Categories
мэдээ нийгэм

Л.Эрдэнэчимэг үерт автсан айлуудын нөхцөлтэй танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо нь 418 өрхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй айл өрх нь шар усны үерт автсан байдалтай байгааг тус хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ танилцууллаа. Мөн нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 10 гаруй өрх байгааг дуулгаад энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байгаа учраас дүүрэг, нийслэл болон Улсын Их Хурлын гишүүнд хандаж өнөөдөр холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаад талархаж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэд шар усны үерт автаж байна гэсэн гомдол сүүлийн хоёр жил надад ирж байгаа. Өнгөрсөн жилийн төсөвт 100 сая төгрөг суулгуулсан ч энэ төсвөөр далан, шуудуу барих ажлыг хийх компани байхгүй байна. Энэ орчмыг үерээс хамгаалахын тулд гудамж бүрт ус зайлуулах далан барих шаардлагатай бөгөөд энэ ажлыг хийхэд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Яг одоогийн нөхцөл байдлыг шийдэх арга нь Онцгой байдлын ерөнхий газар болон дүүрэг, хороодтой хамтарч элсээр дүүргэлт хийх, усыг нь соруулж авах зэрэг арга хэмжээ авна. Цаашид нийслэл болон улсын төсөвт дээрх мөнгийг суулгуулж байж асуудал шийдэгдэнэ гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *