Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8,000 гаруй багш оролцож байна.
Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж, сүүлийн шатанд шалгарсан
- Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
- Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
- Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
- Улсын тэргүүний 1-р сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
- Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
- Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
- Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
- Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсэж батламж, зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.
Тэрбээр монголын 47.000 багшийн төлөөлөл болж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй эдгээр 10 багш нь Монголоос дэлхийд өрсөлдөх багш нарын үүд хаалгыг нээж буй анхдагчид гэдгийг онцлоод Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай гэв.
Эх сурвалж: БШУЯ