Categories
мэдээ цаг-үе

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаа: Хүүгээ зодог тайлахыг мэдэж байсан ч их цочирдсон

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаатай ярилцсанаа хүргэе.

-Таныг өвөлдөө Япон руу явчихдаг гэж хүү тань хэлж байсан. Хэзээ явах гээд бэлтгээд байна даа?

-Ирэх сарын ихээр явна гээд л байж байна.

-Тэнд хэр уддаг вэ?

-“Ээж ирж хүүхэд хараарай” гээд дуудахаар нь явдаг. Өвлийн гурван сар хүүхэд харж байгаад хавар цас ханзраад ирэнгүүт л Монгол руугаа тэмүүлчихнэ шүү дээ.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Цэвэгням л гээд байхаас биш бусад хүүхдүүдийг чинь тэр болгон хүн танихгүй байх?

-Гурван хүү, нэг охинтой.Дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь Цэвэгням. Удаах нь Цэрэнсамбуу гээд хүү бий. Түүний дараагийнх нь охин Хишигсүрэн. Бага нь хүү, Лувсандорж.

-Ямар мэргэжлийн хүмүүс вэ. Хүүхдүүд тань Японд ажиллаж, амьдардаг гэж сонссон юм байна?

-Цэвэгнямын удаах Цэрэнсамбуу Налайх дүүрэгтээ ажиллаж амьдарч байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Охин Японд даатгалын компанид ажиллаж байгаа. Бага хүү Лувсандорж мөн Японд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж байна.

-Дүү нар нь ахыгаа бараадаад явжээ?

-Тэгсэн. Хоёулаа л арван жилийнхээ хажуугаар япон хэлний сургалтад явж бага сага хэлтэй болсон. Ах нь сургуулиа төгсөнгүүт л хажуудаа татаад авчихсан.Бага хүү 1999 онд явсан. Охин арван жилийн сургуулиа төгсөөд Япон явсан. Тэндээ их сургуульд сурч төгссөн.

-Бага хүү тань сумод барилдаж байсан гэсэн?

-Бага хүү Лувсандорж 1999 онд ахынхаа араас сумоч болохоор Япон явсан юм. Нэг хэсэг барилдаж байгаад 2007 онд сумогоо орхиод барилгын салбарт орсон л доо.

-Яагаад үргэлжлүүлж барилдаагүй юм бэ?

-Яахав олигтой барилдаж, дээд цолонд хүрч чадахгүйгээ мэдээд зодог тайлчихгүй юу (инээв). Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг юм гэнэ лээ. Миний хүү ах шигээ мундаг сумоч болно гэж хүсч, мөрөөдөж л байсан юм байлгүй. Сумогоо орхиод буруудсангүй ээ. Одоо сайхан ажил төрөл хийгээд сайн л яваа.

-Та Цэвэгнямыг сумод хөл тавихаас нь өмнө гагнуурчин болгохоор сургуульд оруулсан байсан юм билээ. Яагаад гэнэт сургуулиа орхиод сумо барилдахаар хүний нутгийг зорих болов оо. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүгээ наймдугаар анги төгсөхөд нь би хөтөлж яваад Налайхын ТМС-д гагнуурын ангид оруулчихсан. Хүн хоолоо олж идэх мэргэжилтэй байх нь чухал шүү дээ. Миний хүү ч сурч буй мэргэжилдээ их дуртай байсан. Тэгсэн нөхөр маань нэг өдөр телевизийн нэвтрүүлэг үзэж суугаад Монгол бөхийн өргөөнд сумод барилдах хүүхдүүдийг бүртгэж байгаа талаар зар сонссон байсан. Надад энэ тухайгаа хэлээд маргааш нь хүүгээ дагуулаад хот яваад өгдөг юм байна. Удсан ч үгүй тэнцчихсэн гээд ороод ирсэн. Нөхөр бид хоёр ажил төрөлтэй болохоор тэр болгон хүүгээ дагуулаад шалгалт шүүлгийг нь өгүүлээд явах боломжгүй байсан. Тэгсэн манай танил Долгор гээд бүсгүй бидний өмнөөс хүүг маань дагуулж бүх л шалгалтад явсан. Хамаг юмыг нь л Долгор бүтээсэн дээ. Одоо хэр Долгортоо баярлаж явдаг юм.

-Та хоёр хүүгээ хожим ийм сайхан амжилтад хүрэх сумоч болно гэдэгт их л итгэл муутай байж дээ, янз нь…

-(инээв). Залуу байж дээ.Би цэцэрлэгийн багш. Манай нөхөр санхүүгийн мэргэжилтэй. Хоёулаа спортоос хол байхгүй юу. Хүүгийн маань хувь заяа орвонгоороо өөрчлөгдөх гэж байхад нөхөр бид хоёр ажил гээд л ухаан, сөхөөгүй гүйгээд байдаг.

-За тэгээд хүү тань хүний нутаг руу явах нь тодорхой болчихлоо. Тухайн үед юу бодогдож байв?

-Анхандаа хүний нутагт очиж харийн спортоор хичээллэнэ гэхээр сэтгэлд жаахан буухгүй л байсан. Тэглээ гээд бүх шалгалтдаа тэнцээд гараад ирсэн хүүхдийг ямар явуулахгүй гэлтэй биш. Хүүгээ “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэж бодоод л явуулчихсан. Цэвэгням маань1992 оны хоёрдугаар сард анх Япон улсыг зорьж байлаа. Гадаад явах гэж байгаа гээд манайхан бүгд л хөөрөөд автобус дүүрэн хүн онгоцны буудал дээр очиж байлаа шүү дээ. Уйлалдаад л. Гаргаж өгчихөөд гэртээ ирэхэд эл хуль оргиод эвгүй л байж билээ.

-Тухайн үед хүүтэйгээ захиагаар л харилцдаг байсан биз дээ?

-Хуудас хуудсаар нь захиа бичилцэнэ. Жаргал зовлон, санагалзсан сэтгэлээ захиагаар л дамжуулна. Одоогийнх шиг ямар интернэт, гар утас гээч нь элбэг байсан биш. Холбоон дээр очиж дугаарлаж байгаад л утсаар ярьдаг байлаа. Ард баахан хүмүүс дугаарлачихна. Хамаагүй чанга ч ярьж болохгүй. Хүнээс санаа зовоод шивнэж ярина. Одоо бол яаж л бол яаж холбоо барих юм байна ш дээ. Юм хөгжинө гэдэг чинь их сайхан юм.

-Тэгсэн хэдхэн сарын дараа оргоод ирдэг…

-Наймдугаар сарын дундуур оргож ирсэн.

-Оргож ирэх тухайгаа танд хэлж байсан уу?

-Хэлж байсан. “Хүнд хэцүү бэлтгэл хийгээд их шантарч байна. Гэрээ маш их санаж байна. Эндээс оргоод очно оо ээж ээ” гэсэн захиа явуулсан.Тэгэхэд нь нөхөр бид хоёр хүний нутагт хэцүү байгаа хүүгээ ямар ирж болохгүй гэлтэй биш хүрээд ир, миний хүү л гэлээ. Тэгсэн наймдугаар сард Япон руу хамт явсан, хамт бэлтгэл хийж байсан таван хүүхэдтэй цуг оргоод ирдэг байгаа. Эхлээд дэвжээнээсээ оргож Японд суугаа Монгол Улсын элчин сайдын яаман дээр очсон юм билээ. Яамнаас нааш нь нутаг буцаасан гэсэн. Энхбатаас бусад нь оргосон гэж байсан.

-Оргож ирсэн хэрнээ эргээд Япон явсан. Тухайн үед та дургүйцэж байсан уу?

-Есдүгээр сард дэвжээний багш нь ирж бүх эцэг, эхчүүдтэй нь уулзаж ярилцсан. Хэсэгхэн хүнд үеийг л давчихвал ирээдүйтэй бөх гэж багш нь хэлсэн. Ингээд миний хүү, Батбаяр хоёр буцаж явсан. Өөрийн нүдээр хараагүй болохоор хүүгээ хичнээн зовж байсныг мэдэхгүй шүү дээ. Тэр үеийг бодвол ч одоо сэтгэл амар, хүүгээрээ бахархаад сууж байна. Амьдрал гэдэг сайхан юм шүү. Хүний хувь заяа гэж их сонин юм.

-Япончууд хүүг тань сумогийн домог гэж нэрлэдэг. Сумогийн домог маань багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Нэг их айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй. Хааяа л хичээл тасалж надад зэмлүүлдэг байлаа. Аав нь ямар хүүдээ юм хэлэх биш. Би л хаа нэг загнана. Бусдаар ч гайгүй байсан. Гэм хоргүй цагаахан зантай тийм л хүүхэд байлаа. Ер нь манайхан чинь их зөөлөн, уяхан хүмүүс ш дээ. Их бэлэн нулимстай хүмүүс.

-Хүүгээ энэ олон жилийн дараа дээд зиндаанд түрүүлэхэд хүүгээрээ үнэхээр бахархаж байсан биз. Цэвэгням гэлтгүй танай гэр бүлийнхний гол мөрөөдөл байв уу?

-Тэгэлгүй яахав. Миний хүү 17 настайгаасаа л сумо бөхөд зодоглосон хүн. Ид залуу халуун нас нь сумогийн дэвжээнд үлдсэн. Тиймдээ ч барилдаж эхэлсэн мөчөөсөө л нэг ч гэсэн түрүүлчих юмсан гэсэн бодол өөрт нь байсан нь ойлгомжтой. Насан туршдаа хүсч мөрөөдсөн амжилтаа гаргана гэдэг спортын хүний хувьд ямар сайхан зүйл болохыг үгээр хэлэхийн аргагүй болов уу. Хүү маань “Ээж ээ. Хүү нь чадлаа. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа” гэж хоолой нь зангирч ирээд л хэлсэн. Бид нар ч их хөөрсөн. Уйлах дуртай юм болохоор уйлж л байлаа. Яахав баярын нулимс юм даа.

-Хэрвээ аав нь байсан бол нулимсаа барьж чадахгүй л байсан байх даа…

-Мэдээж хөгшин минь байсан бол яаж догдолж, хөөрч гүйхийг би мэдэж байна. Аав нь байсан бол энэ олон жил барилдсан хүүгийнхээ үр дүнг нь хараад хүүгээрээ ямар их бахархах байсан гээч. Амьд сэрүүн байхдаа хүүдээ “Нөөц бололцоогоо сайн ашигла, дээд цолонд хүртэл бэлтгэл сургуулилт хий. Гэхдээ бэртэл гэмтлээс болгоомжилж сайн барилдаарай” гэж захидаг байсан. (хоолой нь зангирч, нулимс нь цийлгэнэж хэсэг чимээгүй суув)

-Сая зодог тайлах тухайгаа гэрийнхэнтэйгээ зөвлөсөн байсан уу?

-Яахав цухуйлгаж байсан. “Би дахиж барилдаж чадахгүй, дахиж амжилт гаргана гэдэг хүнд болсон ээж ээ. Би зодог тайлна” гэж утсаар ярьсан. Гэхдээ тийм хурдан зодог тайлчихна гэж бодоогүй. Долдугаар сарын башё дуусаад зодог тайллаа гэхэд нь үнэхээр цочирдсон. Эвгүй л юм билээ. Аливаа нэг юм хэмжээ, хязгаартай шүү дээ. Хангалттай сайхан амжилт гаргасан, хүү минь. Олон ч рекорд эвдлээ.Үүнээс илүү амжилт гэж юу байхав.

-Таны хүүхдүүд ихэнх нь Японд амьдардаг юм байна. Ихэвчлэн аль хүүхдийндээ байдаг вэ?

-Бага хүү, охин хоёр хоёулаа гэр бүлтэй болсон. Бага хүү нэг хүүхэдтэй. Охин хоёр хүүхэдтэй. Гэхдээ ихэнхдээ Цэвэгнямындаа л байдаг. Хүүхэд харна. Барилдаантай сард туслах бөхчүүд нь дагаад л гэрт нь орж гараад л явж байдаг. Цэвэгнямын ээж ийм хүн байдаг гээд бүр андахгүй болчихсон болохоор мэндлээд л явна. Мэндлэхээс цаашгүй юм даа. Ямар ойлголцох биш.

-Хүүгээ харь орны бүсгүйтэй гэр бүл болоход эх хүний хувьд битүүхэн эмзэглэж байв уу?

-Нэг их тийм зүйл бодогдоогүй. Үндэс угсаа л өөр болохоос биш адилхан л хүн. Тэгээд ч барилдааны бэлтгэл гээд гадуур ямар тэр болгон яваад хүн амьтантай танилцаад байх биш. Өөр сонголт байгаагүй байлгүй. Угаасаа нутаг орноосоо хол, хүний нутагт суугаа хүнд цай хоол сайтай, хайр халамжтай хүн л чухал шүү дээ. Ер нь хүүгээ гадаад хүнтэй суучлаа гэж нэг их хүндээр тусгаж аваагүй.

-Ээжүүд манай бэр цай хоол сайтай, ажилсаг гэж ирээд л магтдаг. Танай бэр ямар байна. Ёс заншил өөр хүнийг бас шүүх хэцүү болов уу?

-Манай бэр их ажилсаг. Үр хүүхэд, хань ижилдээ их халамжтай. Гэр орны арын ажлыг нь яв цав авч явдаг. Ер нь япон бүсгүйчүүд их ажилсаг шүү.

-Бэр тань монгол хэлээр хэр ярьж байна. Хэр ойлголцож байна?

-Ганц нэг монгол үгээр ярина. Ямар ч байсан орчуулагч хэрэглэхгүй ойлголцоод л байдаг. Би мэддэг хэдэн япон үгээ хэлнэ, бэр маань өөрийнхөө мэддэг хэдэн монгол үгээ хэрэглэнэ. Ингээд л ойлголцоод хэл авалцчихдаг ш дээ (инээв).

-Цэвэгнямын хүүхдүүд монголоор ярьдаг уу?

-Ярихгүй ээ. Энэ жил зодог тайлсан гээд гэр бүлээрээ ирсэн. Өмнө нь аавыгаа өөд болсны дараахан нэг гэр бүлээрээ ирээд явсан. Том охин нь гарчихсан байсан. Тэрнээс гэр бүлээрээ ирэх нь ховор. Хүү бол жил болгон л ирнэ. Гэхдээ энэ зун гэр бүлээрээ ирээд явсан. Хүүхдүүд нь хэдэн монгол үгтэй болоод буцаж байна лээ. Уг нь хүүхэд амархан хэл сурах юм билээ.

-Худуудтайгаа хэр дотно байдаг вэ?

-Манай худууд Токиогоос зайтай амьдардаг. Хааяа ажлаар Токиод ирэхдээ хүүгийнд ирнэ. Тэр үед нь хүүгээ хажуудаа суулгаж байж л худуудтайгаа хэл авалцана шүү дээ. Бүр Цэвэгням ажилтай ирж амжихгүй бол бэрээрээ дамжуулж ойлголцоно. Гэхдээ л нутаг ус нэг биш болохоор монгол хүмүүс шиг учиргүй сэтгэл санаагаа уудлаад байх яриа өрнөхгүй л дээ.

-Цэвэгням ээжийнхээ гарын хоолыг их санадаг байх даа. Таныг очихоор хамгийн түрүүнд ямар хоол хийлгэж байна?

-Цуйван хийлгэж иднэ. Ээжийнхээ гарын хоолыг их санаснаа гайхна. Дараа өдрөөс нь бууз, хуушуур гээд л хийлгэнэ шүү дээ.

-Японд хэр идээшиж байна?

-Хүүхдүүд дээрээ очдог болохоор нэг их харийн нутаг шиг санагдаад байхгүй. Японы хоол сайхан ш дээ. Гэхдээ л төрж өссөн газар, нутаг усаа их санана. Хавар болов уу үгүй Монгол руугаа тэмүүлнэ шүү дээ, энэ сэтгэл минь. Миний хүү 23 жил сумогоор барилдлаа. Цаг хугацаа гэдэг чинь харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Японы ард түмэн ч гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Үндэсний спортод нь гадны орны бөхчүүд илүүрхлээ, эзэгнэлээ гээд ямар нэгэн байдлаар гадуурхахгүй. Харин ч хайр, хүндлэлээ харамгүй зориулдаг улс юм. Миний хүүг дэмжиж, хүндэлж явдаг болохоор япончуудад баярлаж явдгаа хаана ч хэлж явах юм даа. Одоо ч гэсэн танай сониноор дамжуулж чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *