АШУИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал Л.Баттүвшинтэй ярилцлаа.
-АшУиС-д тархи судлалын хүрээлэнг байгуулаад удаагүй байна. Хүрээлэн байгуулах болсон үндэслэл юу байв?
-Тархи судлал бол сэтгэл судлал, мэдрэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн дүрс оношлогоо гэсэн салбар шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан манайд шинэ судлагдаж байгаа салбар. Би Японд психосоматикийн анагаах ухааны чиглэлээр, тэр дундаа тархи судлал буюу нейросайнсын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2013 онд сургуулиа төгсөөд Монголд ирэхэд манайд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн ажил байгаагүй, сургуулийнхаа Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд багшлах зам үлдсэн байсан. Тэгээд сургуулийнхаа хэсэг залууст санал тавиад бид энэ сургуульд байгаа хэсэг залуус, тэр чиглэлийн нэлээд хүмүүс бас дээр нь молекул, биологи, генетик судлал, дотор судлал, физиологи судлалын тэнхимийн багш нартайгаа нийлээд анх удаа Монголд тархи судлал буюу Нейросайнсын нийгэмлэгийг байгуулсан. Тархи судлалын чиглэлийн эмч мэргэжилтнүүдийн дунд хурал зохион байгуулах, энэ чиглэлээр дэлхийд нээлт хийсэн эрдэмтэн судлаачдыг Монголдоо авчрах зэргээр багагүй ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Нобелийн шагналт, Норвегийн нэрт эрдэмтэн Эдвард Мозерийг урьж авчирч Төрийн ордонд “Тархи судлал-XIX зууны тэргүүлэх шинжлэх ухаан” гэсэн сэдвээр чуулган зохион байгуулсан. Тэр үеэр дэлхийн шилдгүүд хэлж байсан. “Танай улс тархи судлалын хүрээлэнтэй болох хэрэгтэй. Үүнд төр засгаас анхаарах ёстой” гэж. АШУИС-д багш нарын хүний нөөц байна, судалгаа хийх лаборатори байна. Дээр нь олон улсад танигдсан сургуулийн нэр хүнд байна. Эдгээр ажлын үр дүнд энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд АШИУС-ийг түшиглээд Монголд анх удаа Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
-Хүрээлэнгийнхээ бүтэц зохион байгуулалтын талаар товч танилцуулахгүй юу?
-Хүрээлэнг миний бие удирдаж байгаагаас гадна Эрдэмтэн нарийн бичгийн даргаар манай Эрдмийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Дамдиндорж ажиллаж байна. Хүрээлэн нийт найман ажилтантай. Тэд маань гурван лабораторид хуваагдсан. Суурь судалгаа буюу системийн нейросайнс, молекулын болон эсийн нейросайнс, эмнэл зүйн буюу клиник нейросайнсын лабораториудтай.
-Тархи судлалын хүрээлэн байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Зүрх судасны эмгэг манай монголчуудын дунд нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог. Үүнд зөвхөн зүрхтэй холбоотой эмгэг ордоггүй. Тархины цус харвалтын эмгэгүүд бий. Судас хагарч, нарийссанаар тархи гэмтдэг. Судасны шалтгаант мэдрэл, сэтгэцийн өвчин, архидалттай холбоотой эмгэг, амиа хорлолт. Дээр нь сүүлийн үед хар тамхины донтолт манайд нэмэгдэх болсон. Энэ бүгд тархи судлалын шинжлэх ухааны судлагдахуун юм. Эдгээр эмгэгийн шалтгаан нь юу вэ, шалтгаан тодорхой болсны дараа үр нөлөөтэй эмчилгээ юу байж болох вэ гэдгийг судална. Энэ бол тархи судлалын шинжлэх ухааны нэг том ач холбогдол. Нөгөө нь тархийг өөрийг нь судлах тухай юм. Өнөөдөр болтол хүн төрөлхтөн нарийн сайн судалж чадахгүй байгаа ганц эрхтэн бол тархи юм. Технологи хөгжих тусам тархийг өндөр түвшинд судалж байна. Монголчууд ч гэсэн хүн төрөлхтөнтэй эн зэрэгцэн энэ шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой. Бид хэдий 3.2 сая хүн амтай ч тэр дотор эрдэмтэд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Бидний одоо үе биш юм гэхэд бидний дараа, дараагийн үеэс дэлхийд өрсөлдөх хэмжээний эрдэмтэд гарч ирэх ёстой. Үүний эхлэлийг одоо тавих ёстой юм.
-Үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэв?
-Шинжлэх ухаанд хэдий чинээ мөнгө зарна, төдий чинээгээр ДНБ-ий хэмжээг ихэсгэж байдаг. Манай улсад шинжлэх ухааны салбар хэцүү нөхцөл байдалд байгаа. Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааныг бизнес гэж ойлгож болохгүй. Эхлээд үр тариагаа тарьчихаад дараа нь ургацаа хурааж авдаг. Тиймээс эхлээд шинжлэх ухааны салбарт санхүүжилтийг сайн өгөх ёстой.
Бид Засгийн газрын санхүүжилттэй болохын тулд нэлээд олон шалгуур үзүүлэлтийг давах ёстой. Тэднийг гүйцээж, өргөдөл гаргахын тулд нэг, хоёр жилийн хугацаа шаардагдахаар болоод байна. Одоогоор бид Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Мөн Солонгос, Японтой хамтарсан. Саяхан БНХАУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Үйл ажиллагааны хувьд тархи судлалтай холбоотой нийгмийн суурь судалгаануудыг эхлүүлээд байна. Тодруулбал, стресстэй холбоотой биеийн ба сэтгэцийн эмгэгийн механизм, оношлогоо, эмчилгээг орчин үеийн аргаар судалж байна.
Б.ЗАЯА