Categories
нийгэм онцлох-нийтлэл

Л.Ариунболд: Ийм үед эрчим хүчээ хэмнэх энгийн шийдэл нь орон сууц, байшингаа л дулаалах юм шүү дээ DNN.mn

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа.


-Дотоодын эрчим хүч, дулааны цөм нь барилгын салбарт шингэж байна уу?

-Тийм. Зөвхөн Монголд ч биш л дээ. Дэлхийд ийм л байдаг. Амины орон сууц, уулын ам дагасан том том хорооллууд цахилгаан халаалтын системд шилжчихлээ. Дээрээс нь цэцэрлэг, сургуулиуд жилийн 12 сарын 7-8 сард халаалт авч байна. Ингэхлээр 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын үйлдвэрлэж буй эрчим хүч дулааны 70-80 хувийг барилгын салбар эзэлж байгаа юм. Зөвхөн орон сууц ч биш. Үйлдвэрийн барилга, спорт заал бүгд дулаан байж л тав тухыг хангана. Эрчим хүч дулааныг хэрэглэж байгаа зах зээлийн дулааны алдагдал хичнээн бага байна, төдий чинээ эрчим хүчээ хэмнэх боломжтой. Өнөөдөр багш, нарын цалинг нэмж чадахгүй байж л илүү их зардлыг цэцэрлэг, сургуулийн байрны эрчим хүчний ашиглалтын урсгал зардалд зарцуулдаг.

Сум бүрд сайн муугаар хэлэгдээд байгаа соёлын төв болон бусад бүтээн байгуулалтууд цахилгаан, дулааны зардалд л төсвөө урсгадаг. Зуны улиралд эсрэгээрээ. Сэрүүхэн байлгахын тулд air condi­tion хэрэглэнэ. Өвөлд эрчим хүчний зардлыг бууруулдаг, зуны халуунд сэрүүн байлгаж эрчим хүч хэмнэдэг гол амин сүнс нь тусгаарлагч материал. Бидний тухайд сэрүүн орон амьдардаг учраас дулаан тусгаарлагч гэж нэрлээд байгаа юм. Манай үйлдвэрлэж байгаа базальт чулуун хөвөн бол тусгаарлагч материал. Барилга, байшинг дулаан байлгахад зориулдаг бол зоорийг сэрүүхэн байлгахад зориулагдсан. Тасалгаанд -20 градус байгаа бол үүнийг л хадгалдаг бүтээгдэхүүн. Чулуун хөвөнг Саудын араб, Катар гээд халуун орнуудад өргөн хэрэглэдэг нь air condition-д хэрэглэх эрчим хүчээ хэмнэж байгаа хэлбэр. Манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд дулаан байлгахад л ашигладаг.

Өнөөдөр манай эрчим хүчний салбар алдагдалтай, хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байна. Үүнд хамгийн боломжтой хялбар шийдэл нь барьж буй барилга, дулааны шугам сүлжээний дулаалгыг л сайжруулах. Азийн хөгжлийн банкнаас гудамжинд ил харагддаг дулааны шугамуудаа дахин дулаалахад л хоёрдугаар цахилгаан станцтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг хэмнэнэ гэх тайланг гаргасан. Би хэлж байгаа юм биш шүү. Азийн хөгжлийн банкнаас энэ тооцоог найман жилийн өмнө гаргасан. Өнөөдрийг хүртэл үүнийг ажил хэрэг болгож дулаалж чадаагүй л байна. Дулааны шугамуудаа хаалга, цонх дулаалдаг материалаар бүрчихсэн байгааг та ирэх замдаа анзаарсан байх.

-Чанартай дулаалгын материал хэрэглэхэд үнийн асуудал хөндөгддөг. Өнөөдөр манай эдийн засаг ч амар биш байгааг та мэдэж байгаа байх. Бүтээгдэхүүний үнээ бууруулах, хэрэглэгчдэд ойртуулах тал дээр танай зүгээс ямар ажил арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Эрчим хүчний хязгаарлалттай үед эрчим хүчээ хэмнэхэд нь өөрсдийн бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгахаас гадна өртгөө хямдруулах тал дээр технологи, инновацийн шийдлүүд хийж байж боломжийн ханш руу аваачихаар зорьж байна. Жирийн хэрэглэгч байшингаа 5 см дулаалах бол 10 см болгохын тулд бид ийм алхам хийхээс өөр арга байхгүй. Бид өнгөрсөн 10 жилд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийсэн. Шүршдэг базальт, шугам хоолойн оёмол хөнжил шинээр гаргалаа. Үүний хажуугаар инфляци өндөр, иргэдийн орлого бага дундаж давхарга сайн бүрдээгүй ийм үед бүтээгдэхүүний өртөг хямдруулах технологийн инноваци руугаа хандсан. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилийн хугацаанд өртөг хямдруулах инноваци руу хөрөнгө хаясан. Үнээ бууруулах хүрээнд Словенийн инженерүүдтэй хамтарч өртгөө бууруулах, үнэ хямдруулах гарц, гаргалгааг хайлаа. Үр дүнд нь өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх бараа материалын үнэ өсч байхад иргэдэд зориулж бүтээгдэхүүний үнээ 32.1 хувиар хямдруулсан.

Одоо есдүгээр сараас эхлээд айлууд байр, байшингаа дулаална. Энэ үеэр өртгөө дахин 10 хувиар хямдруулна. Энэ ажлыг наймдугаар сард багтааж шийднэ. Үндсэндээ үнээ 40-45 хувь бууруулахаар ажиллаж байна гэсэн үг. Иргэд байр, байшингаа дулаалаад эхлэхээр агаарын бохирдол буурна, цахилгааны зардал багасна. Эрчим хүчний салбарт очих ачаалал буурна гэсэн үг шүү дээ. Хэдэн мянган айлын нэг, нэг квт-ыг хэмнэлтийн нийлбэр хэдэн зуун мянган мкт болж хувирдаг олон улсын тооцоолол бий. Цэцэрлэг сургуулиуд ч дулаалгаа сайн хийчихвэл улсын эрчим хүчний зардал буурна. Тэр хэмжээгээр төсөв хэмнэгдэнэ. Байшингийн дулаалга гэдэг нийгэм, эдийн засагт асар үр өгөөжтэй зүйл. Манай зүгээс компанийн ажилчдын цалин хөлс, дараагийн хөрөнгө оруулалтуудаа тооцсон үйл ажиллагааныхаа ашгийг бариад бүтээгдэхүүний үнээ хямдрууллаа. Хэрэглэгч барилга, байшингаа дулаалаад хэвшвэл урт хугацаандаа Монголд том үр өгөөж өгнө гэх хүлээлт бидэнд байна. Сүүлийн 10-аад жил үүнд зорьж ирлээ. Бид ийм замаар хэрэглэгчдийн худалдан авах чадвар луу очихгүй бол эмч, багш нар жирийн иргэний цалин өсөхийг хүлээвэл манайд үйлдвэрлэл хөгжихгүй нь.

Банкны хүү буурахыг хүлээвэл чанартай барилга босохгүй нь бололтой. Банкны бодлогын хүү 6 хувьд хүрсэн ч буцаад 13 хүрчихлээ. Зээлийн хүү ийм өндөр байхад хичнээн чанартай бүтээгдэхүүн хийгээд худалдан авах чадвар муу байна. Нөгөө талд барилгын компаниуд 16-18 хувийн хүүтэй зээл аваад хямд төсөр зардлаар л барилга босгож жаахан ашиг олж байна. Үүний гор нь өвлийн хүйтэн, зуны аадар бороонд гарч байгааг анзаарсан байх аа.

-“Монгол базальт”-ийн чулуун хөвөн 40-45 хувиар хямдрах нь гэж ойлголоо. Урд, хойд хөршөөс орж байгаа дулаалгын материалуудтай үнэ нь дүйж очно гэсэн үг үү?

-Гаднаас чулуун хөвөн орж ирдэггүй л дээ. Хятадаас шааран хөвөн орж ирж байна. Үүний хувьд чулуун хөвөнтэй аль ч талаараа өрсөлдөх боломжгүй. Нэгдүгээрт 15 жилийн л настай. Хоёрдугаарт хаягдал шаараар хийдэг. Гуравдугаарт дулаан барих, галд тэсвэрлэх чанар нь чулуун хөвөнтэй харьцуулагдах материал биш. Оросоос бол шилэн хөвөн орж ирдэг. Энэ нь шилээр хийдэг. -10-аас дээш хүйтрэхэд л дулаан барих чадвараа алддаг. 1 м куб дээ 8-хан л кг. Тэр чигээрээ л хоосон агаар гэж ойлгож болно.

-Сарын хоёр сая төгрөгийн орлоготой өрх танай чулуун хөвөнгөөр байшингаа дулаалах боломж бий юу?

-Энд л авч очихоор бид ажиллаад байна л даа. Айл бүрийг тооцоолох боломжгүй. Тэр хоёр саяынхаа хэдийг нь хүнсэндээ зарцуулдаг юм, хэдийг нь гар утсандаа зарцуулдаг, бид тэрийг мэдэхгүй. Тухайн айл байраа дулаалснаар хоёр сая байтугай төгрөгийг 30-40 жил хожиж амьдарна гэдэг эрмэлзэлтэй байх ёстой. Шууд хэлэхэд манайхан бас хэцүү. Гар утас, зурагтаа Next electronics, Номингоос 2-3 сая төгрөгөөр худалдаад авчихдаг сэтгэлийн тэнхээтэй. Байшингаа дулаалахад “Хаан”, “Хас банк”- ууд 6 хувийн хүүтэй зээл олгоод байхад очоод авах ухамсар, эдийн засгийн ойлголт байдаггүй. Өглөө дулаан гэрт босох, өвөл ханиад хүрэхгүй байх зэрэг өөрийнхөө тав тухын төлөө мөнгө зарж чаддаггүй. Боломж тааруу гэх айлд ороход бүгд ухаалаг утас маажаад сууж байдаг. Ийм байж л дулаалгын материалаа худалдаад авч чаддаггүй. Хүйтэн гэрт ханиад хүрэхэд л хэдэн зуун мянгаар эм авна. Хөдөлмөрийн бүтээмжээ алдана. Гэрээ дулаалахад л дулаан гэрээс босоод ажилдаа явна. Зөвхөн үнэ хямдруулаад дээр онцолсон үр дүнд хүрч эрчим хүчээ хэмнэхэд хэцүү. Иргэдэд байшингаа дулаалах ойлголт өгөх ажлыг давхар хийж үр дүн нь гарна. Бид сургалтаа ч явуулдаг.

-8х7 харьцаатай байшинг дулаахад хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Бид гурван сард нэг удаа фэйсбүүкээр азтан шалгаруулж дулаалгын материал бэлэглэдэг. Ээлжит азтаныхыгаа 8х7 харьцаатай байшинг дулаалахад 2.5 саяас 2.8 сая төгрөг л зарцуулж байгаа юм. Тийм цочмоор тэнгэрт хадсан үнэ биш л дээ. Бидний зүгээс жилдээ нэг удаа залуу гэр бүл юм уу өрх толгойлсон эмэгтэйг сонгоод иж бүрэн дулаалгыг нь хийж өгдөг юм.

-Танайхтай яг ижил чулуун хөвөн л илүү хямдаар зарагдаад байна л даа.

-Манайхтай ижил бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд урд хөршид олон бий. Тэнд үйлдвэрээс гарч байгаа үнэ нь манайхаас өндөр үнэтэй. Учир нь ажиллах хүч урсгал зардал нь тэнд илүү үнэтэй. Тэр холоос зөөж хил гааль дээр татвар төлж оруулж ирээд “Монгол базальт”-аас хямд зарах ямар ч үндэслэлгүй. Ямар зүйл хямд байх вэ гэхлээр хулхи бараа л хямд байна. Энгийн хэрэглэгч шааран хөвөнг шууд ялгахад хэцүү. 30 хувьд нь чулуу хийгээд 70 хувьд нь хаягдал материал, шаар хийгээд оруулаад ирэхэд гааль дээр шалгаж хянадаг лаборатори алга. Энэ бүхэн хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Хэрэглэгчид үүнийг ойлгох хэрэгтэй. Бид ижил төстэй бараа биш хаягдал материалаар хийсэн дулаалгын хөвөнтэй л өрсөлдөж байгаа юм. Одоохондоо хэрэглэгчдэд үүнийг ялгаж, салгах мэдлэг алга. Шалгах лаборатори нь ч алга. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин ч байхгүй. Наймаачид хаягдал материал оруулж ирээд манайхтай ижил гээд зарж байгаа нь шударга биш л дээ. Бид гааль, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол тавьдаг. Гэхдээ энэ хоёрдугаар зэргийн асуудал. Нэгдүгээр зэргийн асуудал бол шинжлэх ухаанд суурилсан техник технологио хөгжүүлж өртгөө бууруулахад цаг заваа зарцуулсан нь хэрүүл хийснээс илүү дээр.

-Чанаргүй материалтай холбоотойгоор барилгын аюулгүй байдал хурцаар тавигдаж байх шиг. Та дотор нь байдаг үүнд бодитой хариулт хэлэх байх.

-Олон жил ийм явж ирлээ. Хэдхэн өдрийн бороонд л байрны гараажнууд усаар дүүрч, зарим газраараа суулт өгч байна. Энд тэнд барилгууд шатаж нүд ирмэхийн зуурт л үнс нурам болж байгаа нь чанаргүй барилгын материалтай л холбоотой. Барилгын компаниуд сүүлийн 10 гаруй жил л зургийнхаа авторын зөвшөөрөлгүй байшин барилаа. Миний бие өөрөө энэ зах зээлд ажиллаж мэргэжлийн холбооных нь дэд ерөнхийлөгчийн ажлыг нь хийж байна. Дотор байгаа хүний тухайд хэлэхэд хаягдал арматур, хятадыг чанаргүй цемент хэрэглэж байгаа нь барилгын чанарыг муутгаад байгаа юм. Одоо бол итали паркетаар шал дэвсэж, бүргэд хаалга, гоё жорлонгоор хуураад л орон сууцаа борлуулж байна. Гадна талыг нь гоё өнгөөр будчихна. Барилгын амин сүнс цемент, арматур, дулаалга чинь хананы цаана нуугдаад үлдчихэж байгаа юм. Хянах чиг үүрэгтэй байгууллага нь ажлаа хийхгүй, Үүний авлигал нь цэцэглэсэн байна л даа.

Нөгөө талдаа өндөр дүнтэй том зээл авсан барилгын компаниуд хямд зардлаар чанаргүй материалаар орон сууц босгож бага хэмжээний ашиг гаргаж байна. Энэ бүхэнтэй “Монгол базальт” тэмцэж чадахгүй. Чадах юм нь урдах ажлаа л тултал хийж, иргэдийн орлогод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх. Бидний үндсэн зорилго энэ. Энэ маань эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг багасгах гээд олон талын ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *