Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган гуайн дурсамж номын нээлт өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Энэхүү номны эхний хуудсанд:
Би агуу мундагтаа ном бичүүлэх гэсэнгүй, харин аугаа улсын дунд ажиллаж, амьдарч явсны хувьд тэднийхээ тухай би эс дурьдвал өөр хэн дурсах билээ… хэмээн бичжээ.
Энэхүү номны зохиогчоор С.Сумъяа хэмээх залуухан бүсгүй ажиллажээ. Номын нээлтийг МУГЖ Г.Равдан гуай хөтлөн явууллаа. Үйл ажиллагаанд олон нэр алдартай эрхмүүд цугларсны нэг нь Төрийн шагналт, МУ-ын ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай байлаа. Тэрбээр Л.Эрдэнэбулган гуайн тухайн дурсамжтай олон зүйлийг ярин ирсэн зочдыг баясгаад авав. Тэрбээр өөрийн амжилттай яваагийн 80 хувь нь Л.Эрдэнэбулганы ач гавьяа гэж хэмээж байлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МУ-ын ардын жүжигчин Б.Зангад, МУ-ын ардын жүжигчин П.Цэрэндагва, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа зэрэг нэр алдартнууд хүрэлцэн ирж Л.Эрдэнэбулган гуайд баяр хүргэж байв. Ингээд түүний энэ өдрийн сэтгэгдлийг нь хүргэе.
“Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Би олон сэтгэл догдлом өдрүүдийг үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм өвөрмөц баясгалантай өдөртэй таарч байсангүй. Тэгэхээр энэ ном бол миний сэтгэлээр бус бусдын сэтгэлээр бүтсэн ном юм. Үүний зохиогч нь С.Сумъя гэж залуухан охин бий. Миний хуурай охин гэж хэлж болно. Надад үнэнхүү хайраа, сэтгэлээ зориулж энэ номыг бичих бүх ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр Монголд бид болохоосоо болохгүйг л ярих юм. Гэтэл монголын ард түмний сэтгэл гүндээ бол хэвээрээ байна, ааш зан хүнийг хайрлах сэтгэл нь хэвээрээ байдаг юм байна гэдгийг би харж байгаа. Яагаад гэвэл би энэ номонд хүний урманд нэг ширхэг ч мөнгө зараагүй хүн. Энийг бүтээнэ гэдэг ямар өртөгтэй байх вэ, бичсэн хүн ямар өртөгтэй байх вэ гээд бодоод байвал их юм байна. Тэгэхээр энэ бол жинхэнэ сайхан сэтгэлээр ахмад хүнээ хайрласан сэтгэлээр, монгол хүний соёлоор бүтээжээ гэж би бодож байна. Гэхдээ бүтээхээс гадна асар том юмны суурийг тавьлаа гэж бодож байна. Би төрийн театрт 50 гаран жил ажиллаж байна. Энэ хугацаанд би олон гайхамшигтай уран бүтээлчидтэй ажиллаж байсан. Тэр тухай уншигчдад ярьж өгөх боломжийг олголоо гэж бодож байгаа. Ингээд бүгдээрээ болохгүйгээ ярихаас илүүтэй болж байгаагаа ярьвал тэнгэр биднийг ивээнээ л гэж бодож байна даа” гэв.
О.ӨНӨР