Ковидын дараахь шинж тэмдэг хүмүүст хэрхэн илэрч, яаж эмчлүүлж байгааг сурвалжлахаар БЗД-ийн арваннэгдүгээр хороонд байрлах Алт Болд төвийг зорилоо. Энэ төв нь амралт, сувилахуйн чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дан сувиллаар 2019 оноос иргэдэд үйлчилжээ. Нярай хүүхдээс авахуулаад бүх насныхныг сувилдаг 20 гаруй ажилтантай “Алт Болд” мэдрэлийн эмнэлгийн харьяа сувилал юм. Мэдрэлийн эмнэлэг нь анх 1992 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй ажээ.
Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орох замд буюу Хонхорт тус төв байрладаг. Ингээд тус төвд очиход үүдэндээ код бүхий хаалгатай харуул хамгаалалт нь чанга юм. Түргэвчилсэн тестээр ковидын шинжилгээ авч, сөрөг гарсан болохоор дотогш нэвтрүүлэв. Хашаан дотор нь ороход үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан тохижилтыг маш сайн хийжээ. Шинжилгээ авч оруулсан хүн өөрийгөө байгууллагын сувилагч хэмээн танилцуулаад зам зааж урд алхав. Дагаад алхахдаа орчин тойрныг шинжлээ. Лав л хэд хэдэн адилхан өнгөтэй байшин, усан оргилуур бололтой чулуугаар өрсөн хөшөө, динозаврын баримлууд, дээгүүрээ төмөр дээвэр барьж шилээр бүрхсэн монгол гэр, хайс хатгаж адилхан хэмжээтэй зайтаагаар тарьсан моднууд, хүүхдийн тоглоомын талбай гээд маш олон зүйл харагдаж байв. Ингээд тус төвийн өвлийн байр болох гурван давхар ногоон барилга руу орлоо. Дотроо маш цэвэрхэн, үүдээр нь дүүрэн цэцэг, ургамал тарьж байрлуулсан нь нүдэнд шууд тусав. Ариутгал хийлгээд дээш гуравдугаар давхрын менежерийн өрөөнд замчлуулан орлоо. Сувилахуйн албаны менежер, сувилагч О.Мишээл өөрийгөө танилцуулаад эмчилгээний өрөөнүүдээрээ дагуулж явав. Уламжлалт нөхөн сэргээх бариа засал, сүүн бариа, ванны эмчилгээнүүд, асаргаа сувилгааны өрөөнүүд, давсан эмчилгээний өрөө, хануур төөнүүр, зүүн эмчилгээний өрөөнүүдээ, мөн физик эмчилгээний 8-9 төрлийн аппаратуудаа бүгдийг нь нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөв. Эдгээр аппаратууд нь бүгд орчин үеийн шинэлэг, Солонгос улсаас оруулж ирсэн технологи ажээ. Эмчилгээ сувилгааны өрөө, аппарат нь бүгд үйлчлүүлэгчидтэй, зарим нь ээлжээ хүлээн сууж байлаа. Сувилагч О.Мишээл ярихдаа “Манайх ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг 2021 оны гуравдугаар сараас эхлэн хийж байгаа. Үе мөч, астам, бөөр нуруу, түрүү булчирхай, уушгинд өөрчлөлт орсон, бодисын солилцоо сайжруулахад чиглэгдсэн тус тусын үүрэгтэй аппаратуудтай. Эдгээр аппаратуудад үйлчлүүлэгч ороод бариа засал эмчилгээ, сүүн бариа, ванн эмчилгээнүүдтэй хавсраад ирэхээр ковидын дараахь зовиуртай эмзэгшилтэй хүмүүст үр дүнтэй байгаа.
Ковидын шинж тэмдэг мэдрэл талдаа их илрээд байгаа. Мэдрэлийн эмч нар маань Монгол Улсын зөвлөх доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, Мэдрэлийн Их эмч Б.Номиндалай нар бий. Хоёр эмчид үзүүлээд оношоо тогтоолгоод нааш ирдэг” гэв.
Ковидын дараа хүмүүст илэрч байгаа шинж тэмдгүүд нь толгой өвдөх, бачимдах, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх нь зөвхөн ахмад настай гэлтгүй ковид туссан хүн бүрд насны хувьд харилцан адилгүй илэрч байгаа аж. Мөн дээр нь үе мөч янгинах, хөдөлмөрийн чадвар 60-70 хувь хүртлээ буурах, ядарч сульдах, ажлын ачааллаа дийлэхгүй болох, мартах, цус өтгөрөх шинж тэмдэг маш их байна. Ковид ихэвчлэн хүмүүсийн бөөрийг гэмтээж, бөөрнөөс шалтгаалсан даралт ихсэлт залуу хүмүүст их байгаа гэнэ.Давсан эмчилгээний өрөө амьсгалын замыг цэвэрлэх бөгөөд астамтай, архаг нойргүйдэлтэй, даралт ихтэй хүмүүс хөл нүцгэн гишгэж явах нь сайн гэнэ. Долгионы хордлого гэж яригддаг wifi, утасны туяаны хорыг гадагшлуулах үүрэгтэй. Эсрэг заалт гэж байхгүй, бүх хүн орж болдгоороо давуу талтай юм байна.
Бариа заслын эмчилгээ хийлгэж байсан үйлчлүүлэгч Д.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Та энэ сувилалд хэзээ хэвтэв. Анх ямар шинж тэмдэгтэй ирсэн бэ?
-Хэвтээд арваад хонож байна. Өнөөдөр сүүлийн эмчилгээгээ хийлгээд маргааш гарна. Ковид туссанаас хойш ер эдгэрэхгүй байнга ханиалгах, цээж маш их цэртэй, шөнө унтаж чадахгүй ханиалгана. Түүнээсээ болоод нойргүйдэлд орсон гэсэн шинж тэмдэгтэй ирсэн.
-Хэзээ ковид туссан юм бэ. Ямар эмчилгээ хийлгээд эдгээгүй вэ?
-2021 оны долдугаар сард ковид туссан. Ажил ихтэй болохоор тогтвортой сайн эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар урхагшаад байнгын ханиалгах болсон. Тэгээд бүр тэсэхээ байгаад үзүүлээд яаралтай сэргээн засах эмчилгээ хийлгэх заалттайгаар наашаа ирсэн.
-Энд ирээд ямар эмчилгээ хийлгэж байна. Одоо бие нь хэр сайжрав?
-Физик эмчилгээнүүд, бариа засал, хулсан ванны эмчилгээ гээд өдөрт 8-10 эмчилгээ хийлгэж байгаа. Эхний 5-6 өдөр эмчилгээндээ юм уу, архаг хууч нь арилж байгаа нь тэр юм уу маш их ядарсан. Таарсан газраа л унтаад баймаар, нойроо дийлэхээ больсон. Одоо илрээд байсан бүх шинж тэмдгүүд арилж цээж онгойгоод сайхан болсон. Байнгын толгой өвдөж, дотор бачуурч, зүрх дэлсээд ханиаж байсан нь алга боллоо.
-Таныг гэр бүлээрээ хэвтсэн гэж дууллаа. Хүүхэд тань хэдэн настай вэ, ямар эмчилгээнүүд хийж байна вэ?
-Манай хүү 13 настай. Бас цуг ковид тусаад эдгэсэн. Тэгсэн ч хичээлдээ явах дургүй. Шөнө унтахгүй, өглөө босохгүй ядарч байна гэнэ. Толгой өвдлөө, юмаа мартлаа гэж байнга ярих болсон. Энд ирээд ванны эмчилгээнүүд, сүүн бариа, ясны шөлөн бариа, давсан эмчилгээ хийлгээд сайн унтдаг болсон. Нүд нь анивчхаа болиод байна. Ер нь эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Дээрээс нь хоол унд маш сайтай, өдрийн зургаан хоолтой, хоолоо барахгүй. Заримдаа хоолоо барахгүй үлдээхээр тогооч нь гүйж ирээд танд манай хоол таалагдаагүй юү. Юу нь болохгүй болохоор үлдээв. Юугаа бид засч сайжруулах вэ гэж асууна. Үгүй ээ, таалагдаагүйдээ биш барахгүй цатгалан байсан юм аа л гэнэ. Эмч ажилчдын харилцаа хандлага маш сайтай. Манай гэр бүлийн таван хүн цуг эмчлүүлээд, ковидын дараахь бүх шинж тэмдгүүд арилаад үнэхээр сэтгэл өөдрөг сайхан болоод байна хэмээв.
Энд сувилуулахаар ирсэн хүмүүс мэдрэлийн эмнэлгээр нь дамжуулж ирдэг болохоор шаардлагатай бүх шинжилгээнүүдийг эмнэлэгт нь авчихдаг. Тэгээд шинжилгээнийхээ хариуг бариад ирдэг аж. Харин хөнгөн заалттай үйлчлүүлэгчдээ шууд хүлээн авдаг юм байна. Биедээ ямар нэгэн төмөр суулгацтай, даралт хэт өндөртэй, зүрхний хэм алдалттай, ямар нэгэн мэдрэлийн уналттай хүмүүст физик эмчилгээ хориотой байдаг гэнэ. Эдгээр өвчтөнүүдэд түлхүү асаргаа сувилахуйн эмчилгээ буюу хөлийн усан массаж, хөлийн асаргаа, нүүрний иллэг, бүтэн биеийн зөөлөн иллэг, халуун биш эмчилгээнүүд, зарим тохиолдолд зөвшөөрвөл сүүн бариа хийхэд биеэс хорыг сайн гадагшлуудаг гэнэ. Нэгэнт ковид туссан, ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол хамгийн гол эмчилгээ нь давсан болон хүчилтөрөгчийн эмчилгээ гэнэ. Том хүмүүс ковид туссаны дараа ямар нэгэн шинж тэмдэг мэдрээд эхэлдэг бол хүүхдүүд мэддэггүй. Рефлексээрээ тоглоод яваад байдаг ч аажимдаа нүд нь анивчих, тархи толгойгоо сэжлэх, хэт их ачааллаад ирэхээр цонхийх,нүд тойроод хөхрөх зэрэг мэдрэлийн шинж тэмдгээр илэрнэ. Үүнийг нь эцэг эхчүүд сайн анхаарч ажиглах ёстой. Мөн ковидын сендром 3,4,5,6 сар үргэлжилж байгаа хүмүүс их байна гэв.
Алт Болд төвийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч Э.Хатансүрэнтэй ярилцлаа.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар шинж тэмдэгтэйгээр ирж байна вэ?
-Ковид тусаад эдгэсэн хүмүүс амьсгалын замын буюу уушгины асуудалтай хүмүүс ирдэг. Уушгиндаа сүүдэртэй, ханиалгана, ядрах сульдах, дархлаа унасан хүмүүс их ирнэ. Ковид өөрөө дархлааны системийг гэмтээдэг, цус өтгөрөлттэй, тамир тэнхээ сульдсан, маш их хөлөрнө. Хэдэн сараар хөлөрч байна, хөлрөлт зогсохгүй байна гэсэн хүмүүс их ирдэг. Эхлээд халуун эмчилгээнүүдэд орж хөлөргөсний дараа бариа заслын эмчилгээнүүд буюу хөлсний сүүлийг таслах эмчилгээнүүд хийдэг.
-Арав хоног нь нэг курс болдог гэж байна. Курс эмчилгээ хийлгэсний дараа хүмүүс хэр сэргэдэг вэ?
-Ерөнхийдөө ковид тусаад эдгэсэн хүмүүсийн царайны төрх нь өөрчлөгдсөн байдаг. Ядарсан, нүдний гал цог буурсан харагддаг. Арав хоногт манайх бүтэн биеийн бариа засал 4-5 удаа, ванны эмчилгээнд гурав, сүүн барианд гурван удаа, дундуур нь асаргаа сувилгаа, физик эмчилгээ,чулуугаар эмчлэх, нурууны татлага буюу массажны ор, хөлийн цахилгаан зүү, давсан эмчилгээ хийдэг. Давсаар хүний биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нөхөж өгнө. Амьсгалын замыг сайжруулдаг. Ковид амьсгалын замыг гэмтээдэг учраас амьсгалын замыг цэвэрлэх, агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг нөхөж өгөх зориулалттай. Түүний хажуугаар нүүрний эмчилгээ, толгойн усан бариа, хөлийн цэгэн бариа хийдэг. Тэгэхээр арав хоногийн дараа хүний арьсны өнгө өөрчлөгдөнө. Хөлс гоожихоо болино. Булчин шөрмөсний үйл ажиллагаа доголдож, цусны эргэлт багасдаг учраас бариа заслаар бүх эд эсийг нөхөн сэргээх зориулалттай. Арав хоногийн дараа өвдөлт намдсан, булчингийн чангарал суларсан, арьсны өнгө сайжирсан ажиглагддаг. Гол нь сэтгэл санаа өөдрөг болдог. Хүмүүс ковид туссан гээд маш их стресс бухимдалтай ирдэг. Сэтгэл санаа талаас нь ярилцах, зөвлөгөө өгч, эмчилгээнүүдээ тайлбарладаг.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг та хэр удаан хийж байна. Энэ хугацаанд нөхөн сэргээд гарсан хүмүүс эргээд туссан тохиолдол гарсан уу?
-Тийм тохиолдол гараагүй. Ковидын дараахь нөхөн сэргээлтээрээ л ирж байгаа. Ковид тусаад нэг сар, 4,5,6 сар болж байна. Эдгэчихээд байхад дархлаа тамир тэнхээ сэргэсэнгүй, цус өтгөн хэвээрээ байна гэх хүмүүс их ирдэг. Манай мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд, тариа дусалтайгаа ирвэл мэргэжлийн эмч сувилагч нар тариа дуслыг нь хийгээд өгнө. Тэгэхээр цусны эргэлт ямар байна, цусны өнгө ямар байна гэдгээс нь шалтгаалаад мэдрэлийн эмчилгээгээ давхар хийхээр цусны эргэлт сайжирч, цусны өнгө ч өөрчлөгддөг. 2021 оны гуравдугаар сараас эхлэн манайх ковидын дараах эмчилгээ сувилгааг үзүүлж байна.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг нэг хийлгээд болчих уу, байнгын давтамжтай хийлгэх үү?
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг хийхэд манайх эдгэсний дараа долоо хоног болоход хүлээж авдаг. Тухайлбал, эдгэсний дараа халдварлах чадваргүй болсон үед нь манайх авч эмчилнэ. Хүмүүсийнхээ насны онцолгоос хамаараад дараагийн ирэлтийг нь тодорхойлно. Залуу хүмүүс өөрийнхөө ядаргаа сульдааг тайлуулах, цусны эргэлтээ сайжруулах зорилгоор зургаан сардаа нэг удаа ирэх боломжтой. Ахмад хүмүүс гурван сардаа нэг удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно.
-Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа дахин ковид тусах магадлал буурах уу?
-Буурна. Эмчилгээ хийлгэж гараад биеийн байдал сайжирч байгаа учраас ажлын ачааллаасаа шалтгаалаад дахиад өвчлөх магадлалтай. Ажлын ачаалал их хамаардаг. Давтамжтай өвчилж байгаа хүмүүс сэргээн засах эмчилгээ хийлгэж чадаагүйгээс хамаарч байна гэсэн үг.
Эмчийн өрөөнөөс гараад үйлчлүүлэгчдийн амралтын өрөөг сонирхлоо. Нярай хүүхэдтэйгээ эмчлүүлж байгаа Г.Баасанжаргалтай ярилцлаа.
-Та хэзээ ковид туссан бэ. Эдгэрсэн ч ямар нэгэн зовиур илэрч байсан уу?
-Хоёрдугаар сарын эхээр надад ковидын шинж тэмдэг илрээд шинжилгээ өгтөл эерэг гарсан. Би төрөөд сар болоогүй нялх хүүхэдтэй болохоор гэрээр эмчлүүлсэн юм. Өрхийн эмнэлгээсээ багцаа аваад хүүхэд халдвар аваагүй болохоор өөрийгөө тусгаарласан. Тав хоног болоод вирус нь халдварлах чадваргүй болчихдог гээд хүүхэдтэйгээ хамт байлаа. Гэтэл ерөөсөө л эдгээгүй юм шиг болж өгөхгүй байсан.
-Ямар шинж тэмдэг илэрч байв?
-Би нэг их халуураагүй. Гэхдээ нус байнгын гоожиж, ханиалгатай. Байнгын толгой болон хоолой өвддөг. Орой болохоор хоолой боочих гээд байгаа юм шиг эвгүй оргино. Тэгээд арав хоногийн дараа дахин өрхийн эмнэлэгтээ цээжээ чагнуултал дүүрэгт хэвтэх бичиг хийгээд өгье, хэвт гэсэн. Тэр бичгийг нь аваад хэвтэхээр очтол ор байхгүй хэвтүүлэх боломжгүй гэсэн. Тэгээд гэрээр эмчилгээ бичиж өгсөн. Уушгиа харуулъя гэтэл нялх хөхүүл хүүхэдтэй гээд рентгенээр цээж хардаггүй юм билээ. Цагийн тариа бичиж өгснийг нь өрхийн эмнэлгээрээ хийлгээд бас л шинж тэмдгүүд арилахгүй хэвээрээ байсан. Дахин өрхийн эмнэлэгтээ очтол та хэвтэхгүй л бол болохгүй нь гээд хэвтэх эмнэлэг хайсаар байгаад энэ сувиллыг коронагийн дараах эмчилгээ хийж байгаа гэхээр нь ирсэн юм.
-Одоо та ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Бариа засал, ванны эмчилгээнүүд, физик эмчилгээнүүд, давсан өрөө, сүүн бариа, толгойн усан бариа, хөлийн массаж гээд маш олон эмчилгээ хийлгэж байгаа. Хажуугаар нь миний уушги сүүдэртэй хатгаатай ирсэн. Давхар тариа, дуслын эмчилгээнүүдээ хийлгэнэ. Манай жирэмсэн эгч бас надтай цуг корона тусаад эдгэхгүй байсан. Энд цуг хэвтэж байгаа, одоо эмчилгээндээ орчихсон байна.
-Жирэмсэн эгчид тань ямар эмчилгээ түлхүү хийж байна вэ?
-Жирэмсний бариа, сувилахуйн эмчилгээнүүд, давсан эмчилгээ, хүчил төрөгчийн аппаратуудад орох зэрэг эмчилгээ хийж байгаа.
-Хүүхдэд тань ямар эмчилгээ хийж байна вэ?
-Сүүн бариа, ясны шөл, хар цайнд оруулах, ванны эмчилгээнүүд ихэвчлэн хийдэг юм байна лээ. Би төрөөд сар болоогүй ковид тусчихсан. Анхны төрөлт гээд маш их сэтгэл санааны хямралтай. Эмч нар маань ойлгож ярилцаж, сэтгэл зүйг хүртэл эмчилж өгч байна. Нөгөөдөр миний эмчилгээ дуусаад гарна. Сэтгэл санаа хүртэл тайван сайхан болоод байгаа.
-Танд одоо ямар нэгэн зовуурь байгаа юу?
-Одоо бүх шинж тэмдгүүд арилсан. Сэтгэл санаа ч өөдрөг, хүүхдээ асрахад стрессгүй боллоо. Төрсний дараахь хямралаа ч даван тууллаа. Үйлчилгээ маш сайтай газар юм. Өдөрт бараг 8-10 эмчилгээ хийдэг. Заримдаа өнжье гэхээр эмч нар болохгүй, эмчилгээ тасалбал үр дүнгүй гээд өөрсдөө ирж гуйна. Эмч, ажилчдын харилцаа хандлага сайн. Дээрээс нь хоол унд сайн, чанартай юм байна гэв.
Үйлчлүүлэгчдийн өрөөнөөс гараад гадна орчныг сонирхов. Хашаандаа жил бүр тохижилт хийдэг. Бичил ой байгуулахаар байгуулагдсан цагаасаа эхлээд мод тарьж эхэлжээ. Зуны зочдын байр, зочид хүлээн авах гэр, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, бичил усан оргилуур гээд байхгүй юм алга. Өөрсдийн жижиг хүлэмжтэй. Тэндээ ногоо тарьж үйлчлүүлэгчдийн хоолны хэрэглээг намар, өвөлдөө өөрсдөө хангачихдаг юм байна. Үнэ ханшийн хувьд ахмадын хөнгөлөлттэй эрхийн бичгээр үйлчлүүлэхээр бол 100 мянган төгрөг үйлчлүүлэгчээс гарна. Халамжийн төвөөс 200 мянган төгрөг тухайн сувилалд өгч, хоногийн 30 мянган төгрөгөөр амардаг. Үүнд өдрийн таван хоол цайтай. Зөөлөн хэсгийн бариа хийлгэж, физик эмчилгээний аппаратуудад орно. Харин ковидын дараахь шинж тэмдгийн эмчилгээ сувилгаа талдаа ахмадуудад өдрийн 100 мянга, залуучуудад хоногийн 120 мянга, хүүхдүүд хоногийн 33-43 мянга, нярай болон нялх хүүхэд үнэгүй эмчлүүлдэг юм байна.