Categories
мэдээ цаг-үе

Л.Энхбаатар: Эбола вирус хүйтэнд тэсвэртэй

Анагаах ухаа­ны док­тор Л.Энх­баатар­тай ярилцлаа. ТэрээрХалд­­варт өвчин суд­лалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан юм байна. Л.Энхбаатар өдгөө нийс­лэлийн түр­гэн тус­лам­жийн төвийн их эмчээр ажил­ладаг юм.

Эбола виурсийн халд­вар дэлхий ний­тийг түгшээж байна. Манай урд хөрш Бээ­жинд гэхэд орж ирэх магадлал 97 хувь бол­сон тухай мэдээлэл өчиг­дөр гарлаа. Тэгэ­хээр манайд орж ирэх магадлал бас төдий чинээ өндөр болж байна гэсэн үг биз дээ?

-Орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл 2004 онд манайд SARS орж ирж байсан шүү дээ. Энэ өвчин Хонкон­гоос дэлхийн олон оронд тархсан.

Өнөөдөр монголчууд маань дэлхийн аль ч улсад зорчих боломжтой байна. Нөгөө талаас Судан зэрэг улсуудад манай олон зуун энхийг сахиулагчид ажиллаж байна. Өвчин дэгдээд буй Гвиней, Конго, түүнтэй хил залгаа Зааны ясан эргийн улсад ч манай цэргүүд ажиллаж байсан. Түүнчлэн Африкийн зарим оронд манай олон циркчид гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тиймээс орж ирэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж болно.

Тэднээс энхийг сахиу­­лагчид маш олноо­роо байгаа учир гол эрсдэлтэй бүлэг болоод байгаа?

-Тийм. Зөвхөн эбола төдийгүй халуун орны маш олон төрлийн халд­варт өвчин орж ирэх магад­лал бий. Эболагийн цусархаг халдвартай овог марбургийн вируст халдвар гэж бий. Үүнээс гадна малери буюу халуун хумхаа, эмгэн хумсдах өвчин ч байдаг. Эдгээр нь шумуул болон усаар дамжин халдварладаг. Халуун орнууд янз бүрийн шавьж, хорхой амьтан ихтэй. Нөгөө талаас ус нь бохир байдаг учир ийм төрлийн өвчлөл дэгдэхдээ маш амархан. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн учир дээрх орны өвчин орж ирэх нь харьцангуй гайгүй. Гэхдээ дээр хэлсэн малери буюу халуун хумхаа өвчнийг дамжуулдаг хоёр төрлийн шумуул манай Халх голд байдаг.

Эбола шумуулаар дамждаг юм уу?

-Дамжихгүй. Эбола нь сарьсан багваахай, сармагчин, үхэр зараа гэх мэт амьтны аймаг дунд эргэлддэг байсан. Гэтэл тэр дунд хүн орчихсон. Хэвлэлийн мэдээллээс харж байхад африкчууд сарьсан багваахай их иддэг юм билээ. Ингэж амьтнаас хүнд, хүнээс хүнд халдсан. Ингэхдээ цус, шүлс буюу хүний биеэс гарах бүх төрлийн шингэнээр дамжин арьс салст гэмтсэн үед халдварладаг. Мөн нас барсан хүнийг оршуулах явцад халдварлагдсан тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, нас бар­сан хүн дам­жуулагч гэсэн үг л дээ.

Тэгвэл агаар дуслын замаар халдварладаг уу?

-Ер нь бол дэлхийн олон эрдэмтэд эболаг нарийн судалж, шинжилж байсан. Харин манай орны хувьд энэ өвчнөөр дагнан судалдаг эрдэм­тэн, эмч хараахан байх­гүй.Ер нь бол эбола виру­сийг агаараар дамждаг гэдгийг тэмдэглэсэн зүйл байхгүй. Харин эмнэлгийн дотоод халдвараар хал­дах нь маш түгээмэл. Энэ нь анхны тохиолдлын үед ч байсан. Учир нь 1976 онд жирэмсэн эмэгтэйг бохир тариураар тарьснаас болж халдвар дэгдэж байсан тохиолдол бий. Энэ талаар Бельгийн эрдэмтэн Питер Пиота бичсэн байдаг.

Энэ вирус хүйтэнд хэр тэсвэртэй вэ?

-Ямар ч вирус хүйтэнд маш тэсвэртэй байдаг. Эболагийн үүсгэгч нь вирус. Вирус, нян хоёр ялгаатай шүү дээ. Нян гэдэг бол нэг эст амьтан. Харин вирус бол эсийн дотор байдаг амьтай, амьгүй хоёрын хоорондох зүйл. Гадаад орчинд гарахаараа амьгүй, хүн, амьтны биед орохоороо амьдардаг. Тиймээс эбола вирус хүйтэнд маш тэсвэртэй. Вирусийг хасах 170 градуст хадгал­даг шүү дээ. Харин буцалгахад устдаг.

Халуун оронд дэг­­дээд байгаа учир уг вирус хүйтэн уур амьсгалтай манайд амьд­рах боломжгүй гэж хэлүүлэх гээд байгаа юм л даа. Ядаж өвлийн гурван сар айлтгүй гэх гээд л?

-Вирус бол амьд бие махбодид шимэгчилж байдаг. Халдвар авах л юм бол вирус биед байсаар байна гэсэн үг.

Халдвар гарсан орнуудаас манай оронд сард 20-22 хүн тогтмол ирдэг гэсэн судалгаа гарсан байна лээ…

-Тиймээс байнгын хяналттай байх ёстой. Аюултай бүс, улсаас ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг нэг бүрчлэн хянах, тэр ч бүү хэл тусгаарлах байрыг ч гэсэн бэлэн байдалд байлгах учиртай.

Өвчний нууц үе 2-21 хоног байх чадвартай гэсэн. Тэгэхээр хэрэв Суданаас манай цэргүүд ирлээ гэхэд иргэдийн дунд явж байгаад халд­вар бүртгэгдэх аюултай болж таарах нь?

-Суданаас хүмүүс ирэх л юм бол өвчний шинж тэмдэг илрэх хянал­­тын хугацаанд Таван­толгойд ч юм уу, нийгмээс аль болох зайтай газарт хөл хорио тогтоож, байрлуулах ёстой юм. Энэ бол улсын эрх ашгийн үүднээс хийж байгаа зүйл шүү дээ.

Эболагийн шинж тэм­­дэг хэрхэн илрэх вэ?

-Өндөр халуурна, толгой, үе мөч, хоолой өвдөх байдлаар илэрдэг. Хүндрээд ирэхээрээ цусар­хаг тууралт гарч, элэг бөөрний дутагдалд орж, төв мэдрэлийн сис­тем хүндэрдэг. Эцэстээ хамар, амаараа цус алдаж нас бардаг.

Эбола үүссэн цагаа­саа их бага хэмжээгээр дэгдэхдээ үргэлж Африк тивдээ л байсан гэсэн. Гэтэл энэ удаа тивээс тивд дамжиж байна?

-Эболагийн халдвар анх 1976 онд Зайр буюу одоогийн Ардчилсан Конго улсын Ямбука тос­гонд бүртгэгдэж байсан. Тэнд Бельгийн сайн дурын гэлэнмаа цус алдаж нас барсан байдаг. Улмаар түүний цогцсыг Зайрын нийслэл Киншаса руу аваачсан байдаг юм. Үүний дараахан Ямбукаг тойрсон 55 тосгонд өвчин дэгдэж, дэлхий нийтээр түгшүүрийн дохио хан­гинасан. Тиймээс Зайрын ерөнхийлөгч Мобуту Сесе Секо уг тосгоныг цэргээр бүслүүлээд гарч ирсэн хүнийг “Бууд” гэсэн тушаал өгсөн байдаг. Ингэж гоц аюултай өвчин дэгдэж, хөл хорио тог­­тоо­гоод ирмэгц Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхаарч эхэлсэн. Улмаар Ямбука тосгон холбоо харилцаа гэх мэт соёлт ертөнцөөс тусгаарлагдсан. Энэ тухай Зайрт ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, виурслогич эмч дурссан байдаг. Түүнийг эбола­гийн вирусийг нээсэн хүн гэж нэрлэх нь бий. Тиймээс ч вирус нээж байх үеийн сэтгэгдлээ “Хорт бамбай могой дээр үсрэх гэж байгаа мэт байж боломгүй аймшигтай түгшүүртэй байсан” гэж бичсэн байдаг.

Нөгөө талаас Бельгийн профессор Питер Пиота эболаг анх нээсэн гэх нь ч байдаг юм. Түүнд Зайрын нийслэл Киншасагаас эболагаар нас барьсан хүний эд, эс, цусыг саванд хийж, судлуулах зорилгоор явуулсан байдаг. Одоо энэ хүн Лондонгийн эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын төвийн захирлаар ажилладаг. Тэрээр өөрийгөө эболаг нээсэн гэж сонинд ярилцлага өгсөн байдаг.

Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд?

-Миний уншсанаар 1976 оноос 2014 он хүртэл эбола нийт 31 удаа их, бага хэмжээгээр дэгдэж байсан байна. Ингэхдээ зарим үед нэг хүн өвдөж нас бараад намжиж байсан тохиолдол ч бий. Харин энэ удаа 4000 хүн өвчлөөд байна.

Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд АНУ-ын Вашингтон хотоос хойд зүгт орших Рестон хотод цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны бааз байж л дээ. АНУ жилдээ 16 мянган сармагчинг Африк болон бусад улсуудаас судалгаа шинжилгээний зорилгоор авчирдаг байсан. Үүний дагуу 1989 онд Рестон хотод 100 сармагчин Филиппинээс авчирсан байдаг. Гэтэл тэднээс эбола илэрсэн. Тиймээс тэдгээр 100 сармагчин болон Рестонд байсан 500 сармагчинг бүгдийг устгажээ. Тухайн үед цэргийн баазад хөл хорио тогтоож, ариут­гал хийж, вирусийг уст­гаж бай­сан удаатай. Ингэж АНУ-д эбола оношлогдсон.

Үүнээс үүдэн Фил­ли­пинд сармаг­чин эбола­гаар өвддөгийг тогтоосон. Тиймээс Азийн бүс нутагт ч эбола вирус эргэлдэж байгаа болж таарна.Дээр хэлсэн эболагийн овгийн марбургийн вирус нь Германы Мар­бург хэмээх жижиг хотод амь­тан маллагч хүн анх өвдөж, бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна Орост лабо­раторийн халд­вараар хоёр ч хүн өвдсөн тохиол­дол бүртгэгдсэн.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Канад, Польш, Испани, АНУ-д бүртгэгдээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Эбола ойртож байна

Ebolavirus буюу эболагийн нянг анхлан 1976 онд илрүүлснээс хойш энэ тахал дэлхий дээр 20 орчим удаа их бага хэмжээгээр дэгдсээр өнөөг хүрлээ.

Өмнөх тохиолдлууд Африк тивээсээ, тод­руулж хэлбэл Төв болон Өрнөд Африкийн орнуудаас нэг их халилгүй намжиж байсан бол энэ хавраас эхлэн шуурч эхэлсэн тахал одоогийн байдлаар хойд Америк, Европ тивүүдэд хөл тавин “алхаад” эхэллээ. Ер нь эболагийн нян гэж юу вэ, хэрхэн халдварладаг вэ, эдгэдэг өвчин үү?

Эболагийн нянгаар өвчилсөн хүнийг мэнин­гит, хумхаа мэтийн хэт их халуурч, толгой эргэдэг, бөөлждөг, дотор муухай оргидог өвчнүүдээс ялга­хад их хэцүү. Халдвар авсан нууц үе нь хоёроос 21хоногийн хугацаатай үргэлжилдэг гэдэг тул эхэн үедээ эрүүл хүмүүсийн дунд ажиг ч үгүй алхах хугацаа урт байгаа биз. Бусад ханиадны төрлийн өвчнүүдээс ялгах онцлог нь хүндэрсэн үедээ тууралт өгдөг, цус алдаж эхэлдэг, эцэстээ үхэх магадлал маш өндөртэй. Тун саяхан л Африкт энэ өвчнөөр халдварлагсдын үхлийн тоо мянга хүрэх гэж байна гээд байсан бол гуравхан сарын дотор дөрвөн мянга болт­лоо дээшилж,АНУ, Испани улсуудад эндэгсэд бүртгэгдэж эхэллээ. Халдвар авсан өвчтөнүүдтэй харь­цаж байгаа эрүүл мэндийн ажилчид аль боло­хоор бүрэн тусгаарлагдсан хувцас бээлий зэргийг өмсөж байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулсан байна лээ. Испанид халд­вар авсан сувилагч эмэгтэй өвчтөнг асарч байх үедээ санамсаргүй тохиолдлоор бээлийтэй гараараа нүүрээ арчса­наас болж халдвар авсан гэдгээ хүлээсэн нь энэ вирус ямар аюултай нян бэ гэдгийг илэрхийлж байна.

Одоо 40 настай Тереза Ромиро Африкт бус өөрийнхөө нутагтаа буюу Европт байхдаа халдвар авсан анхны өвчтөн хэмээн тодотгогдож байгаа. Тэрбээр Сьерра-Леон улсаас ирсэн Испанийн хоёр номлогчийг асарч байхдаа халдвар авчээ. Гэхдээ интернэтэд энэ эмэгтэй бус түүний Эскалибур нэртэй нохой л шуугиан тариад байна. Учир нь эболагийн вирус амьтнаас хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд ч хариу тусдаг тул уг нохой өвчилсөн байх магадлал өндөр хэмээн үзэж үүрд нойрсуулсан нь Европт баахан жагсаал цуглаан дэгдээв. Хүүхэд дагуулж алхахаасаа илүү нохой, муур хөтлөн алхах нь давамгайлах болсон Европчуудын хувьд энэ үхэл их л балмад үйлдэл болсон нь эргэлзээгүй. Гэхдээ зоосны нөгөө талыг харвал бас их зүйр­лэл анзаарагдана даа.

Тэр нохой хэдэн хүнд халдвар “бэлэглэсэн бол”. Амьтдыг хамгаалъя гэж бодсон бол одоо Африкт өвчин дэгдсэн нутаг дахь сармагчин сарьсан багваахайг үй олноор нь устгаж байгааг юу гэх вэ. Гвиней, Сьерра- Леон, Амборид тусгаарлагдан, маргаашаа хүлээн амьд үлдэх найдвар тун хомсхон үлдсэн хүмүүс тэр нохойноос дорд хувь заяатай гэж үү гэх мэт харьцуулал анзаарагдах вий. Эболагийн нянг харьцангуй аймшигтай болгож байгаа өөр нэг хүчин зүйл нь одоо хүр­тэл түүний эсрэг үйлч­лэх ёстой вакцин тунг боловс­руулж нээж чадаагүй байгаа асуудал юм. Зарим нэг улсууд саяхнаас вакциныг шинээр бүтээлээ, нээлээ хэмээн зарлаж байгаа ч, тэр зохих шатны байгуул­лагуудаар баталж сөрөг үр дүн байхгүй гэдэг нь тодор­хой болтол бас л их хугацаа өнгөрөх нь ойл­гомж­той шүү дээ. Иймээс хамгийн үр дүнтэй урьд­чилан сэргийлэх арга нь өөрийнхөө улсын хилийг алхуулахгүй байх, нисэхийн гарам дээр маш чанга хараа хяналт тавих, орж гарч байгаа иргэдийн биеийн дулаа­ныг шал­гадаг багаж, дэлгэцийг хоёр, гурав давхарлан байрлуулах, нэгэнт хил нэвтэрсэн тохиолдолд өвчтөнийг тусгаарлах,түүнтэй хавьтагсдыг боги­но хугацаанд илрүүлэх, эрүүл мэндийн ажилчдыг бүрэн хамгаалсан хувц­саар хангах мэтийн ажлуу­дыг ард иргэдээ боддог улсууд бүгд бэлдэж байна.

ЭБОЛАГИЙН ТУХАЙ БАРИМТУУД

Эболагийн нянгаар өвчлөгсдийн тавь орчим хувь нь амь эрсэддэг бөгөөд энэ үзүүлэлт үүнээс өмнө 90 хувьд ч хүрч байжээ.

Төв Африкийн алс­лагд­сан тосгонуудад анх­лан энэ өвчин дэгдэж бай­сан ч том хот сууринд дөхөж байсангүй.

Өнөөгийн нөхцөлд халд­вартай тэмцэх хам­гийн сайн арга нь өвчтөнийг эрт илрүүлэх, халдвар авсан байх магад­лалтай хүрээллийг шуурхай тодорхойлж тус­гаар­лах гэх арга хэм­жээ­нүүдийг онцолж байна.

Өвчтөнийг халдвар авсан тохиолдолд хүнд­рэхээс нь өмнө эмчилж эхэлбэл эдгээх магадлал өндөр юм байна.

Эцэст нь тэмдэглэхэд Төв болон баруун Африк руу шууд нислэгтэй байсан зарим улсууд ийм нислэгийн маршрутаа цуцалж байгаа бөгөөд одоогийн байдлаар тахал дэгдээд байгаа улсуудтай хойд Америк, баруун Европын зарим улсууд л шууд нислэг үйлдэж байна.

Манай хөрш хоёр улс Африкийн эдгээр улсуудтай шулуун нислэг үйлддэггүй. Гэхдээ өвчин дэгдсэн Сьерра –Леон, Судан зэрэг улсуудад манай энхийг сахиулагчид алба хаадаг гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *