Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр, Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа систем ашиглаж байна.
Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
- 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
- 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байна гэсэн мэдээллийг өнөөдрөөс иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.
Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.
И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно” гэв.
Түүнчлэн “Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ. Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх зохицуулалтыг хийхээр яам ажиллаж байна” гэлээ.