Categories
мэдээ цаг-үе

Л.Данзанноров: Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт хэрэглэнэ

Монгол өмгөөлөл” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровтой шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Долдугаар сарын1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хуулийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Шоронжсон хууль хэвээрээ гарлаа, хүний эрхийг дордууллаа гээд янз бүрийн л тайлбар гарч байна. Таны байр суурь ямар байгаа бол?

-Эрүүгийн хууль бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад хамгийн гол нөлөө үзүүлэх суурь хууль. Энэ ч утгаараа нийтийн анхаарлыг ихээхэн татаж хүмүүс янз бүрийн байдлаар байр суурь илэрхийлж байна. Удахгүй мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулсан, одоогийн мөрдөж байгаа хуулиас илүү хатуу хууль болсон гэдэгтэй би огт санал нийлэхгүй. Хуульд хүний эрхийн талаасаа ахиц дэвшил авчирсан зарчмын шинжтэй зохицуулалтууд олон тусгагдсан.

-Дэвшилттэй зохицуулалтууд орсон гэдгээ илүү тодруулаач. Үзэл баримтлалын хувьд хамгийн чухал зохицуулалт нь юу вэ?

-Хамгийн гол нь шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого уян хатан болж чадсан. Өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргүүдэд оногдуулах ял сонголттой болсон. Ингэснээр шүүхээс хүний гэм бурууд яг тохирсон ялыг сонгон хэрэглэх, гэм буруу ял шийтгэлийн тэнцвэртэй байх, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой боллоо. Одоо дагаж мөрдөж байгаа, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх боломж хязгаарлагдмал, зарим түгээмэл үйлдэгддэг хэрэгт ямар ч сонголтгүйгээр хорих ял оногдуулах зохицуулалттай байсан нь “шоронжуулсан” гэж хэлэгдэх шалтгааныг нөхцөлдүүлсэн байх талтай. Тухайлбал, бусдын биед хүнд гэмтэл учруулах, мөн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг зэрэг харьцангуй түгээмэл үйлдэгддэг хэргүүдэд өөр төрлийн ялын сонголтгүй, зөвхөн хорих ялтай л байсан. Ялын сонголтгүй ийм л байдлаас хорих ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Сүүлийн жилүүдийн дунджаар жилд 7000 гаруй хүн хорих ялаар шийтгэгддэг гэсэн судалгаа байдаг. Мөн хорих ялаар шийтгэгдээд суллагдсан хүмүүсийн бараг тал хувь нь эргээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Эндээс үзэхэд хорих ялын үр нөлөө тийм ч сайнгүй байгаа нь харагдана л даа. Хоригдол ихэсч байгаа нь шүүгч нар хатуу шийтгээд байгаадаа биш, гарч байгаа хэргийн байдал онц ноцтой байдагтаа ч биш. Харин тусгай ангид заасан тодорхой хэргүүдэд оногдуулах ялын сонголтгүйгээс ихээхэн хамааралтай юм.

Иймд заавал хорьж шийтгэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилж, шинэ төрлийн ялыг хуульд тусгаж өгсөн нь яах аргагүй томоохон дэвшил. Дараагийн гол зүйл нь ялын дээд болон доод хэмжээний хоорондын зай ихэссэн. Өмнө нь 5-8 жилийн ял оногдуулах ялтай зүйл анги байлаа гэхэд 2-8 жилийн ял оногдуулахаар болсон байх жишээтэй. Ингэхээр гэм бурууд нь тохирсон шийтгэлийг, шударгаар оногдуулах боломж илүү бүрдэнэ л гэсэн үг. Хуульд тусгагдсан чухал зохицуулалтын нэг нь өсвөр насны буюу 14-18 настай хүнд оногдуулах ялын бодлогыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн одоогийнхоос өөрөөр авч үзсэн явдал. Шинэ хуулиар өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд оногдуулах ялаас хоёр дахин багасгахаар тусгасан.

-Гэм буруутан нь ялаа аваад явдаг, хохирогч нь хоосон хоцордог байдал түгээмэл байдаг. Шинэ Эрүүгийн хуулиар хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэхэд ямар нэгэн дэвшил гарах болов уу?

-Энэ асуудал дээр ахиц гарна гэж би үзэж байгаа. Учир нь гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хохирол нөхөн төлсөн эсэхийг харгалзан, ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх нөхцлийг заасан. Хэрэгт холбогдсон хүмүүст учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснөөр ялаа багасгуулах, зарим хөнгөн хэрэгт холбогдсон тохиолдолд ял хариуцлагаас чөлөөлөгдөх боломж ч байгаа. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оно гдуулах, ялаас чөлөөлөх, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хуульд шинээр тусгаж өгсөн. Гэм буруугийн асуудлаараа маргаагүй тохиолдолд тухайн хүн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол зарим хөнгөн хэрэгт хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх, тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжийг хуульд нээсэн. Мөн хорих ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээнээс багасгаж ял оногдуулах боломжийг хуульчилсан. Одоо мөрдөгдөж байгаа хуульд хүнд болон онц хүнд хэрэгт холбогдсон хүн хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамааран хорих ялаа биечлэн эдэлдэг байсан учир хэрэгт холбогдсон хүмүүс төлсөн ч, төлөөгүй ч ялгаагүй гэсэн байдлаар хандах түгээмэл байсан. Нэгэнт хэргийн газар дээр нь илрүүлэн баривчилсан тохиолдолд гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, ял шийтгэлээ багасгуулах боломжийг ашиглахыг хэн ч бодох байх л даа. Ийм тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь ч илүү хялбаршуулж, цаг хугацаанд хэмнэлттэйгээр шийдвэрлэж, шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ачааллыг бууруулах талаар өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хуулинд тусгайлсан зохицуулалт орсон. Хохирол нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болохоос гадна ялыг тэнсэн харгалзахад харгалзан үзэх нөхцөл болно. Энэ зохицуулалтууд одоо мөрдөж байгаа хуульд ч байгаа.

-Шинэ хуулиар ямар төрлийн ялыг шинээр тусгаж өгсөн бэ. Зорчих эрхийг хязгаарлах ял өмнө нь манай хуульд байсан уу. Хилийн хориг тавьж, гадаад улсад зорчихыг хориглох тухай зохицуулалт уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ял цоо шинээр нэмж тусгагдсан. Агуулга нь эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин байгаа газраасаа явахыг, мөн тодорхой нэрлэн заасан газруудад очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг үүргийг хүлээлгэнэ гэсэн үг л дээ. Энэ ялын хэрэгжилтэд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хяналт тавина. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзаж, ял шийтгэгдсэн этгээд бусдад аюул эрсдэл учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох талаар ч шийдвэртээ тусгаж болохоор зохицуулсан. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хохирогч эхнэртэй нь уулзуулахгүй байх гэх мэтээр тухайлан заах боломжтой. Энэ ялыг биелүүлээгүй бол ялыг нь хорих ялаар сольж, чангаруулан өөрчлөхөөр зохицуулагдаж байгаа. Ялын хэрэгжилтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, технологийн дэвшлийг ашиглан электрон гав зэргийн тусламжтайгаар хяналтаа тогтоох байх. Харин таны асуултад дурдагдсан гадаад улсад зорчихыг тодорхой хугацаагаар тодорхой шалтгаанаар хориглох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгддэг ажиллагаа учир шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулдаг ялаас ялгаатай л даа. Ялын төрлүүдийг нэмсэн талаар ярилаа. Төрөл нэмэгдсэнээс гадна зарим ялын төрөл Эрүүгийн хуулиас бүрмөсөн хасагдсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль мөрдөгдөж эхлэх долдугаар сарын 1-ний өдрөөс баривчлах, цаазаар авах ялуудыг шүүх оногдуулахгүй.

-Эдгээр ялуудыг хассан шалтгаан юу юм бол?

-Баривчлах ял бол тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах агуулгатай. Хэмжээ нь богино, мөн ганцааранг нь байлгаж байгаагаас бус хорих ялтай үндсэндээ ижил. Тэгэхээр яг энэ байдлаар хэрэгжүүлэх нь үр нөлөө багатай байна гэж үзсэн болов уу. Тэгээд ч энэ төрлийн ялыг шүүхээс оногдуулаад байх нь практикт тийм ч түгээмэл биш. Харин цаазаар авах ялыг халсан тухайд наад зах нь л Үндсэн хуульдаа бид хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг эрхэм зорилго болгосон, бас хүний амьд явах эрхийг баталгаажуулсан улс. Монгол Улс олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргийнхээ хүрээнд ч Эрүүгийн хуулиас хасах шаардлага бий болсон гээд олон шалтгаан байдаг. Тэгээд ч шүүгчийн алдаатай шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Алдаатай шийдвэрийн уршгаар цаазын ялыг оноогоод, гүйцэтгэсэн тохиолдолд хэзээ ч засаж залруулах боломж байдаггүй.

-Хуулийн этгээдэд оногдуулах ялын асуудлаар нийгэмд маш зөрүүтэй ойлголт, байр суурь байна. Олон аж ахуйн нэгжийг татан буулгах, дарамт учруулах хууль болж байна гэх хүмүүс ч байна л даа?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудал яах аргагүй шинэ хуульд орсон, үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд хэрэглэгдэхээр зохицуулагдсан. Өмнө батлагдсан шинэчилсэн найруулгад ашигт малтмал хууль бусаар хайх олборлох, монополь тогтоох, байгалийн тэнцэл алдагдуулах, үнэт цаасны хууль бус арилжаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, терроризмыг санхүүжүүлэх гээд 60 орчим зүйл хэсэгт оногдуулахаар заасан байсан нь саяын нэмэлт өөрчлөлтөөр 10 гаруйг нь хассан. Гэхдээ аж ахуйн нэгж болгоныг л гэмт хэрэгт татаад, татан буулгаад, тусгай зөвшөөрлийг цуцлаад байна гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт л хэрэглэхээр зохицуулсан байгаа. Харин энд нэг зүйл нэмж хэлэхэд хуулийн этгээдийг шийтгээд шийдвэр гаргасан албан тушаалтан ял завших зүйл гарах вий гэсэн болгоомжлол байдаг юм шиг байна лээ. Хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн нь, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Торгуулийн нэгж гэх шинэ ойлголт бий болсон байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар зохицуулсан байсан. Торгуулийн хэмжээг хүмүүсийн орлоготой уялдуулан зохицуулдаг байсан өмнөх хувилбар нь зөв байсан юм биш үү?

-Энд зарчмын чухал асуудал хөндөгддөг юм. Аливаа гэм буруутай хүнд ялыг зөвхөн эрүүгийн хуулиар оногдуулдаг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван байгууллагын төлөөллөөс бүрддэг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоолоор баталдаг. Дээрх Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хууль “дам байдлаар” өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн ангилал, торгуулийн хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхөд хүрдэг. Иймд торгуулийн нэгж гэх ойлголтыг Эрүүгийн хуульд шинээр оруулсан. Инфляци, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсвэл торгуулийн нэгжийг төгрөгтэй дүйцүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгтээ тухай бүр өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой болсон. Торгуулийн нэг нэгж нь 2015 оны хуулиар 2000 төгрөгтэй тэнцүү байхаар зохицуулсан байсныг улс орны нийгэм эдийн засгийн байдал, өрхийн амжиргааны түвшин зэргийг харгалзан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар хоёр дахин бууруулж тогтоосон. Ингэснээр Эрүүгийн хууль дахь торгуулийн хэмжээ нь торгох ял оногдуулж болохоор заасан зүйл анги болгон дээр сая батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр хоёр дахин буурсан гэсэн үг.

-Одоо шинэ хуулиар торгуулийн ялын доод, дээд хэмжээ хэд болсон бэ. Хувь хүн, хуулийн этгээдэд хэмжээний хувьд ялгаатай байх нь ойлгомжтой байх?

-Хүнд ногдуулах торгуулийн хэмжээ нь 100 мянгаас 40 сая хүртэл төгрөг байгаа. Бусдын биед хүнд хохирол санаатай учруулах, мөн сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн хоёр хэрэгт л дөчин сая хүртэл төгрөгөөр торгох ял тусгагдсан. Хуулийн этгээдийн хувьд ганцхан хэрэгт буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэсэн, ашигласан гэмт хэрэгт 400 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалт орсон. Энэ нь хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ.

-Шинэ Эрүүгийн хуулиар давтан, ялтай байдал онц аюултай гэмт хэрэгтэн гээд нэршлүүд байхгүй болсон гэл үү?

-Тийм ээ. Энэ ойлголтууд шинэ хуулиас хасагдсан нь дараах шалтгаантай. Хүн үйлдсэн нэг гэмт хэрэгтээ нэг удаа л ял шийтгэгдэх ёстой. Гэтэл үйлдсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан хойно нь, дараагийн, өөр үйлдлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин сөхөж, өмнөх үйлдлээр нь ялыг хүндрүүлдэг, хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулдаг хандлагаа энэ удаад өөрчилсөн нь зөв гэж би хуульчийн хувьд үзэж байгаа. Манай хуульд л давтан гэмт хэрэг, ялтай байдал зэрэг ойлголтууд амь бөхтэй оршсоор ирсэн. Бусад оронд энэ ойлголт үндсэндээ байхгүй болсон. Энд хэд хэдэн гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг ойлголтыг салгаж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд үйлдсэн бүх хэрэгтээ тус бүрт нь ял шийтгэгдэнэ. Шинэ батлагдсан хуулиас хасагдаад байгаа давтан үйлдэх гэсэн ойлголт бол ял шийтгэлээ эдэлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмнөх үйлдлийг нь харгалзан ялыг хүндрүүлэхгүй л гэсэн үг. Жишээ хэлье. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар өмнө нь булаах хэрэгт шийтгүүлсэн хүн хүний 250 мянган төгрөг хулгайлаад баригдсан тохиолдолд өмнө нь шийтгэлтэй байсан гэдгээрээ доод тал нь 10 жилээр хорих ял шийтгүүлэхээр байгаа. 250 мянган төгрөгийн хохирлыг хүний 10 жилийн эрх чөлөөтэй дүйцүүлэх аргагүй биз дээ. Энэ бол өмнөх хуулийн гажуудлын нэг жишээ. Ялтай байдал гэх ойлголт 2002 оны хуульд хэргийн ангиллаас хамааран ял эдэлж дууссанаас хойш тодорхой хугацааны туршид тооцогддог байсан. Үүнийг шинэ хуулиас хассан.

-Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах заалтыг авсан байна гэдэг шүүмжлэл нэлээд гарлаа. Үнэхээр тэр заалтыг авчихсан юм уу?

-Эх орноосоо урвах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг маш ноцтой хэрэг. Энэ заалт шинээр мөрдөгдөх Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа. Хасагдсан зүйл байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *