Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй, зөвхөн танхимаар л нөхнө-


-Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Цар тахлын эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

-Бүх шатны боловсролын байгууллагууд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан. Энэ хичээлийн жил эхлэх үед ковидын тархалт өндөр байхаас гадна дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо одоогийнхтой харьцуулахад бага байсан. Энэ үед бид эрсдэлээ тооцоод 5/9-өөр буюу тав хоног танхимаар хичээллээд, хоёр хоног амраад, эргээд тав хоног нь цахимаар хичээллэх хэлбэрийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр болсон. Тухайн үед эрсдэлээ зөв тооцсон гэдэг нь эрдэмтдийн тооцоогоор батлагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд 5/9-өөр хичээллэж байхад нэг ч сургуулиас голомтолсон халдвар гараагүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд цаг хожиж багш нар болон 12-17 насны хүүхдүүдээ хоёр, гурав дахь удаагийн вакцинд хамруулсан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа. Танхимаар хичээллэх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын асуудал. Үндсэндээ сүүлийн хоёр жил бид нийт хичээлийнхээ 70-80 хувийг цахимаар явуулснаас үүдэн сурагчдын дунд хичээл хоцрогдол их байна. Тийм учраас нэг өдрийн өмнө боловч танхимаар хичээллэж эхлэх нь чухал байна. Ер нь бол цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй юм байна. Хоцрогдлыг зөвхөн танхимаар л нөхнө.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж боловсролын салбарт хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Бид эдийн засгийн хямралын талаар түлхүү яриад боловсролын салбарт нүүрлэж болзошгүй гамшгийн асуудлыг орхигдуулаад байх шиг?

-Ковидын үед хамгийн их хохирол амссан салбар боловсролын салбар байсан. Ганцхан манай улс ч биш ,дэлхийн бүх улс оронд ийм хүнд байдалд орсон. Дэлхийн 100 гаруй улс орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоосон. Дэлхийн банкнаас хоёр жилийн хугацаанд хичээл сургуулиа хааснаас болж ирээдүйд дэлхийн улс орон, эдийн засагт 17 трилонтой тэнцэх хэмжээний хохирол амсах талаар тооцоо гаргасан байна. Дээрх тоо бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Энэ сүүдэр Монголын эдийн засагт ч бас нөлөөлнө. Хоёр жил танхимаар сурах, мэдэх боломжоо алдсан хүүхэд магадгүй ирээдүйд олох орлогоосоо шууд биш юм аа гэхэд шууд бусаар хохирол амсах бодит эрсдэл нүүрлэсэн үү гэвэл нүүрлэсэн. Саяхан бид улс орон даяар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дунд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ хийсэн. Мөн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдлын байдлыг анги нэг бүрээр нь, хичээл бүрээр нь хийлээ. Судалгаануудаас харахад хүүхдүүд бүх хичээл дээр танхимаар авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг авч чадалгүй хоцрогдсон байна. Энэ хоцрогдол чинь эргээд ирээдүйд, мэргэжил эзэмших, Их, дээд сургуульдаа амжилттай суралцахад тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Ковид цаашид удаан хугацаагаар үргэлжилж, бүх шатны боловсролын байгууллага удаан хугацаанд хичээл, сургалтаа хаах юм бол хүүхдүүд маань ядуурлын хавханд насан туршдаа орох эрсдэл бий. Танхимаар нөхөхдөө одоогийн байгаа багш нар дээрээ Боловсролын их сургуулийн төгсөх ангийн оюутнууд, тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилж хүч нэмэх бодлого барьж байна.

-Хүүхдүүд болоод эцэг эх нь хүсэх юм бол хоцрогдлоо нөхөх боломж тодорхой хэмжээнд бүрдсэн юм байна гэж ойлголоо. Хамгийн гол нь үүнд нийт сурагчдын хэдэн хувь нь хамрагдаж байна вэ. Хөдөө орон нутагт амьдардаг, амьдралын түвшин боломж бололцооноос шалтгаалсан ялгаатай байдал их байна шүү дээ?

-Ковидын үед судалгаа хийхэд Монгол Улсын хэмжээнд 183 мянган гаруй хүүхэд интернэтгүй, гар утасгүй, цахилгаангүй газар амьдарч байгаа нь тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд өөрийнхөө амьдарч байгаа орчин, байрлал, өрхийнхөө орлогоос шалтгаалаад сургалтын хоцрогдолд өртсөн байна. Тухайлбал, дээрх 183 мянган хүүхдийн 40 мянган хүүхэд нь Улаанбаатар хотод буюу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн задгайд амьдарч байгаа бөгөөд тэнд цахилгаангүй учраас хичээлээсээ хоцрох бодит аюул нүүрлэсэн гэдгийг тогтоосон. Тийм учраас хичээл хоцрогдлын суурь шалтгаан болсон тог цахилгаан, интернэттэй болгохыг зорьж байна. Улс орон даяар хэрэглэсэн компьютер, гар утсаа эдгээр хүүхдүүдэд хэрэглүүлэх сайн санааны хандивын аяныг юнител, мобиком компани өрнүүлж, олон улсын зарим байгууллагууд бид нартай хамтарч ажиллаж байна. Ковидын үед хамгийн их үүрэг хүлээсэн хүмүүс эцэг эхчүүд, асран хамгаалагчид байсан. Судалгаа хийгээд үзэхэд, 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилласан байна. Харамсалтай нь 40-өөс дээш насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ муу ажилласан гэдгийг судалгааны дүн харуулсан. Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурах эрмэлзэл их буурч, хичээлээс завсардах бодитой эрсдэл нүүрлэсэн байна. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлд орсон байна. Энэ тоог сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн байна. Үүний шалтгааныг аваад үзэхээр хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон учраас сургуульд суралцах сонирхолгүй байх, стресс бухимдалд орсныг судалгааны дүн харуулсан. Дөрвөн хүүхдийн нэг нь хичээл хоцрогдлоос шалтгаалан сэтгэл гутралд орж, сурах сонирхолгүй болсон. Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн 850 сургуулиас эхний ээлжинд 150 сургууль дээр сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Тэд зөвхөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Цаашдаа үлдсэн 600 орчим сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулахаар зорьж байна.

-Сайхан санаачилга байна. Гэхдээ манайханд сэтгэл зүйчээс үйлчилгээ авах соёл суусан уу. Сэтгэл зүйч дээр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн эмгэгтэй хүн очдог гэх буруу ойлголтоос улбаалж, сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүүхэд, эцэг эхийг ялгаварлан гадуурхах эрсдэл байгаа юм биш үү?

-Монголчууд мэдэхгүй юмныхаа дайсан гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйч хүн ямар тусламж үзүүлдэг талаар соёлыг бид нар бий болгох ёстой. Энэ бол цэвэр сэтгэлгээний асуудал. Шар хадны эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс л сэтгэл зүйч дээр очдог, сэтгэл зүйн үйлчилгээ авдаг, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс л сэтгэл зүйчийн зөвлөгөө авдаг гэж ойлгож болохгүй. Хүн бүрт сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Тэр дундаа ковидын үед хөл хорионд орсон бүх хүмүүс тодорхой хэмжээнд сэтгэл санааны стресс бухимдалд орсон. Үүнд хамгийн их өртсөн нь хүүхдүүд.Учир нь хүүхдүүд ангийнхаа найз нөхөд, багштайгаа удаан уулзаагүй. Тэр ч бүү хэл хоёр, гуравдугаар ангийнхан сургуульдаа очиж үзээгүй, багшийнхаа нэрийг ч мэдэхгүй байна. Улаан тарианы хүүхдүүд гэдэг шиг ковидын үеийн хүүхдүүд гэдэг бүхэл бүтэн үе гарах гэж байна.

-Ер нь манай улсад болж бүтэхгүй байгаа асуудал бүрийг боловсролын салбартай холбон тайлбарлаж байна. Бид хүүхдүүдээ багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлэхэд боловсролын салбарын агуулга, тогтолцоо хамгийн чухал болоод байна.Тиймээс боловсролын агуулга, бодлогодоо шинэчлэл хийх ёстой гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өмнөд африкийн их сургуулийн үүдэнд “Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл голын пуужин хэрэггүй ээ. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр буулгахыг зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг, ийм инженерүүдийн гараа боссон, барилга нурж унадаг ийм унадаг, ийм эдийн засагчдын гараар орсон мөнгө урсан алга болдог. Ийм хуульч, шүүгчдийн гараар шударга ёс сарниж алга болдог. Ийм хуульчдын баталсан гараар удирдлага завхран оддог, боловсрол устахад үндэстэн устана” гэсэн үг байдаг. Тиймээс боловсрол гэдэг улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал.Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт нүүрлэсэн хамгийн ужгирсан асуудал бол манай боловсролын чанарын асуудал. Хүүхэд бүрд бид чанартай боловсрол олгож чадсан уу гэвэл үгүй. Энэ юунаас шалтгаалсан гэхээр одоо хот хөдөөгийн ялгаа, хот дотроо хотын төвийн алслагдсан дүүргийн сургууль гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн төрийн өмчийн, хувийн өмчийн гэдгээрээ ч ялгагдаж байна. Энэ бүхнээс дүгнэхэд хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж ерөөсөө чадаагүй. Үүнээс үүдэж үндэсний боловсролын хөтөлбөрийн өрсөлдөх чадвар уналтад орсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн банкнаас хийж байгаа судалгаануудаар Ерөнхий боловсролын болон бага боловсролын унших суурь чадвар, тоо бодох суурь чадвараар сүүл мушгиж байна. Монгол Улсад нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл боловсролын чанарын тогтолцооноос үүдэлтэй, угшилтай гэж ойлгож байгаа.

-Манай улсын их дээд сургуульд олгодог мэдлэг, ур чадвар ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцэхээ болиод удаж байна. Тэгэхээр их, дээд сургуулийн боловсролын тогтолцоог хэрхэн сайжруулж, шинэчлэх вэ?

-Мэргэжлийн боловсрол, дээд боловсрол чанартай боловсрол олгож чадахгүй байгаа учраас магадгүй өнөөдөр ядуурал ажилгүйдлийн гол үндэс нь болж байгаа юм аа. Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургууль 150-иад мянган оюутнууд сургаж байна. Эдгээр их, дээд сургуулиуд маш том ажилгүйчүүдийн армийг үйлдвэрлэдэг буруу тогтолцоо бий болчихсон байна. Дипломтой ажилгүйчүүдийн арми бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон. Хөдөлмөрийнхөө зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдсан бодлого огт явуулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн ингээд судалгаа явуулаад үзэхээр дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засч залруулах шаардлага бий.

-Боловсролын реформ, шинэчлэлийн талаар ихээхэн ярих болсон. Энэ шинэчлэлийг хийх хууль эрх зүйн орчин бүрэлдэж байна уу. Тухайлбал, Боловсролын багц хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан шүү дээ. Уг хуулийн ач холбогдол юу байх вэ?

-Боловсролын салбарт өнөөдөр олдож байгаа нэг том давуу тал, боломж юу вэ гэвэл УИХ-д Боловсролын багц хуулийг өргөн барилаа. Энэ хууль түүхэндээ анх удаа боловсролын бүх түвшний хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж оролдож байгаагаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, ахлах боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролыг цогцоор нь харж, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаас өнгөрсөн жилд болсон нэг том үйл явдал бол боловсролын салбарт байсан мэргэжлийн боловсролыг ХНХЯ-ны харьяанд шилжүүлсэн нь бодлогын алдаа завхрал байсан. Тиймээс энэ алдааг засахын тулд эргээд мэргэжлийн болон техникийн боловсрол манай яамны харьяанд ирсэн учраас боловсролын бүх түвшинд уялдаа холбоо хангагдах нөхцөл бүрдсэн. Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай, мэдлэгтэй үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх боловсролын тогтолцоо бүтэн болсон гэж ойлгож болно.

-Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсээд 100 жил болж байна. Гэтэл энэ салбар өнөөдөр гамшигт нэрвэгдчихсэн байна. Үе үеийн удирдлагууд үргэлж гоё, сайхан зүйл ярьсаар ирсэн. Харамсалтай нь ажил хэрэг болж, үр дүнгээ өгсөн нь цөөхөн. Хэзээ голдиролдоо орох бол?

-Боловсролын салбарт үүссэн асуудлуудыг шийдэх шийдэл нь эрх зүйн шинэчлэлийн л асуудал шүү дээ. Энэ хаврын чуулганаар Боловсролын багц хуулиуд батлагдаж гарна гэж бодож байна. Тийм учраас нэгдүгээрт, хууль батлагдана, хоёрдугаарт, 2022 оны улсын төсвийн тухай хууль дээр баталсан хамгийн том шинэчлэл бол Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм. Боловсролд зарцуулж байгаа нэг төгрөг өнөөдөр тухайн хүүхдэд одоо ямар өгөөж өгч байгаа юм бэ гэдгийг хэмжиж сурах ёстой юм билээ. Түүнээс биш одоо ёроол нь онгорхой хувин шиг байж болохгүй. Эдийн засгийн талаас нь харахад ДНБ-д эзэлж байгаа боловсролд зарцуулж байгаа мөнгөнийхөө хувь хэмжээгээр манай улс дэлхийн дундаж түвшинд оччихсон. Манай улс ДНБ-ийхээ 4-5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буюу жилд 2.3 их наяд төгрөгийг боловсролдоо зарцуулдаг. Ийм хэмжээний мөнгийг боловсролд зарцуулдаг улс дэлхийд боловсролоороо тэргүүлэх хэмжээнд оччихсон байх ёстой. Төсвийн урсгал зардлын 10-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Гэтэл энэ санхүүжилт өнөөдөр үр дүнтэй, өгөөжтэй байж чадаж байна уу. Төрөөс нэг хүүхдэд 800 мянган төгрөгөөр тооцож хувьсах зардал санхүүжүүлдэг. Тэгвэл энэ мөнгө хүүхдийн сурах орчинг сайжруулж, чадварлаг багшийн цалин урамшууллын асуудлыг шийдэж чадаж байна уу, хүүхэд эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлж чадаж байгаа эсэхийг хэмжээд үзэхээр үр дүн маш муу байдаг. Тийм учраас боловсролд зарж байгаа нэг төгрөгийг яавал үр өгөөжтэй зарах вэ гэдэг энэ шинэчлэлийг хийх нь боловсролын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн хүртээмжийн хувьд тодорхой үр дүн гарсан. Өнөөдөр улс орон даяар гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Таван настай хүүхдийг зуун хувь цэцэрлэгт хамруулах боломжоор хангасан. Цаашдаа дөрвөн настай хүүхдүүдийн 70-80 хувийг цэцэрлэгт хамруулах цэцэрлэгийн багтаамжтай болчихсон. Одоо хүртээмжээс илүү чанарт анхааръя. Хүүхдүүдийг олимпиадад бэлдэх ёстой юм уу, амьдралд бэлдэх ёстой юм уу гэдэг зарчмын асуудал дээр ирчихээд байна. Багш, сургуулийн ажлыг дүгнэхдээ олимпиадад олон хүүхэд оролцуулснаар нь, эсвэл ЭЕШ-д өндөр оноо авахуулснаар нь дүгнэдэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Харин хүүхэд бүрд өөрөө сурах боломжийг олгосон байна уу, хүүхэд бүрд ахиц дэвшил гаргах боломж нөхцөлөөр нь хангасан эсэх үр дүнгээр үнэлдэг тогтолцоо руу шилжих юм. Ингэснээр чанартай боловсролын тогтолцоог бий болгох боломжтой.

-Хүүхдүүдийг хаана сурч байгаагаасаа үл хамаараад тэгш, чанартай боловсролоор хангана гэдэг чихэнд чимэгтэй сонсогдож байна. Ажил хэрэг болтол хэр хугацаа шаардах вэ. Өнөөдөр өндөр төлбөртэй хувийн сургуульд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байхад, улсын сургууль тавдугаар ангиасаа үздэг. Энэ боловсролын тэгш бус байдал ирээдүйн нийгмийн тэгш бус байдлыг хамгийн их өдөөгөөд байгаа юм биш үү?

-Би нэг жишээ дурдъя л даа. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд гэж ярьж байгаа. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн төрийн өмчийн гурван сургууль байна. Бусад нь хувийн өндөр төлбөртэй сургуулиуд кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөртэй байна. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол үндсэндээ байгалийн ухааны хичээлүүдийг олон улсын хөтөлбөрүүдтэй дүйцүүлж тооцох ийм хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн давуу талуудыг яагаад төрийн өмчийн 850 сургуульд сурч байгаа 800 мянган хүүхэд тэгш хүртэж болдоггүй юм бэ. Яагаад дандаа Зайсанд амьдардаг, аав ээж, ар гэр нь боломжтой айлын хүүхдүүд, эсвэл хамгийн чадвартай хүүхдүүдийг сонгож, хичээллүүлж байгаа төрийн өмчийн гурван сургуульд сурч байгаа хүүхдүүд тус хөтөлбөрийг судлах ёстой гэж. Энэ хэлбэр эргээд нийгмийн тэгш бус байдлыг өдөөж байгаа хэрэг. Тиймээс цаашид хүүхэд бүрд чанартай тэгш боловсрол олгохын тулд Үндэснийхээ хөтөлбөрийг олон улсад өрсөлдүүлэх чадвартай хөтөлбөр боловсруулах ёстой. Хөтөлбөрийн өөрчлөлт гээд ярихаар сайд бүхэн гарч ирээд төлбөр шинэчилдэг гэдэг шүүмжлэл гардаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд боловсролын салбар хамгийн том сорилтыг давсан. Учир нь өмнө нь арван жилийн боловсролын тогтолцоотой байсан. Гэтэл сургуульд элсэн суралцах хүүхдийн насыг зургаан нас болгосон. Дахиад 11,12 жилийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл, хуучин 10 жилийн тогтолцооноосоо гурван жилээр илүү сурдаг тогтолцоонд шилжсэн. Бусад улс оронд энэ тогтолцоо руу удаан хугацаанд төлөвлөж, аажмаар шилждэг. Гэтэл манайхан 10 хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай шилжсэн. Хоёрдугаарт, арав хүрэхгүй жилийн дотор 4-5 хөтөлбөрийн шинэчлэлийг ойрхон хугацаанд хийсэн. Хөтөлбөр шинэчлэгдэхээр агуулга шинэчлэгдэнэ, агуулга шинэчлэгдэхээр багш нарын арга зүй, шинэчлэгдэх ёстой. Гэтэл багш нар шинэ хөтөлбөрөө бүрэн ойлгоогүй, арга зүйгээ өөрчилж чадаагүй учраас ойр ойрхон хөтөлбөр шинэчлэгдсэнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарсан. Тийм учраас боловсролын салбарт ковидын өмнөх болон дараах хоцрогдол нүүрлэсэн.

-Боловсролын салбар сүүлийн таван жил зургаан сайдын нүүр үзэж байна. Та зургаа дахь сайдаар томилогдсон. Энэ салбар өөрөө улс төр, удирдлагын хувьд тогтворгүй байх нь өнгөц харахад хүүхдүүд, боловсролын тогтолцоондоо хортой мэт боловч гүнзгийрүүлээд харахад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал юм биш үү?

-Боловсролын салбарт улс төрийн тогтвортой байдал маш чухал. Манай салбар таван жилийн дотор зургаан сайдын нүүр үзэж байгаа нь хамгийн аюултай үзэгдэл. Улс орны хамгийн тогтвортой байх салбар эрүүл мэнд, боловсролын салбар байдаг. Байгалийн баялгийн тэгш хүртээмж гэдэг зөвхөн 1072 ширхэг хувьцааны эзэн байхын нэр биш. Харин иргэн бүрд чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг улс орон байгалийн баялгийг тэгш хүртээж байна гэж ойлгох ёстой. Энэ тогтолцоо руу бид шилжих ёстой.Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гэхээсээ илүү хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хэмждэг болчихсон. хүний хөгжлийн индекс (ХХИ) гэдэг юу юм бэ гэвэл иргэн бүрдээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бий болгож чадсан уу гэдэг ганцхан хэмжүүрээр хэмждэг болсон.

-Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой гэлээ. Гэтэл өнөөдөр бас аймаг, сумдын сургуулиудын захирлыг Засаг дарга нь томилдгоос боловсролын салбарт улс төр хавтгайрчихсан байна шүү дээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Хүлээн зөвшөөрнө өө. Хамгийн их улстөржсөн, улстөрчид хамгийн их гар дүрсэн салбар боловсролын салбар болсон. Үүний хохирогч нь бидний үр хүүхэд, Монголын ирээдүй. Тиймээс цаашид боловсролын салбарт нэгдүгээрт, мэргэжлийн томилгоо хийгдэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Мэдлэг ур чадвартай залуус мерит зарчмаар гарч ирдэг тогтолцоо байх ёстой. Гэнэтхэн хэн нэгний цүнх баригч, эсвэл тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлд засаглаж байгаа намд үйлчилсэн нөхдүүд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болдог буруу тогтолцоо хэрхэвч байж болохгүй. Боловсролын салбарт намын томилгоо байж болохгүй. Тухайлбал, ХХААХҮЯ- ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газар 330 суманд байгаа Мал эмнэлгийн газрын даргыг босоо тогтолцоогоор томилдог. Малын эмчийг босоо тогтолцоогоор томилж болоод байхад яагаад 21 аймаг, 330 сум, долоон дүүргийн хэмжээнд байгаа 850 сургууль, 600 орчим цэцэрлэгийн удирдлагыг мэргэжлийн томилгоогоор томилж болохгүй гэж… Боловсролын салбарт улс төрийн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг засах ёстой. Энэ тогтолцоог өөрчлөх асуудал Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуульд тусгагдсан.

-Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нийгэмд нэлээн шуугиан тарьж байна. Та 2015 онд тус банкны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм байна лээ. Тухайн үед үүссэн эрсдэлийн талаар холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж байсан уу?

-Тухайн үед буюу 2012-2016 онд МАН цөөнх байсан. Цөөнхийн бүлгээс санаачилга гаргаж Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, миний бие ахлагчаар нь ажилласан. Тухайн үед Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан. Одоо дуулиан шуугиан болоод байгаа асуудлууд тэр үед үүсчихсэн байсан. Үүнийг бид тодорхой баримттайгаар тогтоогоод тухайн үеийн АТГ, прокурорт шалгуулахаар өгч байсан. Харамсалтай нь явсаар байгаад өнөөдөр ужгирсан асуудал болж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компаниуд зориулалтын дагуу ашиглаж бизнесээ өргөжүүлсэн зүйл байгаа. Бүгдийг улс төрийн өнцгөөс харлуулж болохгүй байх. Харин улс төрийн нөлөөгөөр хууль зөрчиж, барьцаагүй зээл авсан, зориулалтын бусаар зээлээ ашигласан хүмүүсийг шалгах ёстой. Хөгжлийн банк тухайн үеэс дарьтай торх шиг болчихсон байсан. Үүнийг анхааруулсаар байтал тухайн үеийн эрх баригчид үл тоосноос үүдэж өнөөдрийн идээ бээр бий болсон гэж харж байгаа.

-Таныг Хөгжлийн банкнаас зээл авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн шүү дээ?

-Намайг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан хэмээн өмнө нь хувь эзэмшиж байсан MCS компанитай холбож хардсан. Өнөөдөр би MCS компанид нэгдүгээрт хувьцаа эзэмшдэггүй, хоёрдугаарт нэр дурдагдсан компани Хөгжлийн банкнаас ямар ч зээл аваагүй юм билээ. Хөгжлийн банкыг шалгаснаас хойш миний өмнө нь хувьцаа эзэмшиж байсан, одоо надтай огт хамаагүй компаниудын аль нэг нь банкнаас зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэр бүхнийг надтай холбож, нэр сэвтээх оролдлого гаргавал холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *