Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт зохион байгуулж байна.
Энэ нь гэр хорооллын айл өрхийн иргэд буруу галлагааны улмаас угаарын хийд хордох, түүхий нүүрс хэрэглэх болон ахуйн гал түймэрт өртөх зэрэг зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Нийт зургаан дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын нийт 700 гаруй алба хаагч үзлэг, шалгалтаар газар дээр нь ажиллаж буй юм байна. Энэхүү шалгалтад төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах аж.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.