Categories
мэдээ улс-төр

​Л.БОЛД: МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг 71,4 хувийн саналаар дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эрүүгийн хуулийг хойшлуулах шалтгааныг эрүүгийн хуулийг дагаж гарч буй таван хуулийг УИХ-аар ёсчлоогүй, олон нийтэд хууль сурталчлах ажил хийгдээгүй, хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтан, алба хаагчдад хуулийн талаар сургалт зохион байгуулаагүй гэсэн гурван нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа.

Хуралдааны үеэр зарим гишүүдийн хэлсэн үг, асуултыг дор онцолж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангасан гэсэн тоот бичиг Сарантуяа даргаас иржээ. Үүнийг би албан бичиг гэж үзэж байгаа. Гэтэл энэ хуулийн хэрэгжилтийг хангаагүй гээд байх юм. Энэ хуулиа хүчингүйд тооцож байгаа юм бол ЗГ дахин хийж УИХ-д оруулж ирэх ёстой шүү. Дэгийн тухай хуулиар гишүүдийн олонх дэмжсэн бол энэ хуулийг батлагдсанд тооцно гэж байгаа. Процессийн хуулийг батлаагүй түүхий хууль гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас УИХ-ын даргаас би асуумаар байна. Энэ хууль батлагдсан хууль мөн үү биш үү гэж. Энэ бол их чухал юм шүү. Ер нь бол гарах зардал элдэв янзын юмаар холбоод хүний эрхийн асуудал руу бүдүүлгээр ордгоо болих хэрэгтэй. Ингээд хоёр асуултдаа хариулт авъя.
Хууль зүйн сайд С.Бямбацогт:
Хууль хэрэгжих боломжгүй болоод хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг ЗГ дангаараа оруулж ирж байгаа юм биш. Хуулийн хэрэгжих бололцоо бүрдсэн үү гэж асууж байна. Дээд шүүх, Хуульчдын холбоо, Цагдаагийн газар, ШШГЕГ гээд олон газруудаас ирсэн саналууд над дээр байна. Эдгээрт бүгд хууль хэрэгжих боломж бүрдээгүй байна гэжээ. Таван хууль ёсчлогдож байж зохион байгуулалт, сургалтын ажлууд хийгдэх ёстой гэж байна. Тиймээс хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Анхдугаар чуулганаар яагаад ёсчлоогүй юм бэ гэж. Анхдугаар чуулганд хуулийн хугацаатай долоон асуудлыг хэлэлцдэг. Өөр асуудлыг хэлэлцдэггүй. Одоо ёсчлох асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэнэ. Үүн дээр та бүхэн нэмж тодруулж асуугаарай.
Энэ хууль ямар нөхцөлд хэрэгжих ёстойг Л.Болд гишүүн хамгийн сайн мэдэж байх хүн. Гэтэл та нар хүний эрхийн хууль зөрчлөө л гээд байх юм. Бид нурж байгаа гэр шиг юмыг засаад сайжруулаад явъя гээд байхад зүгээр л яйжгий чигээр нь барьчихъя гээд дайраад байх юм. Уул бүхэн сайн гэдгээ болих хэрэгтэй шүү.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
Долдугаар сарын 27-нд УДШ-с энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн. Гэтэл хуулийн ерөнхий зөвлөлөөс ирсэн салаа утгатай юм оруулж ирээд толгой эргүүлээд байх юм гэв.
Эдийн засаг нөхцөл байдал хангагдаагүй байна гэлээ. Төр ажлаа муу хийснээс иргэд хохирох гээд байна. Монгол төр ингэж ард иргэддээ хүйтэн хөндий хандаж болохгүй. Бид ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгмийг сонгосон учир энэ хуулиа хүмүүнлэг талаас нь авч үзээсэй гэж хүсч байна. Сөрөг хүчин байхдаа манайхан хүний эрх, шударга ёсны тухай их ярьдаг байсан. Гэтэл одоо нэг л их зуулттай хүнийрхүү болжээ. Гурван сарын өмнөх шигээ байгаач ээ. Монгол төр гэдэг нэг хүнээс айж хуулийг өөрчилж болохгүй шүү. Хойшлуулж байгаа хугацаагаа долдугаар сарын 1 биш нэгдүгээр сарын 1 болгочихоочээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:

-МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ. Бямбацогт та энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар хэдэн хүн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хэлмэгдүүлэлтэд өртөж байна вэ, хариуг нь өг. Та өчигдөр мэдээлэл авмаар байна гэхэд өгөөгүй, хурал орхиод гараад явчихсан. Одоо олны нүдэн дээр хариуг нь өг. Сэтгүүлч хүнийг гүтгэснийхээ төлөө шоронд явах уу эсвэл торгууль төлөөд хэвлэлийн байгууллагаа хаалгах уу гэдэгтэй ч хамаатай хууль шүү. Нөгөөдрөөс эхлээд маш олон хүний амьдрал зөрчлийн хуулиар шийтгэгдээд явна. Энийг заавал Хууль зүйн сайдын хэлж байгаа шиг далд хэлэлцэх асуудал биш шүү.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Аливаа батлагдсан хуулинд хэрэгжүүлэх бололцоогүй заалт ч байж болдог. Тэр заалтуудыг чинь засч янзалж, өөрчлөх гэж хууль санаачлагч бид сууж байгаа юм. Тэрийг ард түмнээсээ асуугаад шийдэх ёстой. Жишиш дээр нэг ноцтой юм байгаад байна. Энэ хуулийн заалтууд нь ерөөсөө амьдралд хэрэгжихгүй байна гээгүй энэ хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байя гэж байна. Энэ чинь аймшигтай жишиг тогтох гэж байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх хуулиуд надад таалагдахгүй байна үүнийгээ хойшлуулчихья гэсэн жишиг парламентад тогтох гээд байна. Болохгүй байгаа заалтуудыг нь хүчингүй болгоод болохыг нь засаад явдаг болохоос биш ингэж хойшлуулж байгаагүй юм шүү. Дээд шүүхээс хариуцлаггүй мэдээлэл хийлээ. Бид хуучин, шинэ хоёр эрүүгийн хуультай болчихлоо. Алийг нь баримталж энэ асуудалд хандаад байна вэ. Шүүгчид дараа нь энэ хуулийг яаж хэрэглэхээ мэдэхгүй шүү. Үүнийг Ц.Нямдорж гишүүн ч сайн мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Л.Болд гишүүн өргөсөнд хатгуулсан юм шиг ярьдгаа болчихооч. Уг нь хамгийн сайн мэдэж байгаа хүн шүү дээ. Гурав, дөрвөн хүний кнопыг нэг хүн дарж гүйгээд л энэ хуулийг баталсан шүү дээ. Ажлын хэсэг дээр сайн ажилласан гэдэг чинь худлаа шүү. Нэг л хүн бариад гүйгээд байсан. Нийтээрээ ажиллаагүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *