “Булган харин намайг биш гэж хэлсэн” гэж хэлж байна лээ. Тийм учраас л хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг гэрч биш, яллагдагч биш болгочихсон. Б.Булган шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэгтэн биш гээд хэлчих байсан учраас хууль хяналтынхан бүгд айсан байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний том ах С.Баяр шүүх хурлын үеэр “Миний төрсөн дүү С.Оюун шүүх хуралд оролцохгүй гэж хэлээгүй. Гадаадад ажилтай, олон улсын хуралд оролцох учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө болгосон. Энэ шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсье” гэж хэлсэн. С.Оюун, С.Баяр нар энэ хэрэг илэрсэнд итгэлгүй байгаагаа хэлсэн. Мөн шүүх хурлыг орхиод гарсан байдаг. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрүүлсэн гэдэг нь худлаа болж байгаа шүү дээ.

-Одоо яах ёстой вэ. Б.Содномдаржаа нар энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэж эхэлсэн үү?

-Би эхлээд хүүгээ хэлмэгдэж байгаа хэлээд л өөрсдийнхөө чадлаар явж байлаа. Тэр үед үнэн мөхөсддөг юм байна. Хэзээ нэгэн цагт үнэн заавал ялж, хүү минь хүн амины хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдох байх гэж боддог байлаа. Итгэл найдвар байсан. Миний хүү ч үнэн зөв тогтоогдох ёстой гэж надад хэлдэг байлаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж л хэлмэгдчихээд аргаа барж явахад наашаа гэж шударга үнэний төлөө хандаж байлаа. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь худлаа байсан гэдэг нь эхнээсээ тогтоогдож эхэлж байна. Үнэнд гүйцэгдэж эхэллээ. Энэ хэргийг маш хурдан илрүүлж хаах сонирхол хэнд байв. Яагаад хилсээр гэм зэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлж, эрүү шүүлтэд оруулав. Хэний өгсөн үүрэг даалгаварыг ТЕГ, прокурор, шүүхийн нэр бүхий хүмүүс хийж гүйцэтгэв гээд хууль бус олон зүйл шалгагдаж эхэлж байна. Мэдээж тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ хүү минь хилс хэрэгт хэлмэгдэж байсан гэдэг нь тогтоогдож, ээждээ, эхнэр, алаг үрсдээ дээрээ ирэх цаг ойрхон иржээ гэж мэдрэгдэж байна. Би энэ бүхний дараа нэг л зүйлийг та бүхэнд хэлэх байна. Миний хүү энэ хэрэгт ямар ч холбоогүй шүү. Ядарсан эгэл жирийн бидний амьдралаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүсийг гар хөлөө болгосон улс төрчид дэндүү их тоглож, хүний эрхийг улан доороо гишгэж доромжиллоо. Нүднээс гарах нулимасгүй болтлоо уйлж, зовлон гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, сэтгэл урагдаж, зүрх шархирсан хар дарсан жилүүдийг тууллаа. Хэлмэгдүүлэлт зогсож байгаа гэж л найдаж итгэж байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *