Categories
мэдээ цаг-үе

Л.Ганбаяр: Хүүхдийн зүрхний хагалгааг Монголдоо хийх боломжийг бүрдүүлнэ


Монгол, Солонгосын хүүхдийн мэс засалч эмч нарын анхдугаар симпозиум боллоо. Ирээдүйн төлөө хамтдаа уриатай тус симпозиум нь өнгөрсөн баасан гаригт болсон юм. Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай ярилцлаа.

-Хүүхдийн мэс заслын анхдугаар симпозиумын зорилго нь юу вэ?

-Энэ удаагийн симпозиум нь хүүхдийн мэс заслын анхдугаарх нь болж буй юм. Хүүхдийн ерөнхий мэс засал тэр дундаа хүүхдийн зүрхний, дурангийн, элэг бөөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх, одоо байгаа түвшнээс нэгээр ахиулах, Солонгос улсад хэрэглэж буй орчин үеийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор хийгдэж байна.

-БНСУ-ын хүүхдийн мэс заслын эмч нартай хамтран зохион байгуулж байгаа юм байна. БНСУ-аас хэдэн эмч ирсэн бэ?

-Солонгос улсаас нийт 12 хүүхдийн мэс засалч эмч ирсэн. Харин манай улсаас улсын, хувийн эмнэлэг болон хөдөө орон нутгийн хүүхдийн мэс заслын нийт 80-85 эмч нарын бүрэлдэхүүнтэй болж байна. Ер нь аль ч улсад хүүхдийн мэс заслын эмч нар цөөхөн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн мэс заслын өвчин бага гэдэгтээ гол нь биш нэг дор цогцоор нь тусламж үзүүлдэг. Энэ нь олон эмч бус цөөхөн эмчээр олон зүйлийг хийдгээрээ онцлог.

-Манай улсад хүүхдийн мэс засалч эмч хэр олон бэ?

-Манай улсад хүүхдийн мэс засалгүй аймаг зөндөө байна. Үүнээс үүдээд солонгос эмч нартай хамтраад 0-3 насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, хүүхдэд дурангаар мэс засал хийж байгаа одоогийн түвшнийг ахиулах, хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн гурван чиглэлээр семинарт илтгэл хэлэлцүүлж байна.

-Жилдээ хэдэн хүүхэд төлөвлөгөөт мэс засалд ордог вэ?

-Жилд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн ерөнхий мэс заслын тасаг хамгийн их мэс заслыг хийдэг. Жилдээ бид 6000 гаруй мэс заслын ажилбарыг хийнэ. Нийт мэс заслын 75-80 хувь нь яаралтайгаар хийгддэг. Үлдсэн 20-25 хувь нь төлөвлөгөөт мэс засал байдаг. Яаралтай мэс засал нь арьс зөөлөн эдийн идээ буглаа, олгой, түгжрэл гэх мэт орно.

-Сүүлийн жилүүдэд ямар мэс заслууд ихэвчлэн хийж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд идээт буглааны хагалгааг хотын оршин суугчид дийлэнх нь хийлгэж байгаа.

-Голчлон ямар төлөвлөгөөт мэс заслыг хийдэг вэ?

-Төлөвлөгөөт мэс засал нь зүрх, дуран, эрхтэн шилжүүлэх нь мэс заслууд байна. Ер нь төлөвлөгөөт мэс засал нь голцуу хэвлийн хөндий, үе мөч, яс тулгуур эрхтний мэс заслууд юм. Зүрхний мэс заслыг Улсын гуравдугаар эмнэлэг амжилттай хийж байсан. Манай эмнэлэг 0-3 насны зүрхний төрөлхийн гажигтай зарим хүүхдэд төлөвлөгөөт мэс засал хийдэг юм. Тус мэс засал нь маш хүнд учраас олон тоног төхөөрөмж шаарддаг.

-Мэс засал хийх зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ хэр вэ?

-Австрийн төсөл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгээр тоног төхөөрөмжүүдийг сайтар бэлдэж чадсан. Эдгээр бэлтгэгдээд байгаа тоног төхөөрөмжүүд ЭХЭМҮТ-д байгаа. Мөн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, ЭХЭМҮТ-ийн захиргаа 90 хувийн тоног төхөөрөмжүүдийг оруулаад ирчихсэн. Одоогоор гол нь эмч эрүүл мэндийн ажилтнуудаа сургах, сургалтаа Монголд явуулах, хүний нөөцөө бэлдэх нь илүү чухал байна. Хүүхдийн мэс засал тэр дундаа хүүхдийн ерөнхий мэс засал хийх тухай симпозиум өмнө нь болж байгаагүй. Манай ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын бүх төрөлжсөн сургалтыг жилдээ 1-2 удаа явуулахаар бэлдэж байгаа юм.

-БНСУ-аас ирсэн эмч нартай өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?

-Солонгос улсаас ирсэн эмч нарын заримтай нь өмнө нь хамтарч ажиллаж байсан. Цаашид бид солонгос профессоруудтай нээлттэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Тус уулзалтаар сургалтын үйл ажиллагаа, хамтран ажиллах тухай ярилцах юм. Монгол Улсад Солонгосын “Самсунг” эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч нар жилдээ нэг удаа ирж мэс засал хийдэг. Тэд 20-30 өвчтөн үзээд 5-6 өвчтөнийг сонгон мэс заслыг хийж өгдөг.

-Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын ажиллагаа хийгдэж байсан уу?

-Одоогоор Монгол Улсад хүүхдийн зүрхний 30 гаруй мэс заслын ажиллагааг хийсэн. Үр дүн нь 100 хувь байна. Зүрхний хагалгааг хийсний дараа төгс хагалгааг хийх шаардлагатай. Гэтэл тус хагалгааг Монголын нөхцөлд хийх боломжгүй. Зүрхний гаж хөгжилтэй хүүхдүүд гадаад явж эмчилгээ хийлгэж байна. Харин өнөөдрийн симпозиумаар тус хагалгааг Монголдоо хийх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

-Хөдөө орон нутгаас хагалгаа хийлгэхээр хэр их хүүхэд ирдэг вэ?

-ЭХЭМҮТ-д хийгдэж буй нийт хагалгааны 60-70 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хийдэг. Өнөөдөр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 47 хүүхдээс яаралтай хагалгаа хийх 10 гаруй хүүхэд байна.

-Хагалгааны зардал хэд орчим төгрөг болдог вэ?

-Монгол Улсад эмчилгээний зардал гэж Ж.Эрдэнэбат сайд байх үед үнэгүй байсан. Зөвхөн өндөр үнэтэй хагалгааны нэг хувийг төлнө. Хагалгааны зардал хамгийн ихдээ 10 сая хүрэхгүй байх ёстой.

-Монгол Улсад анх удаа 2014 онд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байдаг. Тус хагалгааг элэг шилжүүлэн суулгах багаараа хийсэн гэсэн үү?

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын АСА эмнэлэг ЭХЭМҮТ эмнэлэг хамтарсан. Монгол Улсад Эрүүл мэндийн яаманд элэг шилжүүлэн суулгах баг гэж байдаг. Тус багт Нэгдүгээр төв эмнэлгийн, ЭХЭМҮТ-ийн, БНСУ-ын АСА эмнэлгийн эмч нар байдаг. Гэхдээ Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 0-7 насны хүүхдэд бид хийх боломжгүй.

-Төлөвлөгөөт хагалгааг дунджаар хэдэн цаг хийдэг вэ?

-Хүүхдэд дээд талд нь 16-18 цагийн хагалгааг хийдэг. Жишээлбэл, хэвлийн хагалгаа гэхэд дунджаар 6-8 цаг хийнэ. Сүүлийн жилүүдэд элэг, цөс, ходоодны хагалгаанууд ихээхэн хийгдэж байна.

Э.НАРАНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *