Төв талбайд суулт хийж байгаа иргэд УИХ-ын даргыг огцруулахаар 30000 гарын үсэг цуглуулсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар хийлээ.
Л.Болд: “МАНАН”-гийн эсрэг тэмцэлд олон мянган хүн оролцож дэмжиж байна. Нийт 30 мянган хүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурна. УИХ-ын даргыг чөлөөлөх хууль батлагдсантай холбоотойгоор олон гишүүн гарын үсэг зурж дэмжиж байна. УИХ-ын даргыг огцруулсны дараа юу өөрчлөгдөх вэ гэдэг асуултыг олон хүмүүс тавьж байгаа. Үүний дараа Монголын ард түмэн байгалийн баялагаа өөрсдөө авна. Төр барьж байгаа хугацаандаа хулгай хийсэн олон асуудлыг хэлэлцэж эцсийн бодитой арга хэмжээнүүд авах болно. УИХ-ын дарга огцорсноор бид талбай дээрх гэрээ нүүлгэж хэрэгцээтэй хүнд гардуулж өгнө.
Түүнчлэн биднийг “Гэр форум” дээр очиход тэмцэл хийгчид хоорондоо хагарч байна, тусдаа болж байна гэсэн худал мэдээлэл гарсан байсан. Бид эцсээ хүртэл Монголын ирээдүйнхээ төлөө, баялагийнхаа төлөө атгасан гар шиг нэгдэж тэмцэх болно. Дээрх худал мэдээлэл бол бидний дунд яс хаясан худал мэдээлэл юм. Бидний тэмцлийн үр дүнд бүх зүйл шударга болж эхэлж байна. Бид ард түмнийхээ баялагийг ард түмний мэдэлд өгөх цаг ойртож байна. Энэ долоо хоног бол шийдвэрлэх долоо хоног байх болно” .
Ж.Батзандан “Өдөрт иргэд дөрөв, таван мянгаараа гарын үсэг зурж байгаа. Нийт гучин мянга гаруй иргэн гарын үсгээ зураад байна. Эдгээр гарын үсэг регистрийн дугаартайгаар хариуцах эзэнтэйгээр зурагдсан байгаа. МАНАН бүлэглэлийнхэн бидний эсрэг бүх л зүйлийг хийх болно. Биднийг доромжиолж, харлуулах тусам бид зоригтойгоор шудрага үнэний төлөө тэмцсээр байх болно. Тэмцэл хийж байгаа таван гишүүнийг УИХ дээр нэг нэгээр нь дааж аваад дайрч доромжилдог бүлэглэл байгаа гэдгийг бас хэлмээр байна. Та бүхэн эдгээр худал харлуулсан мэдээлэлд итгэх хэрэггүй”.