Японы Фүкүока хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Окиноүмиг уватэнаге мэхээр давж 3 даваа, нэг унаатай байна.
Энэ башёд 12-оос дээш давбал Озэки цол хүртэх Митакэүми, Дайэйшод ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болж, цаашид унах эрхгүй болж байна. Озэки Такакейшо энэ өдөр Комүсүби Эндог хатакикоми мэхээр давж 3 даваатай болсон бол Озэки Такаясү, Комүсүби Хокүтофүжид ошидаши мэхээр унаж 2 унаатай болов. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Аойяамад хатакикоми мэхээр унаж даваа, унаа тус бүр 2 болоод байна.
Кюүшюү башёгийн Макүүчи буюу дээд зиндааны барилдаан сумочдод тун халгаатай байгаа бөгөөд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Гоэйдо, Маэгашира Томоказэ, Ичиножёо А.Ичинноров нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон. Харин энэ өдөр Сэкивакэ Точиношин, Такарафүжиг күбихинэри хэмээх ховор мэхээр ялж, унаа, давааны харьцаа 2:2 болсон ч хүнд гэмтэл авч баруун хавиргаа гэмтээж, 3 долоо хоног эмчлүүлэхээр болжээ.