Санхүүгийн зах зээлийн судлаач, эдийн засагч Л.Бямбаатай ярилцлаа.
–Ам.долларын ханш өдөрт бараг 10, 20 төгрөгөөр нэмэгдсээр байна. Ямар учраас ингэж өсөөд байна вэ. Та эдийн засагч хүний хувьд ямар учир шалтгаантай гэж бодож байна вэ?
-Эдийн засаг, төлбөрийн тэнцэл, гадаад валютын урсгалын тухайд огцом том өөрчлөлт ороогүй, макро эрсдэлүүд шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа тул ам.долларын ханшийн хандлагад өөрчлөлт орохгүй байна. Өөрөөр хэлбэл, судалгаанаас харахад валютын чангаралт үргэлжлэх магадлалтай байна.
–Үүний нэг шалтгааныг моргейжийн зээлтэй холбон тайлбарлах хүмүүс бий?
-Моргэйжийн зээл хэсэг хугацаанд хүмүүст сул мөнгө орж ирэхэд нөлөөлсөн. Тухайлбал, өндөр хүү төлж байгаад найман хувь руу зээлээ шилжүүлсэн хүмүүс байсан. Нөгөө талаас байр худалдах, худалдан авах зохиомол хэлцлүүд хийгдсэн гэсэн сэжиг байгаа. Гар дээрх илүүдэл мөнгө нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн байх талтай. Гэхдээ энэ бол одоо тийм том нөлөө үзүүлж байгаа гэж бодохгүй байна.
–Тэгвэл гадаадаас орж ирэх валют багассанаар л ийм нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?
-Мэдээж манай эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалтаас асар их хараат байсан. Гадаадаас орж ирэх валют экспортын орлого буурсан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон учир валютын дотогшлох урсгал огцом буурсан нь ханшид шууд нөлөөлсөн.
–Цаашид энэ өсөлт хэвээр үргэлжилсээр байх болов уу. Ерөөс ам.долларын ханш буурах найдвар бий юу?
-Суурь орчин, нөхцөл өөрчлөгдөхгүй бол ханшийн чиг хандлага дээр өөрчлөлт төдийлөн орохгүй болов уу. Огцом өөрчлөлтийг авчрахын тулд эдийн засгийг гацаанд оруулсан асуудлууд шийдэгдэх ёстой. Гэтэл ойрын хугацаанд шийдэгдэх боломж харагдахгүй байна. Эсрэгээр, Засгийн газар солигдож байгаа нь эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, асуудал шийдэгдэх явдлыг хойшлуулж байна. Түүнчлэн эрсдэлийг ч өсгөж байгаа гэж бодож байна. Тодорхойгүй байдал нэмэгдэх тусам үндэсний валютад итгэх итгэл буурна. Гэхдээ төгрөгийн сулрах хурд буурч болох юм. Учир нь импорт буурч, бизнесийн эргэлт саарч байгаа тул валютын эрэлт буурах талтай. Манай эдийн засгийн багтаамж өөрөө цомхон учир эдийн засаг нь сэргэхдээ ч хурдан, унахдаа ч хурдан байдаг.
–Монголбанкнаас ам.долларын ханш өсөхөд интервенц хийх гэх мэт тодорхой арга хэмжээ авч байгаа гэх боловч тодорхой үр дүнд хүрэхгүй л байгааг та хэрхэн харж байгаа вэ?
-Интервенци хийж байгаа болохоор л одоогийн түвшин дээр тогтож байна гэж бодож байна. Монголбанкинд байнга интервенци хийгээд байх их хэмжээний валютын нөөц байхгүй.
–Тэгвэл алт тушаалтын хэмжээ нэмэгдсэн нь сайн нөлөө үзүүлж байгаа болж таарах нь?
-Тийм. Алт тушаалтын хэмжээ энэ онд нэмэгдсэн. Тиймээс үүнээс бага зэрэг нөхөгдөж байгаа болов уу.
–Ер нь ам.долларын ханшийн өсөлт манай эдийн засагт хамгийн сүүлийн үеийн байдлаар хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ер нь эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө нь нэгдүгээрт, импортын барааны үнээр дамжиж инфляцийг нэмэгдүүлж байгаа. Хоёрдугаарт, ам.долларын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд орж зээл нь чанаргүйдэх магадлал өндөр байгаа. Хэрэв эдийн засгийн бүтцэд үйлдвэрлэл илүү давамгайлж байсан бол энэ нь экспортын бараатай харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай болгодог. Гэхдээ манайд дотоодын үйлдвэрлэлийн хөгжил харьцангуй сул байгаа тул одоогоор тэр давуу тал нь эдийн засаг, аливаа бизнест мэдрэгдэхгүй байна.
–Төрийн зүгээс ямар зохицуулалт хийвэл ам.долларын ханш буух бол?
-Чөлөөт зах зээлтэй учир төрөөс шууд зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал. Валютын ханш гэдэг өөрөө зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр л оршиж байгаа. Үүний огцом савалгааг нь арилгах үүднээс тодорхой зохицуулалтыг төрөөс хийж байна. Валютын ханшийг барих зорилгоор валютын зохицуулалттай дэглэмд шилжвэл зах зээлийн хөгжлөөс ухарсан явдал болно гэж бодож байна. Тухайлбал, хэн нэгэн хүн, байгууллагаас валют авах, зарах хэмжээ, хугацаа, давтамж дээр хязгаарлалт хяналт тавиад эхэлбэл зах зээл таатайгаар хүлээж авахгүй л болов уу. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл түр зурын зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч болох байх.
–Ер нь манайд бусад валютын ханш ч байнга өссөөр байгаа. Энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?
-Ам.доллараас гадна юанийн ханш манай эдийн засгийн эргэлтэд даац жин ихтэй. Юанийн тухайд Хятадын төв банктай шууд своп хийх хэлцэл хийгдсэн тул чангаралт нь хурдац арай бага байх болов уу.
Т.ГЭРЭЛМАА