Categories
гадаад мэдээ

Кристина Курчаб-Редлих: Путины албан ёсны намтар бүгд худал DNN.mn

В.Путины үнэн бодит, бүрэн намтар болох “Вова. Володя. Владимир. Орос Путины нууц” 800 хуудас ном хэвлүүлсэн Польшийн эрэн сурвалжлагч сэтгүүлч, нэрт нийтлэлч Кристина Курчаб-Редлихийн BELSAT TV-д өгсөн youtube-ийн “Путина было ужасное детство. Биограф о главе России” ярилцлагыг товчлон нийтлэж байна.


Хөтлөгч: Та “Орос Путины нууц” гэсэн ном хэвлүүлсэн байна. Энэхүү номоо яагаад Путины нууц гэж нэрлэв. Гол нууц нь яг юу вэ, түүний бага настай холбоотой юу?

-Миний номны гол зорилго бол Путин яагаад ийм харгис хэрцгий хүн болов гэсэн асуултад үнэн зөв хариулт олох явдал байсан. Хүмүүс Путиныг КГБ-ын хурандаа юм чинь харгис байлгүй яахав гэдэг. Гэтэл бүх КГБ-ийнхэн харгис байдаггүй. Жишээ нь, ОХУ-ын ерөнхий сайд агсан Геннадий Примаков, Оросын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Сергей Степашин гээд олон хүн КГБ-д байсан хүмүүс шүү дээ. Путины албан ёсны намтарт байгаа Ленинградын уугуул иргэн, тэр байтугай түүний төрсөн он, эх, эцэг гээд бүгд худал зүйл.

Ерөөс түүний намтар авах юмгүй худал хуурмаг. Үнэн хэрэгтээ Путин Уралын нуруун дахь Очёр гэх жижиг гацаанд 1950 онд төрсөн. Өнөөдөр ч энд түүнтэй овог нэг олон хамаатан, садангууд нь амьдарч байна. Түүний эх нь дайны дараа Уралын техникум төгсөж дадлага хийж байхдаа түүний аавтай танилцсан. Эх нь Путиныг төрүүлсний дараа нөхрөө эхнэр хүүхэдтэй гэдгийг мэдээд түүнээс зугтсан. Ээж нь бяцхан Путиныг Уралд эцэг, эх дээрээ орхиод өөрөө Дундад Азид ажиллахаар явсан байна. Тэнд тэр нэгэн гүрж эртэй танилцан дурлаж гэр бүл болон Гүржид очсон. Гэтэл нөгөө баянаа гайхуулаад чамайг жаргаана гээд байсан гүржийн байшин нь бүтэн шал ч үгүй ядуу зүдүү байсан аж. Гүржийн охин буюу Путины дүүг төрүүлсэн эх нь ямар ч байсан Путиныг авчруулахаар нөхрөө ятгаж чадсан байна. Ингээд энд Путины жинхэнэ тамын амьдрал эхэлсэн байгаа юм. Путиныг томроод ирэнгүүт нь гүрж хойд эцэг нь хайр найргүй зоддог байжээ. Гүржид байхдаа Путин өөрийгөө төдийгүй эхээ давхар хамгаалах чадвартай болох ёстой юм байна гэдгийг хатуу ойлгож авсан байна. Аргагүй байдалд орсон эхэд нь Путиныг зүгээр л ачаа бараа шиг Урал руу эцэг, эх рүү гээ ганцааранг нь явуулж энэ тамаас гаргахаас өөр арга үлдээгүй байна. Удалгүй өвөө, эмээ нь Путиныг хоёр хүүгийнхээ нэгийг дайнаас өмнө үлдсэнийг нь Ленинградын бүслэлтийн үед алдсан хамаатандаа өргүүлсэн байна. Өргөж авсан эцэг нь Путиныг бас л хайр найргүй зоддог байжээ.

-Тэрбээр төрсөн эцэггүй, гүрж хойд эцэг, өргөсөн орос эцэгтэй өссөн гэсэн үг үү?

-Харамсалтай нь тэр хоёр нь хоёулаа түүнийг хайр найргүй зоддог байсан.

-Гайхалтай адилхан тохиолдол байна. Беларусьчууд Александр Лукашенког эх нь дурласан цыганаас олж гаргасан гэж ярьдаг. Энэ хоёр хүн ийм ойр дотно болоход эд нарын аз жаргалгүй бага нас нь нөлөөлсөн юм болов уу?

-Би Лукашенкогийн бага нас Путиныхаас хамаагүй аз жаргалтай байсан гэж бодож байна. Түүнийг ялангуяа Путины гүрж хойд эцэг шиг аймшигтай зодож байгаагүй байх.

-Түүнд хойд эцэг ч байгаагүй л дээ. Харин Путин багадаа өлсөж байсан уу?

-Ленинградын өргөсөн эцэг нь түүнийг хайрладаг байсан гэж хэлэхэд болно. Гэхдээ маш харгисаар зоддог байсан. Түүнтэй нэг байранд хамт амьдарч байсан, одоо насанд хүрсэн хүмүүс өнөөдөр ч энэ тухай дурсан ярьцгааж байна.

-Өргөмөл эцэг нь ДХЯ-нд ажиллаж байсан…

-Тийм ээ, бас Финляндын дайнд оролцсон. Гэхдээ энэ тийм чухал биш. Энэ үеэс л бяцхан Вова гэх Путин нэгдүгээрт, эцэст нь тултал өөрийгөө хамгаалдаг байх, хоёрдугаарт, хуурах, хуурах бас дахин хуурч байх гэсэн зарчимтай болсон.

-Тэр хар багаасаа бусдыг хуурах, мөн чанараасаа өөр төрх гаргаж сурсан гэсэн үг үү?

-Путин өнөөдөр яаж байгааг нь хар л даа…

-Та түүнийг яг юу гэж тодорхойлсон бэ?

-Өнөөдөр тэр бол мэргэжлийн өндөр түвшинд худал ярьдаг дэлхийн хэмжээний ганц хүн.

-Путин Оросыг удирдсан сүүлийн 18 жилд хэн хийсэн нь тодорхойгүй олон том цуст халдлага болон янз бүрийн улс төрийн аллага гарсан?

-Би номынхоо төгсгөлд Путины оршуулгын газар руу илгээсэн талийгаачдын овог нэрсийг жагсааж бичихэд нэлээд хэдэн хуудас болж байна билээ.

-Таны “Вова. Володя. Владимир. Орос Путины нууц” ном орос хэл дээр хэвлэгдэх үү?

-Уг нь би хэвлүүлэхийг маш их хүсч байна. Гэвч ойр дотны хүмүүс маань энэ номыг хэвлүүлэх нь миний амь насанд аюултай гээд байгаа юм. Би өнөөдөр Путиныг тахин шүтэгсэд түүний үнэн бодит намтрыг уншиж, үнэнийг мэдэж, түүний яг хэн болохыг үнэнээр нь мэдэж аваасай гэж маш их хүсч байна.

BBC. CNN. REUTERS. DW. NHK. TASS-аас бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *