2500 гаруй жилийн тэртээ амьдарч, туурвиж бүтээж байсан эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Күнз “Хаан хүмүүн хааны ёсоор, сайд хүмүүн сайдын ёсоор, эцэг эцгийн ёсоор, хүү хүүгийн ёсоор байваас зохих бөлгөө” хэмээн хүний явдал мөрийг сургажээ. Күнзийн сэтгэлгээ, соёл нь ёс суртахууныг голлож, эш соёлыг голлон номлодог. Түүний гол цөм нь “Гурван мөрдлөг, таван үүрд” хэмээх сургаал юм. Үүнийг бас “Гурван хэлхээ, таван үүрд” ч гэх нь бий. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, доктор профессор М.Чимэдцэеэгийн 2012 онд гаргасан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэлгээ, соёл” номонд Күнзийн “Гурван мөрдлөг, таван үүрд” сургаалын талаар тайлбарласан байгаа юм. Ингээд та бүхэнд уг номонд “Гурван мөрдлөг, таван үүрд” сургаалын талаар хэрхэн бичсэнийг хүргэж байна.
“ГУРВАН МӨРДЛӨГ”
Энэ сургаал нь Эзэн хаан сайдыг захирах, эцэг нь хүүгээ захирах, эр нь эмээ захирах тухай сургаал. Нөгөөтэйгүүр Эзэн хаан сайддаа, эцэг нь хүүдээ, нөхөр нь эхнэртээ үлгэр үзүүлэх явдал юм. Хүмүүний эшийн харилцаанд хаан-сайд, эцэг-хүү, нөхөр-эхнэр хэмээсэн энэ гурван харилцаа хамгийн чухал бөгөөд энэ бол тэнгэрийн бошигоор тогтсон, өнө мөнхөд эс хувирах, захирах захирагдах харилцаа. Хаан, эцэг, нөхөр бол ямагт захирах харьцаанд оршдог аргын тал.
Харин сайд, хүү, эхнэр гурав ямагт захирагдах харилцаанд оршдог билгийн талыг илэрхийлдэг. Аргын тал нь ноёлж, билгийн тал нь ноёлогдох доод байр суурьтай байх аж. Энэхүү сэтгэлгээ, соёл нь хэдэн мянган жилийн турш олон ардын сахин мөрдөх эрхэм ДЭЭД ЁС СУРТАХУУН болон төлөвшин иржээ. “Гурван мөрдлөг”-ийн үзэл санааг бидний амьдарч буй нийгмээс харахад мэдээж хүмүүнлэг ёсны эш үзэл, ардчилсан ёсны жаяг зарчимд харшлах мэт боловч эргэж үзүүштэй, ухаж бодууштай, авч хэрэглүүштэй утга санаа, ухаан бодрол чанад гүнд нь агуулагдаж байгаа юм.
“ТАВАН ҮҮРД”
Үүнд ёс суртахууны дээд хэм хэмжээ хэмээгддэг өршөөл, журам, ёслол, мэргэн, итгэл зэрэг багтдаг.
Өршөөл-Энэ бол “Таван үүрд”-ийн эх суурь, цогц нийлбэр нь хэмээн үздэг. Нэгэнтээ гал гарч Күнзийн морины зүчээ шатжээ. Энэ үед Күнз эзгүй байжээ. Харьж ирээд гал гарч морины зүчээ шатсаныг дуулангуутаа “Хүмүүс эндэж бэртээгүй биз” хэмээн яаран асуужээ. Күнз морь, эд хөрөнгөө түрүүлж асуулгүй морь маллагч доорд зарцын бэртэж гэмтсэнийг асуужээ. Энэ бол өршөөл энэрэл. Үүний гол цөм нь “Хүмүүнийг хайрлахуй” явдал хэмээн Күнз сургасан байна.
Журам-Хүний сахин мөрдвөөс зохих ёс журмыг тодорхойлсон хэрэг бөгөөд аливаа хүмүүний үг хэл, үйлдэл явдал, сайн муу эсэх, зүй зохистой эсэхийг шүүх хэм хэмжүүр, хүн хэрхэн явбаас зохихуйг зааж сургасан номлол.
Ёслол-Ёслол гэдэг нь Күнзийн сэтгэлгээ, соёл, ёс суртахууны нэг чухал ухагдахуун бөгөөд хүмүүний явдал үйлийн хүрээ хязгаарыг зааж номлосон сургаал юм.
Мэргэн-Күнз мэргэн ухааныг бүхнээс дээдэлдэг, эрдмийг цэнгэл болгохын чухлыг эрхэмлэн номлодог байжээ. Мэргэн хэмээхийн үндсэн шинж бол үнэн худал, зөв бурууг ялган зааглаж, зөв сайн ёс суртахууныг буй болгох чадвар.
Итгэл-Итгэл бол Хятадын уламжлалт сэтгэлгээ, соёл, ёс суртахууны нэн чухал зарчмын нэг бөгөөд хүмүүн үнэнч шударга явах, үг хэл, үйлдэл ажил нэг байж, хэлж амласнаа хэрэгжүүлж чаддаг зан суртахууныг чухалчлан номлодог.
“Гурван мөрдлөг таван үүрд” хэмээх дээрх сургаал нь зуун зууны урсгал дунд нийгмийн харилцааг дээшээ, доошоо, барууншаа, зүүншээ, хөндлөн гулд хэрэн сүлжиж, дээд эзэн хаанаас доод эгэл хүн хүртэл сахин дагаваас зохих хүн хүний ажил үйлийн хэм хэмжээ, жаяг зарчим болж, Хятадын уламжлалт нийгэмд төгс, тогтолцоот шинж бүхий нийгмийн дэг журам, хүмүүсийн үйл хөдлөлийн үлгэр жишиг болон хэвшиж иржээ.
Энд нэмж хэлэхэд, Күнз гэр бүл, ураг төрлийн хүрээнд эцэг энэрэлтэй, хүү тахимдуу, дүү хүндлэлтэй, ах хайрлалтай, үр хүүхэд эцэг эхдээ ачлалтай, эхнэр нөхөр өөр зуураа эе найртай байхыг номлож, “Эцгийн амьд ахуйд зориг санааг нь ажигтун, эцгийг бие барсаны хойно явдал үйлийг нь шинжигтүн, хэрэв эцгийн сургасан ёс журмыг хэдэн жилийн дотор эс зөрчвөөс ачлалт хэмээж болох буюу” хэмээн сургасан байдаг.