Categories
мэдээ цаг-үе

Кранистуудын олонхи нь эмэгтэйчүүд байна

 “Да хүрээ” явах замд кран түрээсэлдэг газар бий. Томоо гэгчийн хашаанд төрөл бүрийн кран өндөрт сүндэрлэж байна. Эзэмшигч байгууллага нь “Од мөнх” ХХК. Ямар кран түрээслэхээс хамааран өдрийн 700-800 мянган төгрөг байдаг юм байна. Ихэнх компани хэдэн сараар түрээсэлж авдаг гэнэ. Түрээслэхдээ кранистыг мөн дагалдуулна. Кранист нь техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах үүрэгтэй. Эднийд одоогоор дандаа хуучин кран бий. Орост үйлдвэрлэсэн кранууд эдэлгээ даахдаа сайн, чанартай байдаг гэсэн.

Кранистуудын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна

Хэдий хуучин ч гэлээ засвар үйлчилгээ хийгээд ямар нэгэн доголдолгүй ажиллуулдаг ажээ. “Од Мөнх” ХХК зөвхөн кран түрээслэхээс гадна кранистын сургалт явуулдаг. Арваас дөрөвдүгээр сар хүртэл гурван удаагийн төгсөлт хийнэ. Төгссөн хүмүүс ажлын байранд санаа зоволтгүй.  Компанидаа ажилд орохоос гадна бусад барилгын компанид ажилд орох боломж нээлттэй. Сургалтад 18 нас хүрсэн л бол хэн ч хамрагдаж болохоор ажээ. Кранистууд хэрхэн ажилладаг талаар “Од мөнх” ХХК-ийн кранист Н.Ганчимэгтэй ярилцлаа.

-Тээр өндөр краныг эмэгтэй хүн залж байдаг гэж санасангүй. Яаж яваад ийм мэргэжилтэй болчихов?

-Хүмүүс харин гайхаад л байдаг юм. Эрчүүд л залж байдаг юм байх гэж бодож байтал эмэгтэй хүн байсан байна ш дээ гэж уулга алдахыг бишгүй л сонсож байлаа. Хүүхнүүд эрчүүдийг бодвол илүү дайчин, тэвчээртэй. Яг кранистаар ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хүүхнүүд байгаа шүү. Барагцаалбал гурван зуугаад кранист манайд байдаг байх. Тэрний талаас илүү нь бүсгүйчүүд. Би кранист бүсгүйчүүдийгээ “Та нар минь эрчүүдээс илүү тэнгэртэй байна. Нартай, бас тэнгэртэйгээ ойрхон ажилладаг” гэж хэлээд урамшуулдаг юм. Кран чинь дотроо гурван төрөлтэй. Цамхагт буюу өндөр барилгын, вандан буюу төмөр замаар явдаг үйлдвэрлэлийн зориулалт бүхий П хэлбэртэй, авто кран гэж байдаг. Энэ гурвыгаа дотор нь бас хуваадаг. 

Миний кранист болсон түүх сонин. Аав ээж маань бага цалинтай хүмүүс. Хүүхэд байхдаа аав ээжээсээ өндөр цалинтай ажил хиймээр санагддаг байлаа. Их цалин аваад тэр мөнгөөрөө идээд дуусахгүй чихэр авмаар, хөргөгчөөрөө дүүрэн хоол ундтай гэрийн эзэгтэй байхыг хүсдэг байсан. Ийм байхын тулд яахаа мэдэхгүй байлаа. Гэхдээ урлагт дуртай юм болохоор дөрөвдүгээр ангид байхдаа Орос руу балетын сургуульд явсан юм. Жаахан хүүхэд гэрээ санаж уйлна. Яг тэр үед Орос орон кран ихтэй. Өндөр, өндөр кран их гоё харагдана. Тэнд нь дандаа бүдүүн орос авгай нар ажиллаж байна. Вера гээд л орилно. Өргөөрэй гэж байгаа хэрэг. Тэрийг хараад л кранист болох юмсан гээд мөрөөдчихсөн хэрэг.

-Хаана, ямар сургууль төгссөн юм бэ?

-Өргөх машин механизмын баазын сургалт гэж явагддаг байсан. Тэнд сурсан. Бас Орост гурван жилийн сургалтад суугаад ирж байлаа. Тэр үед олон жил сурдаг байлаа. Одоо харин 45 хоногийн курсээр л кранист болоод төгсөж байна. Тухайн үед намайг сургуулиа сонгох гэж байхад хуульч, эрхзүйч, гоо засалч гээд зөндөө л анги байсан. Кранист болно гэж зүтгэсээр олон хөвгүүдийн дунд ганц охин төгсөж байлаа. Крантай амьдралаа холбоод 24 жил болж байх шив.

-Тэр өндөрт ажиллахад толгой эргэвэл яах вэ?

-Агаар сайтай  л даа. Дээр ажиллаж байгаад буугаад ирэхэд дотор давчдаад байдаг. Цонхоороо эргэн тойрноо хараад сайхан байдаг юмаа. Их өндөрт ажиллаж байхад хаана, аль зам түгжирч байна вэ гэдгийг харна даа. Өндөрт ажиллаад дасчихсан байдаг учраас толгой эргэх тохиолдол ховор. Ер нь кранист хүнээс мэдрэмж их шаарддаг. Тухайн зүйлээ өргөж байхдаа моторынхоо дууг сонсоно. Доороос өгч буй хүний дохиогоор буулга гэсэн газарт нь буулгана. Заримдаа харагдахгүй газар буулгах үе ч байна. Аюулгүй ажиллагаанд мэдрэмж хэрэгтэй.  

-Гэнэт бие муудвал буулгаж авах уу?

-Аль болохоор өөрийгөө тайвшруулна. Бүр сандраад болохоо байлаа гэхэд станцаараа хэлнэ. Дохиогоо өгнө. Хүн ирээд буулгаж авна гэсэн зүйл байхгүй. Тиймээс өөрийгөө тайвшруулаад л суух байх даа. 

-Краны кабин дотроо ямархуу зайтай вэ. Нам суугаад л байх уу?

-Орос кранууд машины кабин ямар байдаг билээ, тиймэрхүү. Хятад кран бол суулаа, дүүрлээ. Босож зогсоно гэсэн ойлголт байхгүй. Ажилтай үед өрөөндөө сууж л байхаас аргагүй. Би кабинаа өрөө гэдэг юм. Амьдралын минь ихэнх цаг тэнд өнгөрч байна. Миний ажлын өрөө л гэсэн үг биз дээ.

-Өлсвөл, бас бие засмаар байвал яах вэ?

-Бидний ажил ихэнхдээ өглөөний 05 цагаас эхэлдэг. Өглөөний нар мандахыг харж кабиныхаа тавцан дээр зогсож байгаад ажилдаа орно. Нарнаас сайхан энерги авдаг юм. Дээшээ гарахдаа уух ус, хэрэг болох ганц нэг зүйлээ аваад гарчихдаг юм. Ам цангавал тэндээ усаа буцалгаад зөгийн бал хутгаад уучихна. Цайны цагаар доошоо бууж хоолоо иднэ. Бие засахдаа ч гэсэн буухаас өөр аргагүй. Заримдаа троссоор хоолоо аваад идчихнэ.

-Өгсөж, уруудахдаа яадаг юм бэ?

-Яах юу байх вэ. Шатаараа л авирч, уруудна шүү дээ. Хоёр гарын алга л юу ч үгүй болтлоо эвэршдэг юм даа. Өвлийн хүйтэнд хүйтэн төмөрнөөс тас зуураад дээшээ өгсөнө. Гар хөлдөх тохиолдол гарна. 

-Кабин руугаа гарахдаа хамгаалалт хийдэг үү. Хөл алдвал тэгээд дуусаа биз дээ?

-Сүйдтэй хамгаалалт байхгүй дээ. Хүмүүс циркийнхэн шиг олсоор бэхэлж гардаг гэж боддог шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Ингэж ажиллаж байж л хоолоо олж идэж байгаа учраас анхаарал болгоомжоо дээд цэгт нь төвлөрүүлж байгаад дээшээ авирна. 

-Цамхагт кран хэдэн метрийн өндөртэй байх уу. Хэдий хэрийн хугацаанд өгсөх вэ?

-12, 14 давхар байшингийн хэмжээнд явж очно гэсэн үг. Яарсан үед нэг мэдэхэд л дээр нь гарчихсан байдаг. Тайван бол ийш тийшээ хараад 10 минутанд гарах жишээтэй. Гэхдээ яарч болохгүй. Доороос хурдлаарай гээд орилоход тэвдэж болохгүй. 

-Кабиндаа олон цаг суухаар уйдах уу?

-Уйдах зав бараг гарахгүй дээ. Ном аваад гарчихдаг юм. Бас жижигхэн зурагт, хөгжим зэргийг аваад орчихно. Дээхнэ үед нэхмэлийн утас, зүү аваад орчихдог. Суудлынхаа бүрээс, малгай, ороолт, бээлий гээд ойр зуурын зүйлээ нэхдэг байлаа. Одоо харин утас, зүү барьж орж байгаа хүн харагдахгүй юм. 

-Ном уншиж, зурагт үзэх зав гардаг юм уу?

-Ачаа буулгаж байхад, бас өргөхөд бэлэн болгож байх хооронд л амжуулна.

-Цаг агаар гэнэт муудаад, хүчтэй салхилах эсвэл мөндөр ороход яадаг вэ?

-Бид нар чинь өөрөө өөртөө цаг уурч. Ажилдаа гарахдаа цаг агаарын мэдээ байнга үзнэ. Ерөнхийдөө үүлээ хардаг юм даа. Маш хүчтэй шороон болон цасан шуурга шуурвал ажлаа зогсоодог. 

-Удаан суухаар нуруу, хөл хөшнө биз?

-Тэгэлгүй яахав. Бид нар чинь тэгшхэн суугаад байхгүй. Өндрөөс доошоо харж байнга хагас бөгтийж сууна. Суудлын өвчинтэй болчих гээд байдаг юм. Гэхдээ өрөөндөө байхдаа биеэ чилээхгүйн тулд хөдөлнө. Хөгжмөө асаагаад тэрүүхэн тэндээ бүжиглэнэ. Чадахаараа хөдөлж байхгүй бол хэцүү. Гэхдээ миний мэргэжил сайхан. Кранист болсондоо баярладаг. Хүмүүсээс өндөрт, тэнгэрт ажиллаж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг эргээд бодоход бахархмаар. 

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ. Өндөрт ажилласных нэмэгдэл ихтэй биз?

-Үндсэн цалин 800 мянга. Илүү цаг нь найман мянган төгрөг байдаг юм. Гэхдээ манай компани л илүү цагийн мөнгийг өндөр өгдөг юм билээ. Бусад газрын илүү цаг 5-6 мянга байдаг гэсэн.

-Та хэдэн барилга дээр ажилласан бол?

-Ёстой тоолж байгаагүй юм байна. Тэмдэглэж авсан бол овоо л тоо гарах байсан биз ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *