Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбаа: Мөнгөний бодлогыг чангатгах нь нөхцөл байдлыг дордуулна

Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаатай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засаг унаж байна гэж бүх хүн хүлээн зөвшөөрч байх шиг байна. Харин уналтын үед яах ёстой талаар нэг их олон хүн ярихгүй байх шиг?

-Яах ёстой талаар шийдэл олохын тулд өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн суурь учир шалтааныг зөв тодорхойлох хэрэгтэй. Оношлогоог зөв хийж байж зөв эмчилгээг олно. Манай холбооны зүгээс хийсэн дүн шинжилгээнээс харахад гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, манай эдийн засгийн бүтэц цөөн салбарт тулгуурласан, уул уурхайгаас хэт хамааралтай байдал, хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангах санхүүжилтийн эх үүсвэр хуримтлал дотооддоо алга, тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хэт хараат байна, гуравдугаарт улс төрийн тогтворгүй байдал буюу статус-кво эмзэг байгаа нь улсын эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж бизнес хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна. Эдгээрээс улбаалан эдийн засагт хүндрэл гарч байгаа нь гадаад худалдааны алдагдал, валютын ханш, ханшаар дамжсан инфляцийн өсөлт, зээлийн чанаргүйдэл, өрийн тааз хэтэрсэн зэргээр илэрч байна. Дээрх гурван шалтгааныг хэрхэн арилгаж, эдийн засгийн уналтыг зогсоох вэ гэхээр эдийн засгийн бүтцийг өөрчлөх, санхүүгийн салбарын шинэчлэл хийж, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эсвэл орлуулах эх үүсвэр бүрдүүлэх замаар л манай эдийн засгийн эмзэг, юм л бол савладаг байдал арилна. Жишээ нь, хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг саяхан байгуулагдсан, энэ нь дотооддоо үндэсний хуримтлал үүсгэх  эхлэл гэж хэлж болно. Харин богино хугацаанд бодит үр дүн авчрах шийдэл харьцангуй хязгаарлагдмал юм, гэхдээ эдийн засагт илэрч байгаа сөрөг шинж тэмдгийг зөөлрүүлэхийн тулд хамгийн оновчтой арга нь юуны өмнө валютын дотогш чиглэсэн урсгалыг дэмжих юм. Үүний тулд улс төрийн гацаануудыг арилгаж, том хөрөнгө оруулалтын төслүүдийг ахиулж, гадаад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй байна. Гадаад банкны салбар байгуулах нь ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр олон ажил хийгдэж байгаа ч харамсалтай нь Оюу Толгойн далд уурхайн асуудал шийдэгдэхгүй  байгаа болохоор тоймтой том өөрчлөлт гарахгүй байна. Дотоодын хөрөнгө оруулагчид мөн адил, итгэл суларсан, том шинэ хөрөнгө оруулалт хийх, бизнес тэлэх сонирхол алга байна.  

-Хямралын үед  үйлдвэрлэлийн өртөг буусан байдаг учраас  шинэ бүтээгдэхүүний туршилт хийх,  шинэ бизнест бэлтгэх таатай цаг гэж та  дүгнэсэн байна лээ. Хямралд ч бас сайн тал байх нь ээ?

Тийм. Зах зээл өсч байхад бизнесүүд урсгалаараа явсаар үр ашгийн тал дээр анхаарал хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл, үргүй зардал их гаргадаг, үрэлгэн,  бүтээмж муу болсон байдаг. Харин хямралын үеэр компаниас гарч буй зардал бүрт хэрэгтэй хэрэггүйг тунгааж, яг үнэхээр хэрэгтэй зардлуудаа гаргадаг тул сахилга бат сайжирдаг. Нөгөө талаар, компаниудын бүтээгдэхүүн ч мөн адил зах зээлийн шалгуураар ордог. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн бол хэрэглэгч хямралын үед ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байдаг.Үйлдвэрлэлийн өртгийн тухайд монгол компаниудын хамгийн том зардлын ангилалд цалин хөлс, түрээс ордог. Хямралын үед хүмүүс цалин өндөр байх нь биш, харин ажилтай байх нь чухал болохоор хөдөлмөрийн хөлсний үнэлэмж буурдаг, бас оффисын түрээсийн  үнэ Улаанбаатарт буурч байна. Хөрөнгө оруулагчийн нүдээр харах юм бол эдийн засгийн цикл мөчлөгийн доод цэгтээ хүрэхэд хөрөнгө оруулалтын хамгийн ашигтай төслүүд гарч ирдэг.

-Төр бизнесийг дэмжсэн бус түрсэн байдалтай байна гэж та үзжээ. Түрнэ гэдэгтээ юуг багтаагаад байна. Яавал дэмжсэн бодлого явуулах вэ?

-Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн эх үүсвэр гаднаас орж ирэхээ болиод, дотоодын зах зээлийн сентимент буураад ирэхээр хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй байна. Энэ орон зайд бондоор санхүүжсэн дэд бүтцийн голдуу төслүүд орлох үүрэг гүйцэтгэж байна. Төр бизнесийг түрнэ гэдэг нь бизнес хийх таатай орчин бүрдүүлж өгөх биш, төр өөрөө хувийн бизнестэй адил бизнес хийхийг хэлээд байгаа юм. Жишээ нь, орон сууцны санхүүжилтийн корпорациуд байна, олон жил орон сууцны зээл өгдөг банк нь байна, хувийн барилгын компаниуд нь байна, гэтэл төр нэмэлт бүтэц бий болгож, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Үүнтэй адил, жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд байна, саяхан Улаанбаатар хот бас сан байгууллаа гэсэн, төрийн албан хаагчид зээлийн материал шүүгээд явж байхаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад дамжуулан зээлдэх эрхийг нь өгч болно. Монголын хөрөнгийн бирж, төрийн өмчит олон компаниудын жишээ байна.  

-Үнэ тогтворжуулах бодлого зах зээлийн нийгэмд ч байх ёстой юу. Засгийн газрын өнөөг хүртэл явуулсан үнэ тогтворжуулах арга хэмжээнд та ямар дүн тавих вэ?

-Миний ойлгож байгаагаар зах зээлийн зүй тогтолд нөлөөлөх гэж оролдож байхаар ядуу, эмзэг давхрагад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг нарийн шал­гуур, тооцоотойгоор гаргасан нь сөрөг нөлөө багатай. Жишээ нь, Монголбанкнаас явуулсан орон сууцны найман хувийн зээлийг авч үзье. Яг хэрэгцээтэй байсан эмзэг, ядуу, анх удаа байр авах сонирхолтой ард иргэдэд энэ зээлийн хөтөлбөр үйлчилсэн үү гэвэл огт үгүй. Эсрэгээр, өмнө нь зээл авчихсан хүмүүс хүүгээ бууруулсан, байртай хүмүүс хоорондоо хуурамч хэлцлээр байраа солилцож, хямд хүүтэй зээл авч, орон сууцанд бус өөр зүйлд зарцуулсан, мөн энэ нь орон сууцны зах зээлд хөөрөгдөл авчирч,  зээлийн хүү нь хямд байсан ч орон сууцны үнэ нь нэмэгдсэн болохоор эцсийн хэрэглэгчид төдийлөн бодит дэмжлэг авчраагүй.Үүний уршгаар долларын ханш ч мөн хөөрөгдсөн, хуурамч зээл төгрөгийн найман хувь дээр авсан хүмүүс эргүүлээд банкинд 15 хувьтай, эсвэл доллар болгоод хадгалуулчихсан.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулиудыг УИХ баталлаа. Энэ үнэхээр эрчимжүүлэхэд нөлөөлөх хуулиуд байж чадах уу?

-Мэдээж хууль батглагдаад, хэрэг­жиж эхлээд зах зээлд үр нөлөө нь мэдрэгдтэл хугацаа орно. 

-Таван толгойгоос ард иргэддээ хувьцаа тараасан хэлбэрт та шүүмжлэлтэй ханддаг юм билээ.  Яавал уул уурхайн баялагаас ирээдүйд өв болгож үлдээх вэ?

-Хувьцаа тараах нь буруу биш, тараахдаа хувьцааны үнэлгээг зах зээлийн механизмаар нь дамжуулахгүй, хүчээр жагсаалт гараад л бүртгэл байдлаар хийчихсэнд асуудал байгаа юм. Нэгэнт зах зээл дээр үнэлгээ гарах боломжгүй, арилжих боломжгүй хувьцаа эргээд хүнд баялаг болж чадахгүй, цаас төдий гэсэн үг. Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьцааг хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлээд, хувьцаа эзэмшигчийн эрхийг нь мэргэжлийн менежментийн компаниудад нь өгчихвөл иргэд менежерээрээ дамжуулан хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхээ эдлэх боломжтой болно, тухайлбал компанийн стратегийн шийдвэрт саналаа өгөх,  ТУЗ-ийн гишүүдийг томилох, ногдол ашиг авах гэх мэт. Зөвхөн энэ тохиолдолд “Таван толгой”-н хувьцаа иргэдийн бодит өмч, баялаг болж чадна. Ирээдүйн өвийн тухайд Баялгийн сан байгуулах нь  гурван чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, уул уурхайн баялгийн орлогыг өөр салбар руу хөрөнгө оруулалт болгож хуваарилдаг, хоёрдугаарт иргэдэд баялгаас хүртэх боломж олгодог, гуравдугаарт ирээдүй хойч үед үлдээх боломж олгодог.   

-Дэлхийн банкнаас мөнгөний бодлогоо чангатгахыг Монгол банкинд зөвлөөд байгаа.  Үүнээс өөр арга байхгүй юу?

-Би мөнгөний бодлогыг чангатгах нь нөхцөл байдлыг дордуулна гэж бодож байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй, хэвээр барьж болно, харин хүүг нэмэгдүүлж, эдийн засгаас мөнгийг татвал эдийн засаг, бизнесийн эргэлт улам л хумигдаж, жинхэнэ хямралын үе шат руугаа орно. Төгрөгийн ханш суларсан, үүнийг дагаад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байгаа нь долларын хомсдолтой л холбоотой. Инфляци, долларын ханш бууруулах гэж байна гээд эдийн засгийг бүр царцаасан нь дээр үү, эсвэл үнийн өсөлт явагдаж байгаа ч эдийн засаг өсөөд, хүмүүс ажил орлоготой байсан нь дээр үү л гэдэг асуудал.

-Долларын ханш нэмэгдсээр л байна хэд хүрч байж тогтох бол?

-Оны эхэнд бидний хийсэн таамгаар 1900 хүрэх боломжтой гэж үзэж байсан. Одоо хагас жилээр таамгаа шинэчлэн боловсруулж байна, удахгүй бэлэн болно.

-Дэргэд Хятад гэдэг дэлхийн хамгийн том зах зээл байдаг. Яаж эндээс бид ашиг хүртэх вэ?    

-Хятадын зах зээлийг бид илүү шинжлэх ухаанч байдлаар сайн судлах хэрэгтэй. Зах зээл нь том гэхээс өөр тоймтой юм хэлж мэдэхгүй байна шүү дээ. Энэ нь үйлчлүүлэгч, харилцагчаа мэдэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа компанитай яг адил. Хятадтай харьцуулахад монголчуудын илүү хийж чадах юм юу байна, манай харьцангуй давуу тал юу вэ гээд цогц судалгаа, стратегийг үйлдвэр, үйлчилгээний салбар тус бүрээр гаргаж чадвал бид ашиг хүртэх боломжтой. 

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *