УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарим гишүүд өргөн барилаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон гол шалтгаан нь юу байв. Яагаад заавал алслагдсан аймгууд гэж тодотгоод байгаа юм бэ?
-Байнгын үйл ажиллагаа явуулдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлж, гурван жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр боловсруулсан. Уг хуульд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон аж ахуйн нэгжийн орлогын татвар ноогдох орлогоос хөнгөлөхөөр тусгаж өгсөн.
Энэ хуулийн гол зорилго нь Улаанбаатар буюу улсынхаа нийслэлээс алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан энэ цаг үед бизнесийнхнээ дэмжих нь хамгийн зөв гарц. Улаанбаатар хотоос 600 км, 1000 км алслагдсан тийм нутаг оронд бизнес эрхэлж байгаа хүмүүс үнэхээр хүндрэлтэй байна гэдгийг тэд өөрсдөө ч хэлж байна.
Алслагдсан аймгуудад бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр өртөгтэйгөөр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг юм. Хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, бараа бүтээгдэхүүн нь хамгийн өндөр өртгөөр очиж, тээврийн зардал нь хамгийн өндөр гээд асуудал бий. Тийм болохоор алслагдсан аймгуудын иргэд өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн авч хэрэглэхээс өөр ямар ч замгүй болж байгаа юм.
-600 км, 1000 км гээд хоёр янзын хэмжигдэхүүн яригдаад байна. Энэ хоёр нь ямар учиртай юм бэ?
-Бид аж ахуйн нэгжүүдийг ангилаад Улаанбаатар хотоос 600 км дотор үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо төлж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Ухаандаа найман хувийн татвартай болж байна гэсэн үг. Харин нийслэлээс 600-1000 км дотор аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бол Аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь буюу таван хувь болгоно гэсэн үг. Улаанбаатараас 1000 км-ээс дээш зайд алслагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нь 90 хувийн хөнгөлөлт үзүүлээд одоо мөрдөж байгаа 10 хувийн татвар маань нэг хувь болно гэсэн үг. Уг хуулиар ийм эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм.
-Уг хуулийг дэмжлээ гэхэд ямар сайн зүйл гарах юм…
-Уг хууль батлагдвал хөдөө орон нутагт бизнесийн орчин сайжирч, ажлын байр хадгалагдана. Орон нутагт жинхэнэ утгаараа жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж байгаа төрийн дэмжлэг болох учиртай юм. Хөдөө орон нутгаа бид дэмжиж чадвал нийслэлийг чиглэсэн их нүүдэл татарна. Бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс заавал Улаанбаатарт ирээд байх шаардлагагүйгээр орон нутагтаа аятайхан амьдрах боломж бүрдэх юм. Их хурлаас хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Уг хуулийг алслагдсан аймгуудад хөрөнгө оруулалт хийвэл хэр алслагдсанаас, хэр хэмжээний хөрөнгө оруулснаасаа шалтгаалан тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтойгоор баталсан байдаг. Хөрөнгө оруулалтын хууль батлагдчихсан юм чинь одоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулж чадвал хөдөө орон нутагт бизнес эрхлэх орчин сайжрах давуу талтай.
-Энэ хуулийн төслийг бизнес эрхлэгчид таатай хүлээж авах нь гарцаагүй. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байхад уг хуулийг батлах боломж байгаа юм уу. Орон нутагт бизнес эрхлэгчид жилдээ хэдэн төгрөгийн татвар улсад төлдөг юм бэ?
-Улаанбаатараас 600 км-ээс дээш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлого нь 2.3 тэрбум төгрөг юм билээ. Улсын хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийн төсвийн орлого тасрах магадлалтай ч нөгөө талдаа бид ингэж л аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол маш олон хүн ажлын байргүй, орлогогүй болох, орон нутагт бизнесийн үйл ажиллагаа хаагдах ийм нөхцөл байдал үүсчихээд байна.
Өнөөдөр маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байгааг бүгд харж, мэдэрч байна. Бид иргэдээ орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй, орон нутагтаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг нь дэмжих нь чухал. Түүнээс биш эдийн засгийн хувьд маш хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээсээ татвар авах нь төрийн гол зорилго биш.
-Гэхдээ алслагдсан аймгуудад бензин шатахуун өндөр үнээр очиж байна. Үнийг нь буулгах ёстой гэсэн боловч харин ч эсрэгээрээ Онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Уг хуулийн төсөл чинь энэ замаар явчих юм биш биз?
-Бензин, шатахууны Онцгой албан татварыг нэмнэ гэхэд МАН эсрэг байр суурийг барьж байсан. Бензин, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр үндсэндээ 60 хувь хямдарчихаад байна. Засгийн газар Онцгой албан татвараа нэмээгүй бол бензин шатахууны үнэ хөдөө орон нутагт 60 хувь хямдарч бусад бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах боломж байсан.
УИХ-аас сая баталсан төсөвтэй холбогдуулан Монгол Улсын бүх газар нутагт шатахууны үнэ ижил байх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар УИХ-ын энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой.
-2016 оны төсвийг батлачихлаа. Бизнесийнхэнд сайн, муу ямархуу төсөв болсон бэ?
-2016 оны төсөв буруу тооцоологдсон. Учир нь орлогыг маш өндрөөр баталчихлаа. Төсвийн орлого өндөр тооцогдоно гэдэг нь аж ахуйн нэгжүүд дээр ирэх татварын ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс бидний өргөн барьсан хууль аж ахуйн нэгжүүд тэр тусмаа алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхэндээ тодорхой хөнгөлөлт үзүүлж улс оронд үүссэн эдийн засгийн хямралаас гарах төрийн бодлого дэмжлэг гэж харж байгаа юм.
-Алслагдсан аймгийн бизнесийнхэнд боломж олгоно гээд байх юм. Төвийн бүсийнхнээ ялгаварлаад байгаа юм биш үү. Нийслэлд байгаа аж ахуйн нэгжүүд яах юм?
-Нийслэлээс гараад Төв, Булган, Хэнтий, Сэлэнгэ ч гэдэг юм уу 600 км дотроо багтсан орон нутгийн бизнес эрхлэгчид 20 хувийн хөнгөлөлтөө эдлээд явна. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт эдлэхгүй. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл өргөн баригдчихсан байгаа. Тэр хуулийг энэ цаг үед давхар хэлэлцээд явах ёстой. Ардчилсан намын гишүүд 90 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн. МАН-ынхан 90 хувийн хөнгөлөлт гэдэг бол нэг хувийн татвар юм. Тиймээс энэ тогтоолцоонд оръё гэсэн үг. 10 хувиа төлөнгүүт нь 90 хувийн хөнгөлөлт үзүүлээд төлсөн 90 хувийг нь буцаан олгоно гэдэг бол маш том хүнд суртлын тогтолцоог бий болгоно. НӨАТ-ын буцаан олголт гэхэд гаалийн болон татварын байцаагчдын өнгө үзэмжээс шалтгаалдаг бизнесийн дарамтууд их байдаг. Тиймээс шууд нэг хувь болгочих юм бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чинь алслагдсанаасаа үл шалтгаалаад шууд нэг хувь болоод зохицуулагдаад явах боломж нь бий.
-УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хууль бол бизнес эрхлэгчдэд том боломж гээд байгаа. Төрөөс олгосон боломжуудад хувийн хэвшлийнхэн хойрго хандаад байгаа юм билээ?
-Эдийн засгийн ил тодын нэртэй боловч энэ чинь татварын өршөөлийн хууль байхгүй юу. Татварын өршөөлийн хуулиар өмнө нь татварын баланст тусгаагүй нуусан үл хөдлөх хөрөнгөө аж ахуйн нэгжүүд маань ил болговол торгуульгүй, хуулийн хариуцлага хүлээлгүйгээр далд эдийн засгаа ил болгох хууль юм. Өмнө нь батлагдаж байсан өршөөлийн хуулиар бүх аж ахуйн нэгж бүрэн хамрагдаж чадаагүй. Монгол Улсад 70 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ч байнгын татвартай харьцдаг 20 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Бусад 50 мянган аж ахуйн нэгж нь “Х” тайлан гаргаж явдаг хэрнээ үйл ажиллагаа явуулдаг. Тэгсэн мөртлөө үл хөдлөх хөрөнгөтэй байдаг. Тэгсэн мөртлөө хөрөнгөтэй байдаг. Түүнийгээ татвар дээрээ гаргаж ирж чаддаггүй хүндрэлүүд байсан. Энэ бүгдийгээ татвар дээрээ гаргаж ирж чадахгүй байсныг нь ил болгож гаргаж ирснээр тухайн компанидаа, иргэн хүндээ ашигтайгаар өөрийн хөрөнгөө албан ёсоор баталгаажуулж авч байна гэсэн үг. Ингэснээрээ татварын бааз суурийг нэмэгдүүлж байгаа тийм л хууль.