Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Ирэх сарын 1-нээс багш нарыг шинэ бүтцээр цалинжуулна || DNN.mn

Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны хуралдаанаар багш нарын цалингийн доод жишгийг тогтоосон. Багш нар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цалинжиж эхлэхээр болсныг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд буй. Харин энэ талаар Монголын багш нарын холбооноос тодруулахад цалингийн шинэ бүтцийн талаарх албан ёсны журам, тоот бичгийг хараахан аваагүй байгаа гэлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
– Багш нарын цалингийн бүтэц, урамшуулал, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын шинэ аргачлал дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс шинэ батлагдсан аргачлал нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр багш нарын халааснаас гардаг хичээл практикийн зардал, интернет датаны гэх мэт зардлыг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг багш нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ тайлбарласан.

Нийт таван шатлал байсныг шатлалгүй болгоод бүх багшийг хамгийн дээд тавдугаар шатлалд харьяалалтай болгосон. Ингэснээр багшийн суурь цалин болох 850 мянган төгрөг дээр үр дүнгийн урамшуулал олгохоор 1 сая 5000 төгрөгөөс эхэлнэ. Энэ нь оны эхний хоёр сард хэрэгжээгүй ч цалин дээр дутуу олгогдсон үр дүнгийн урамшууллыг нэмж олгосон. Харин өөрчлөлт орсон цалингийн шинэ бүтэц ирэх сарын 1-нээс хэрэгжиж, үр дүнд суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжих зохицуулалтаар явна.

Монголын багш нарын холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Цэрэндолгор:
– Ирэх сарын 1-нээс багш нар цалингийн шинэ бүтцээр цалинжиж эхэлнэ гэсэн албан ёсны шийдвэр, тамгатай тоот бичиг бидний гар дээр одоогоор ирээгүй, одоогоор баримттай зүйл алга байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд гүйцэтгэлд суурилсан цалингийн систем хараахан хэрэгжиж эхлээгүй байсан учраас улирлын үр дүнгийн урамшууллаар олгогдсон. Өмнө нь багш нарт үр дүнгийн урамшуулал болгож 20 хүртэлх хувийг олгодог байсан бол энэ удаад заримд нь ойролцоогоор 60 хүртэлх хувийг олгосон. Салбарын сайд өчигдөр багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр эхлээд туршилтаар хэд хэдэн сургуулийг хамруулж, шат дараатай хэрэгжүүлэх талаар дурдсан. Тиймээс энэ талаарх албан тоот бичиг, тамгатай цаас бидэнд ирээгүй учир яг хэрхэн олгогдох нь бүрхэг хэвээр л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *