Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар мэдээлэл хийв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн хурлаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу 2016 оны нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт очиж ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, тус сумын ИТХ-ын дарга Б.Дэжид нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг байна.

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээлээ.

Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10992,92 га талбайд болон нөлөөллийн бүсэд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байна.

“Берун Майнинг” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ. 4 булагтай энэ талбайд 30 өрхийн 8000 гаруй толгой мал өвөлжиж байгаа бол “Монгол чадал интернейшнл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн 1110,49 га талбайд тус багийн 8 өрхийн 2227 толгой мал өвөлжиж байна.

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюулд хүрч байна” хэмээн хэллээ.

Иймд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, говийн баян бүрд, бэлчээр ус, унаган байгалийг авч үлдэхийн тулд энэ тогтоолын төслийг санаачилсан хэмээгээд асар өргөн уудам талбайг хамарсан лицензтэй талбайг ашиглавал булаг шандууд ширгэж, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс, 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг сүйдэх аюул нүүрлээд байна хэмээсэн юм. Эрхэм гишүүн өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулсан гээд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан гэлээ. Дээр дурдсан асар өргөн талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгоод байгааг тэрбээр онцлоод дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дэлхий нийт нүүрснээс татгалах уриалга гаргаад байхад бид нутаг орноо хамгаалахын тулд нүүрс олборлолтыг яагаад зогсоож болохгүй гэж хэмээн хэлсэн юм. Хөрш Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ үеэр мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *