Ангаах ухааны доктор, АНУ-гийн Ратгерс их сургуулийн тархи судлалын салбарын судлаач багш Л.Баттүвшинтэй ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаач. Хаана, хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Аав ээж хоёр маань эмч хүмүүс. Тиймээс би багаасаа л хүмүүсийн эд, эрхтэнтэй ном харж, сонирхдог эмч болох хүсэлтэй байсан. Өөрийгөө мэс заслын эмч юм уу, сэтгэл судлаач болох байх гэж төсөөлөөд их хичээдэг байлаа. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд ажиллаж байгаад, Японы Кюүшү их сургуульд суралцсан, тус сургуульдаа тархи судлалын чиглэлээр, анагаах ухааны доктор хамгаалсан. Мөн АШУИС-д багшилж байсан. Монголд судалгаа хийх лаборатори байхгүй хүндрэлтэй байсан учраас АНУ-гийн Барроу мэдрэл судлалын хүрээлэнд постдоктор судлаачаар гурван жил ажилласан. Одоогоор АНУ-гийн Ратгерс их сургуулийн судлаач багшаар ажиллаж байгаа. Тархины хөгжил хэрхэн явагддаг вэ, яаж урт наслах бэ, яаж тархийг эрүүл байлгах вэ, аз жаргалтай амьдралыг хэрхэн шинжлэх ухааны ололт амжилтад суурилуулж бүтээх вэ зэрэг чиглэлээр судалгаа хийсээр өдийг хүрлээ. Одоо бол эх орондоо ирж ажиллах хүсэл байгаа.
Би Монголдоо лаборатори байгуулчихвал дараа, дараагийн үеийн залуучууд ирээд ажиллахад нөхцөл нь бүрдсэн сайхан байх болно. Үүнийг бүтээхийн тулд хичээж, маш их ажиллаж байна. 2013 онд энэ чиглэлийн эрдэмтнүүдтэйгээ нийлж, Монголын нейросайнсийн нийгэмлэгийг байгуулсан. Мөн би дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол руугаа бодитойгоор хөрөнгө оруулалт хийх, мэдлэг боловсролтой хүмүүсийг урьж авчирч, лекц уншуулах боломжтой.
-Тархи судлал гэхээр, юу юуг судалж байна вэ?
-Тархи судлал гэдэг бол суурь шинжлэх ухаан. Үүн дээр суурилаад, сэтгэл судлал, психосоматикийн шинжлэх ухаан байна. Мөн цахим судлал гэдэг чиглэл сүүлийн үед асар их хөгжиж байна. Энэ нь хиймэл оюун ухаантай холбоотой. Монголчууд юм хийж байна, бид тархи судлалын шинжлэх ухаанаас хоцроогүй шүү, дэлхийн шинжлэх ухаантай хамт алхахыг хүсэж байгаа гэдгээ байнга мэдэгдэж байх ёстой. Энэ талын судалгаануудыг хийж байх хэрэгтэй шүү дээ. Ингэснээр энэ салбарт нууц товчоо шиг бичигдэж үлдэнэ гэсэн үг.
-Манай улс өндөр, өндөр байшин барьж, зам талбай бариад байдаг ч хүний тархины хөгжлийг орхигдуулаад байх шиг. Яаж тархины хөгжилд анхаарах вэ?
-Шилжилтийн үе, хөгжиж буй орнуудын түгээмэл бэрхшээл бол ердөө л энэ. Хичнээн хүчирхэг том эдийн засагтай улс байсан ч ийм нийгэм байдаг. Ийм үед хүмүүсийнх нь өвчлөлийн байдал хүртэл өөрчлөгддөг. Үхлийн шалтгаанууд нь өөрчлөгдөнө. Тухайлбал, Аргентин улсад эдийн засаг хямраад ирэхээр, мэдрэлийн ядаргаа, уур уцаартай холбоотой зүрх судасны өвчлөлүүд ихэсч байгаа юм. Мөн хорт хавдрууд, амьсгалын замын сүрьеэ өвчин манайд ч ихэсч байна. Мөн мансууруулах бодист донтох, архидан согтуурах сэтгэцийн өвчин ихэсч байгаа. Мөнгөнд анхаарахаас илүүтэй нийгмийнхээ зохион байгуулалтын дэг журамд анхаарах ёстой. Бусдын амь насанд хүрэх хэрэг бол ядууралтай холбоотой юм байна лээ. Өрхийн орлогын хэмжээ буурахаар гэр бүлийн уур амьсгал хүйтэн болдог. Хаана ч адилхан. Нийгмийн хууль дүрмээ дагадаг хүмүүс энэ асуудлаас хялбар гарч чадна.
Нийгэм эмх замбараатай байх тусам хүн хийх ажлаа жилээр нь хүртэл төлөвлөчихдөг. Дэг журамтай, эмх цэгцтэй байх тусам илүү амар амгалан. Ер нь тархи ч дэг журманд дуртай. Жишээлбэл, япон хүмүүс ямар ажил хийх, ямар хоол идэх юу болох зэргийг өдөр сараар нь төлөвлөчихсөн, бүх зүйл тодорхой байдаг. Хэзээ хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхой. Нэг япон багш тэтгэвэртээ гараад гурван кг нэмсэн түүнд маш хүнд асуудал болсон. Тэр хүн 30 жил их сургуульд багшлахдаа нэг ч кг нэмж байгаагүй, яг л идэх ёстой зүйлээ иддэг, хийх хөдөлгөөнөө хийдэг, авах ёстой цалингаа авдаг байсантай холбоотой гэсэн үг. Гэтэл Монголд маргааш юу идэх нь тодорхойгүй, юу хийх нь, ямар цалин авах нь мэдэгдэхгүй, миний цалин хүрэх болов уу гэж бодож стрестэнэ. Мөн ажлын газрын дарга, хамаатан саднуудаас гэнэт даалгавар, гэнэтийн тулгалт, юм гуйх зүйл гарна. Гэнэтийн, төлөвлөөгүй гуйлт нь стресс үүсгэж байна. Тиймээс хүн энэ мэт цочмог мэдээлэлд бага автах, хүнийг гэнэтийн гуйлтад оруулахгүй байх хэрэгтэй.
-Яаж энэ бүгдээс ангижрах вэ?
-Тэгэхээр цаашид тархи судлалын анагаах ухааныг хөгжүүлж, хүмүүсийн тархийг хөгжүүлэхийн тулд боловсролд анхаарах шаардлагатай. Хүн бүрийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн хүүхдийг маш эерэг зөв орчинд өсгөх ёстой.
-Стресээс хэт эрт хөгшрөхөөс яаж сэргийлэх боломжтой байдаг вэ?
-Уур хүрэх, хэрүүл хийх, архи уумаар санагдах ч стрес. Хүн ялагдалд хүрэхийг хүсдэггүй, ялагдлыг тархи хүлээн зөвшөөрч чаддаггүй. Түүнээс ангижрах эрүүл арга гэвэл спортоор хичээллэх, зураг зурах, аялах гэх мэт аргууд бий. Хөгшрөлтийн хамгийн гол шинж тэмдэг бол таргалалт, өөхөн давхарга үүсэх. Сүүлийн үеийн мэдээллээр, монголд гурван хүний нэг нь таргалалттай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Таргалалт ихсэхээр суурь өвчин нэмэгддэг. Мөн бусдаас шалтгаалж бухимддаг байдлаас аль болох ангижрах хэрэгтэй. Өөрт таагүй стресс үүсгэж буй ажлаас гарч болно. Гэр бүл, албан байгууллагуудад стрес үүсгэх асуудалд гараад байвал аль болох ярилцаж зөв шийд гаргаж байх хэрэгтэй. Ярилцаж ойлголцох нь хамгийн чухал. Хаана, сурах, хаана ажиллах, баян байх, ядуу байх ч хүний эрх шүү дээ.
-Хүүхдийн тархийг багаас нь хэрхэн зөв хөгжүүлэх ёстой вэ?
-Хөгжилтэй орнууд хүүхдийн тархины хөгжлийг ихэд харгалзан үзэж байна. Хүчирхийлэлд өртлөө гэхэд тэр айдаст бодол нь бараг насаараа сэтгэлээс нь арилдаггүй. Тиймээс, хүүхэд залуу үеэ дээдэлж чадсан улс хүчирхэг аз жаргалтай байдаг гэх үг бий. Хүүхдийн мэдрэлийн эсүүд ямар орчинд амьдарч, ямар мэдээлэл тархиндаа цуглуулж байна гэдгээс шалтгаалан хөгждөг. Эерэг таатай харилцаатай хүмүүсийн дунд байх юм бол ямар ч хүүхдийн тархи хөгжих боломжтой. 100 жилийн өмнө хүүхэд ямар хүн болоход ген чухал гэж ярьдаг байсан бол одоо орчин, нийгмийн хөгжил нь хамгийн чухал болсон. Хүссэн зорилгодоо хүрэх чадвартай, өрсөлдөх чадвартай хойч үеэ бэлдэхийн тулд боловсролд л анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг нас хүрэх үед хүүхэд эхийн, эцгийн, ах дүүсийн хайрыг мэдэрч байх нь маш чухал. Харин нэгээс гурван нас хүртэл нь хувийн ариун цэврийг хэрхэн сахихыг зааж өгөх ёстой, сургуульд ороод, эцэг эхийн шаардлагыг биелүүлэх, өөрийнхөө хувцсыг эвхэх, гэрийн даалгавраа сайн хийх, цүнх номоо бэлдэх гэх мэт ур чадваруудыг 6-9 насанд суулгах нь зөв. Харин 18 нас хүрчихсэн өмнөх чадваруудаа эзэмшээгүй байлаа ч оюун ухаан сайтай бол орчин өөрчлөгдөхөд тухайн орчноо дагаж өөрчлөгдөх чадвартай байдаг. Дүрвэгсдийн дунд амьдарч буй хүүхэд өөрийгөө хамгаалахын тулд буу яаж хэрэглэх, хүнийг яаж буудах тухай бодож өсөж байна. Хүний тархи орчноос хармаарч яаж өөрчлөгддөгийг тэндээс харж болно.
-Гадаадад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирэх сонирхол ихтэй байна уу. Үгүй юу?
-Сүүлийн үед буцаж ирж байгаа нь хүмүүст итгэл байна гэсэн үг. Надад бас итгэл байна. Энэ нийгэм маань сайн сайхан руу тэмүүлж байгаа гэдэгт итгэж байгаа. Тухайлбал, би насаараа их сургуульд багшлаад, Америкийн дундаж цалинг аваад, амьдрахад хэдэн жилийн дараа намайг Америкийн иргэншил авах уу гэж асууна. АНУ-гийн иргэн болох нь эргэн төрсөнтэй адил, маш их давуу тал гэж үздэг. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ би тэнд насаараа ажиллаж байснаас Монголын нийгэмдээ илүү ихийг хийж бүтээх боломжтой, эх орондоо их ажил бүтээх, энэ салбарыг хөгжүүлэх нь илүү чухал гэж үзэж байна. Гэхдээ зарим залууст дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ жилдээ Монголдоо нобелийн шагналтанг урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа.