АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын фракцгүй нам болох санаачлагыг орон нутгийнхан дэмжсэн, төрийн албан хаагчдыг хоморголон халсан зарим яамдын тухай хөндөн ярьсан юм. Генсек Л.Эрхэмбаяр эхэнд нь “АН-ын фракцгүй намын төлөөх санаачлага намын жирийн гишүүдийн захиалга, даалгавраар хийгдсэн. Энэ шийдвэрийг аймаг орон нутгийн намын байнгууллагууд дэмжиж, фракцигүй АН болох уриалга ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд гэх мэт 12 аймгаас намын байгууллагууд фракцгүй АН-ыг дэмжиж уриалга ирүүллээ. Намын удирдлагуудын зүгээс фракцгүй, хүчтэй АН-ын төлөө явах чиг хандлагыг барьж ажиллах болно. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн аймгийн чуулган 2015 аяныг орон даяар зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлуудыг ярьж байгаа” гэлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр төрийн жинхэнэ албан хаагчдыг хомроглон халж байгаа МАН-ыг хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүнд томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна. МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан. МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” гэсэн юм.