Categories
мэдээ нийгэм

Л.Гантөмөр: Эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ

Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулан туршиж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог ажил юм гэж БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүрэг болгонд түшиц цэцэрлэг байгуулагджээ. Хөтөлбөрийн гол зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, сонирхлыг нь олох, хүүхдээ таних, цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт болгож өөрчлөхөд чиглэгдэж байна. Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллаж байгаа нийт хугацааг хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг гэж үзэж, хүүхэд тоглох, хооллох, зурах, дуулах гэх мэт бүхий л үйл ажиллагааны явцад орчноо улам илүү танин мэдэж, чадваржиж, өөрийгөө удирдан авч явах, бусадтай харилцахад суралцах боломжтой болдог давуу талтай. Ирэх хичээлийн жилд тодорхой бүсүүдэд энэ туршилтаа үргэлжлүүлж, 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж дуусна.

Бага боловсролын түвшинд өнгөрсөн жилүүдэд цөм хөтөлбөрийг туршиж, энэ хичээлийн жилээс улсын хэмжээний бүх сургуульд хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалтын үйл явцад хүүхдийн оролцоо 15 байсан бол 70 хувь хүртэл өсч, хүүхэд өөрөө хийж бүтээдэг, өөрийгөө үнэлдэг, багш зөвлөн тусладаг боллоо. Шинжлэх ухааны мэдлэгийг хүүхдэд өөрсдөөр нь хийлгэж олгох чиглэлд ажиллаж байна. Энэ зорилгоор өнгөрсөн хугацаанд сургуулиудад 200 гаруй лаборатори нийлүүлжээ. Лабораториудын ашиглалт, үр дүн сайн байна.

Дэлхийн шилдэг 100 сургуулиас 200 гаруй залуу суралцах урилга авсан нь энэ хаврын хамгийн сайн мэдээ болж байна. Монгол залуучууд дэлхийн шилдэг сургуулиудад элсэж чадна гэдгийг энэ тоо харууллаа гэж сайд хэллээ.

Инновацийн талаар баримтлах бодлогын хүрээнд боловсруулсан мэдлэгийн эдийн засагт шилжих төлөвлөгөө хэрэгжсэнээр шинэ мэдлэг бүтээх, давтагдашгүй бүтээл үйлдвэрлэх, түүнийг судлах эдийн засгийн харилцааг бүрдүүлэх боломжтой болно. Засгийн газрын тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам” баталсан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ гэж сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *