УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдэд мэдээлэл хийж, санал сонсож байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 10 жил, гурван парламент дамжин эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын оролцоотой боловсруулсан. Давхар дээлийг тайлах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтууд багтаж байгаа. 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн амьдралын сайжруулахад тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Нийгэмд шударга ёс тогтоох, монгол төрийн бодлого тодорхой байх, хөгжлийн бодлогын асуудлууд, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм” хэмээн онцоллоо.