“Олон улсын хүүхдийн Монгол хотхон” ТББ-ын дэд тэргүүн Л.Ганбаатартай ярилцлаа.
-Та байгууллагынхаа тухай товч танилцуулахгүй юу?
-Манай байгууллага хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт “Кацүжи” хүүхдийн төв болон Төв аймгийн Угтаалцайдам суманд “Угтаал хүүхдийн хөгжлийн төв”, Японы Цүкүба Гакүэн ротари клуб байгуулагдсаны 30 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд 2016 оны аравдугаар сард бага оврын заалыг тус тус байгуулсан. “Кацүжи” хүүхдийн төв байгуулагдаад есөн жил болж байна. Харин “Угтаал хүүхдийн хөгжлийн төв” 2020 оноос ажил эхэлж 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийсэн.
-Яагаад орон нутагт хүүхдийн хөгжлийн төв барихаар болсон бэ?
-Угтаалцайдам миний төрсөн нутаг л даа, суманд хоёр айлын хэмжээтэй нэг тал нь шатчихсан байшин байдаг. Түүний туурийг хараад засвар хийе гэх бодлоос л энэ ажил эхэлсэн. Засвар хийж, байшин бариад Хүүхдийн хөгжлийн төв болгоё гэтэл үнийн хувьд өндөр тооцоолол гарсан. Тэгээд ер нь бэлэн байшин худалдаж аваад засвар хийхээр шийдсэн юм.
-Санхүүжилтийн тухайд?
-“Угтаал хүүхдийн хөгжлийн төв”-ийг байгуулахад Япон улсын Фүкүшима мужийн Канно Рёожи тэргүүнтэй “Хайраа хуваалцъя” хүмүүнлэгийн холбоо байгууллага хандив өргөсөн. Мөн нутгийн 130-аад иргэний хандиваар байгуулагдсан. Нийт 104 м2 талбай байшинд хүчээлийн хоёр өрөө, тоглоомын өрөө, багшийн өрөөг засварлаж тохижуулсан. Цаашид монгол ахуйг таниулах, малчин айлд туслах гэх мэт ажлуудыг төлөвлөсөн.
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Нээлт хийх үед хөл хориотой, цар тахлын дэгдэлт их байсан. Энэ сараас үйл ажиллагаа явуулж эхлэхээр Угтаалцайдам суманд хүлээлгэж өгнө, одоогоор хариуцах хүн тодорхойгүй байна
-Нэг дор хэдэн хүүхэд хүлээж авах боломжтой вэ?
-Бага ангийн 30-40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.
-Өдөр өнжүүлэх төв гэж ойлгож болохоор санагдлаа, төлбөртэй юү?
-Хувийн хэвшил ажиллуулбал төлбөртэй. Сум хариуцаж ажиллуулбал төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр нөхцөл байж болно. Зорилтот бүлгийн айлуудын хүүхдийг төлбөргүй авч болно.
-Хүүхдийн хөгжлийн төв байгуулахын зорилго юу вэ?
-Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хичээлийн бус цагаар даалгавраа хийх, боловсрол мэдлэгээ сайжруулах, бие бялдраа хөгжүүлэх, бага, дунд сургуулийн хүүхдүүдэд тоглох аюулгүй орчноор хангах зорилготой.
-Төвүүдийг байгуулахын хэрэгцээ шаардлагыг хэрхэн тодорхойлсон бэ?
-Нийслэлийн захын хороолол, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хичээлээ давтах, аюулгүй тоглох орчин дутагдалтай байна. Хүүхдүүд найз нөхөдтэйгөө тоглох, хамт хичээлээ давтах, харилцан бие биенээсээ суралцах, бие бялдараа хөгжүүлэх орчинг бий болгох шаардлагатай гэж үзсэн. Сумдад Хүүхдийн хөгжлийн төвийг байгуулснаар хотын хүүхдийг хөдөөтэй, хөдөөний хүүхдийг хоттой танилцуулах боломжтой. Мөн сум, хороон дахь “Хүүхдийн хөгжлийн төв” байгуулах загварыг танилцуулах төслийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.
-Сум, хороод хэрэгжүүлэх жишиг мэдээлэл, загвар гэсэн үг үү. Бусад сум, хороо санхүүжилтээ хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Тийм, орон нутгийн иргэдийн хандив болон улсын төсөвт тусгаж болно.
-Төвийн байрны зохион байгуулалтын талаар?
-Хичээлийн танхим, биеийн тамирын мини заал, тоглох өрөө, номын сан гэсэн зохион байгуулалтын загвар гаргасан. Ажиллах боловсон хүчний хувьд нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагч нар, сумын номын санч болон бусад хүмүүс ажиллах боломжтой.